Шууд Chart

Магсарын Даваа гэж ...

2022-01-14 14:21:53

Магсарын Даваа хэмээх хаана явсан газраа инээд хөөр түгээж явдаг хөгжилтэй, наргианч залууг эчнээ таньдаг болсноос хойш хэдийнэ 10-аад жил болжээ. Нэг цаг үед амьдарч байгаа нас залуу хүмүүсийн хувьд цахим орчноор санал бодлоо солилцоно. Хааяа түүний оруулсан хөгжилтэй бичвэрүүдийг уншиж ажлын стрессээ тайлна гэхчлэнгээр нүүр тулж уулзсан нь цөөн. Гэвч зах хязгааргүй нийгмийн сүлжээнд бид хоёрын харилцаа огт тасарсангүй. Түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

Тэрбээр, ТЗДС-ийг Ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд одоо Сайншанд өртөөний жижүүрээр ажиллаж буй. “Юуны өмнө МҮОНРТ-ийн www.mnb.mn сайтын хамт олон эгэл жирийн төмөр замчин залуу намайг тоож ярилцлага авч байгаад туйлаас их баяртай байна, баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бажиг овогт Магсарын Даваа гэдэг. Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн” хэмээн мөнөөх л дотно зангаараа халуун яриа өрнүүлсэн юм.

Тэрбээр, жирийн нэгэн гэр бүлд өсөж хүмүүжжээ. Багаасаа л олон секц дугуйланд явж өөрийгөө олох эрэл хайгуулд мордсон сэргэлэн, санаачлагатай хүүхэд байж. Хамгийн анх тавдугаар ангид байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж. Дараа нь, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөгөөр давгүй сайн тоглодог байсан гэнэ. Ер нь, дунд сургууль төгсөн төгсөтлөө урлагаар явсан. Одоо ч урлагийн салбарт өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой гэж хуучиллаа. “Төгс эзэмшсэн төрөл байхгүй ч бүх юмны захтай, спортын  төрөлд ч бусдаас хоцрохгүй хэмжээнд хүрч чадсанаараа жаахан онгирдог шүү” гээд инээмсэглэсэн.

Түүнд аав нь “Хүний хүнийг хайрлаж байж бусдын хайрыг татдаг юм шүү” хэмээн хэлдэг байсан бол ээж нь “Олонтой яваарай” гэж захьдаг байжээ.

Тэрбээр жүжигчин эсвэл гал сөнөөгч болох мөрөөдөлтэй явжээ. Гэвч түүний хувь тохиол нь байсан уу ЭЕШ  өгдөг жилээ СУИС-ийн элсэлтээс хоцорчихсон байна. Тэгээд хувийн сургуульд орж байснаас хавьгүй дээр гэж бодсондоо Төмөр замын МСҮТ-д элсжээ. Тэр үед нэг жилийн хугацаатай МСҮТ анх байгуулагдаж байж. М.Даваа машинчийн ангид элсэх гэсэн ч тухайн ангид хуваарь байгаагүй учир вагон үзэгчийн ангийг сонгожээ. Ийнхүү вагоны толгой гэж ярьдаг төмөр замын талаар ямар ч ойлголтгүй хүүхэд ирээдүйд ажиллаж, амьдрах салбарынхаа алтан босгоор алхан оржээ.

“Жирийн хүмүүс төмөр замын мэргэжлийг машинч, вагон үзэгч хоёроор л төсөөлдөг юм шиг билээ. Намайг вагон үзэгчийн ангид элссэн гэхэд ойр тойрны хүмүүс “Нөгөө вагоны дугуй тогшоод байдаг мэргэжил үү” гэхчлэнгээр асууж байлаа. Миний оноо хамгийн өндөр нь байсан болохоор тэр жил элссэн хүүхдүүдээс хоёрт жагссан. Өндөр оноотой хүүхдүүдийг өртөөний жижүүрийн ангид шууд автоматаар оруулж ёстой л “Төөрсөөр төрөлдөө” гэдэг шиг өнөөгийн мэргэжлээ сонгосон доо. “Вагон үзэгчийн ангид оруулчихжээ” гэж ярьтал аав минь “Зүгээр, зүгээр. Миний хүү сайхан мэргэжилтэй болж” гэж билээ. Жижүүр гэдгийг би сургууль цэцэрлэгийн манаачаар л төсөөлж байлаа. Галт тэргээр явж байхад өртөө зөрлөг дээр шар дарцаг барьсан хүмүүс гарч ирээд зогсоход нь “Энэ хүмүүс юу хийх гэж энд амьдардаг байна аа” гэж боддог байсан ч удалгүй тэр шар дарцгаа бариад зогссон доо. Юм гэдэг их сонин шүү” гээд хөгжилтэй инээсэн юм.

Алсын удирдлагатай анхны автомат зөрлөг ашиглалтад ороход М.Даваа тэнд шинэхэн жижүүр ажиллаж байсан санагддаг юм. Би тэгэхэд сурвалжлагаар очоод зураг авч байлаа. Энэ тухайгаа тодруулахад “Тийм ээ, та буруу санаагүй байна. Миний хувь тавилан анхны гэдэг тодотголтой юм бүхэнтэй холбоотой байдаг шиг санагддаг. Анхны 11 жилийн анги. Анхны МСҮТ, анхны алсын удирдлагатай зөрлөг, анхны нефтийн үйлдвэрийн төмөр замын нээлт гээд миний оролцсон анхны юм бүхэн сайхан байдаг. Алсын удирдлагатай зөрлөг болох 36 дугаар зөрлөг 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийж байлаа. Их сайхан санагддаг шүү. Анхны галт тэрэг явах дохио нээсэн хүн нь би. Хүн бүрийн царайнд баярын инээмсэглэл тодороод л алга ташаад л сайхан байсан. Төмөр замын нэгэн сайхан түүхийн гэрч болсон доо өнөөдрийг хүртэл бахархаж явдаг. Ажлын гараагаа Замын-Үүд өртөөний галт тэрэгний найруулагчийн туслахаас эхэлсэн. Дараа нь Сайншанд өртөөний харьяа Алтганы гол зөрлөгт жил зургаан сар, Агьсүмбэтэд өртөөний жижүүр, томилолтын жижүүрээр долоон жил ажиллаад, 2017 онд Сайншанд өртөөнд галт тэрэгний найруулагчийн туслах, найруулагч, бэлтгэл жижүүр, өртөөний жижүүрээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх ажилд орохдоо авсан сургамж одоог хүртэл санаанаас гардаггүй юм. Би сургуулиа төгсөөд Замын-Үүд өртөөнд галт тэрэгний найруулагчийн туслахаар ажилд ороод сар гаруй болж байлаа. Жинхлээд удаагүй. Тэр жил Дорнын их хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 200 жилийн ой болж байсан юм. Яг чухал өдөр нь ажлын хуваарь гараагүй байхаар нь нэг найздаа “Найз нь маргааш гараатай юм шиг байна чи найзынхаа оронд гарчихаарай” гэж хэлээд ой үзэхийн далимд 10 жилийн ангийнхантайгаа уулзахаар төлөвлөж, Сайншанд явсан. Бас л дураараа биз (инээв). Маргааш нь, шөнийн гараагаа хийгээд өглөө нь буутал “Дарга чамайг дуудаж байна. Хатуу хуваарь зөрчсөн. Шуурхай зөвлөгөөнтэй гэж байна” гэв. Шуурхай гэж юу болохыг мэдэхгүй, дөнгөж 18 настай хүү шүү дээ, Хэнэг ч үгүй яваад орлоо. Болсон үйл явдлыг ярьлаа. “Энэ бол төмөр зам. Хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага. Чамд ч, бусдад чинь ч сургамж болог” гээд шууд халагдах тушаал гаргалаа. Тухайн үед одоогийн ДНЧ-2 хийж байгаа Г.Амарсайхан дарга байсан. Амараа даргад их гомдож байсан ч эргээд бодоход миний амьдралд том сургамж өгсөн. Одоо бол Г.Амарсайхан ахдаа баярладаг шүү. Бид хоёр маш сайхан харилцаатай. Ажлаас халагдсан тухайгаа гэрийнхэндээ ч хэлээгүй сар гаруй боллоо. Аав ээжийгээ жаргаана гэж явсан хүү нь ажлаасаа халагдсан гэдгийг сонсвол яах бол гэхээс маш их айж байв. Гэтэл аав аль хэдийнэ өртөө рүү залгаад мэдчихсэн. Би Замын-Үүдэд гурван сар вагон буулгаж, шилжүүлэн ачдаг ажил хийсэн. Аав минь намайг эргэж очихдоо, “Миний хүү энд ингэж байхаар гар хоосон гэж санаа зоволгүй гэртээ очвол яасан юм бэ” гэсэнсэн. Би ч зөвшөөрсөнгүй. Аав минь арга буюу оройн суудлаар буцсан. Тэр үед би нэг найзындаа байдаг байлаа. Ажилгүй хүн чинь гэр орон, тогоо шанага болсоор л өдөр хоног өнгөрөөнө. Ер нь хэнд ч тоогдохоо байдгийг тэгэхэд яс махандаа шингэтэл мэдэрсэн гэх үү дээ. Нэг өдөр цемент буулгаж 20 мянган төгрөг авчихаад халуун усанд дугаарлаж зогсохдоо Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” гэдэг шүлгийг “ФМ”-ээр сонссон.

“...Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад яах вэ, ижийдээ ир

Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад яах вэ, ижийдээ хүрээд ир...” гэсэн хэсэг нь маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Орой нь суудалд суугаад гэртээ ирж билээ. Нэг л сайхан болчихсон... Тэгээд л аав ээж дээрээ яваад орох үнэхээр сайхан байсан шүү. Удалгүй Сайншанд хэсэглэлдээ ажилд орсон доо. Сайхан хамт олон өлгийдөн авсан. Бас болоогүй ээ. Яг жинхэлдгийн даваан дээр төмөр зам хямралд орж “Дагалдангуудын гэрээг цуцал...” гэсэн шийдвэр ирээд бас ажилгүй болов. Төмөр зам эхэндээ надад их хатуурхсан. Гэхдээ тэр нь сургамж болсон” хэмээн ярилаа.

Буйдхан зөрлөгийн амьдарлын талаар тэрбээр “Зөрлөгийн амьдрал сайхан шүү дээ. Би бараг 10 жил буйдхан зөрлөгт ажиллаж амьдарсан. Зөрлөгийнхөн амь нэгтэй. Аяга, данхаа дундаа хэрэглэж, олдсоноо хувааж иддэг тийм л сайхан хүмүүс. Залуу хүн зөрлөгт их юм сурдаг. Ахуй талаасаа бие дааж сурна хүнтэй нөхөрлөж сурна, удирдаж, удирдуулж сурна. Наад зах нь гал хөсөө түлэх, хоол ундаа хийхээс эхлээд бүгдийг хийж сурна даа. Ганц гэм нь тэнд нэг хэвийн амьдрал урсан өнгөрнө. Бид аль болох залуу хүмүүс. Өөр байх ёстой гэдгээ мэдрүүлэхийг их хүсдэг байлаа. Тухайн үед төмөр зам зөрлөгт байгаа ажилтнуудаа мартчихдаг юм шиг санагддагсан. Намайг анх зөрлөгт очиход холбооны механик телевизийн суваг сольдог, зөрлөг даяараа нэг мэдээ, мэдээлэл кино үзнэ. Сүүлд интернэт ороод л фэйсбүүк дэлгэрээд сайхан болсон. “Шугам замын шонхорууд” гээд маш том групп байдаг даа. Тэр бүлгэмийг үүсгэн байгуулагчдын нэг нь би байлаа. Зөрлөгт болсон сонин содон мэдээлэл тэмцээн уралдаан гээд л болж байгаа мэдээ, мэдээлэл  бүхнийг оруулдагсан. Суудлын галт тэрэг ирэх үеэр суудлын баяр гэж их гоё юм болно. Төв суурин газар явсан хүнээ тосно. Захисан юмаа авна. Галт тэрэгний царайлаг үйлчлэгч харна гээд л...(инээв). Би зөрлөгийн амьдралыг олон нийтэд тод харуулсан. Нэг сайхан нэвтрүүлэг хийх юмсан л гэж боддог байлаа. Одоо харин блог юм уу даа. Томилолтын жижүүрээр явж байхдаа “Томилолтын тэмдэглэл” гээд блог хэлбэрийн хэдэн бичлэг хийж эвлүүлсэн ч олонд хараахан цацаж амжаагүй л байна... хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

Нэг удаа зурагт үзээд сууж байтал М.Даваа реалити шоунд орж байна. Чамгүй ч сайн “давхиж” байв. Энэ тухайд тэрбээр “Би өөрийгөө авьяастай гэхээс илүү урлагийн жаахан мэдрэмжтэй байх гэж боддог. Уралдаан тэмцээнд айхтар хүч үзээд байсангүй. Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлэхийн тулд UBS телевизээс зохион байгуулсан “Орших уу, эс орших уу” театрчилсан шоунд орж байлаа. Хамгийн том нь тэр юм уу даа. 2014 онд тухайн тэмцээнд оролцоод шилдэг 30 оролцогчийн нэг болж, дөрөвдүгээр шат хүртэл явсан. Өөрийгөө их голноо би мэргэжлийн бус суралцах сурах юм их бий. Одоогоор чөлөөт цагаараа орон нутагтаа “Комеди фитнесс” нэртэй клуб үүсгэн байгуулж, комедиан хийж байна. Ер нь, чөлөөт цагаараа аль болох уралдаан тэмцээнд орохыг эрмэлздэг. Аймаг, зам, алба зангилаа байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцож, медальт, шагналт байруудад шалгарч байсан” гэв.

М.Даваа эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр С.Бямбаатайгаа зөрлөгт анх танилцсанаас хойш 11 жилийг ардаа орхижээ. Тэд гурван хүүтэй. Хоёр нь ихэр. “Миний том хүүг Д.Анхбаяр, удаах хөвгүүдийг Д.Тодбаяр, Д.Содбаяр гэдэг. Сайн хань, сайхан үр хүүхдүүдтэй болсноо зөв явсны минь шагнал гэж боддог. Ихрүүдээ би Хурганбаатар Ишгэнхүү гэж өхөөрддөг” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр говийн бүсэд ажиллаж амьдарч байгаа залуу төмөр замчдынхаа талаар “Говийн шугам замын ажилчдын хамгийн том бэрхшээл нь нийгмийн асуудал л байна даа. Нэг зөрлөгт жилийн дараа очиход яг хэвээрээ байх жишээтэй. Хээр талд хоёрхон байшинтай газар залуус ажиллаж амьдарна гэдэг үнэхээр шандас шаардана шүү. Тэр их халуун, хүйтэн, шороон шуургыг тэсэж давж байж л жинхэнэ говийн төмөр замчин болно доо. Гэхдээ би тэндээс тэсвэр тэвчээр ажлын ачаалал даах чадвар, хүн чанарыг олж авснаараа бахархдаг. Говиор хүмүүжсэн хүмүүс хүнлэг сайхан сэтгэлтэй болж төлөвшдөг гэж боддог” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Амьдралын сорилт шалгуурыг бүдрэлгүй давж, хамт олныхоо дунд аз жаргал инээд баяслыг бэлэглэж явдаг залуусын тод төлөөлөл бол яах аргагүй М.Даваа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Магсарын Даваа гэж ...   
Үзсэн: 7960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй