Шууд Chart

Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн нартай уулзав

2024-03-01 17:02:47

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Захиргааны хэргийн танхимын тэргүүн нартай уулзаж, эрх зүйн реформын хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, процессын хуулиудын шинэчлэлийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хэлэхдээ, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд зарим хууль, тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөний үеэр уламжилсан гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, Улсын дээд шүүхээс үйл ажиллагааныхаа зорилтын хүрээнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг тогтмол нэмэгдүүлж, шүүхийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт үнэмшлийг үнэн зөв, ил тод мэдээллээр дамжуулан бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг дурдлаа.

Уулзалтын үеэр шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийг үзэл баримтлал, зорилгын хувьд бүрэн хангах зэрэг асуудлаар талууд санал солилцсон юм. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, парламентаас баталсан хууль тогтоомжуудын нийцэл, уялдаа, хэрэгжилтийг хангахад тулгарч буй бэрхшээл, зөрчлийг нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн, хэлэлцэнэ хэмээв. Мөн уулзалтын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын хуулийн шинэчлэл, бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд холбогдох саналуудыг хэлэлцсэн юм.

Шүүхийн нээлттэй, бие даасан байдал нь аливаа нийгэмд шударга ёсны систем зүй ёсоороо ажиллах, эрх зүйт ёс дээдлэгдэх, иргэд асуудал зөрчилдөөнөө шүүхээр шийдвэрлүүлэх эрмэлзэлтэй болох баталгаа мөн гэдэгт уулзалтад оролцсон талууд санал нэгдэж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн нартай уулзав  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй