Шууд Chart

Ц.Отгончимэг: Би ажлаасаа аз жаргал авдаг жирийн л нэг уран бүтээлч

2022-09-23 18:25:25

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Энэ ойг тохиолдуулан

-Юун түрүүнд танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Баярлалаа. Анх Суртлын нэвтрүүлгийн редакцад туслах найруулагчаар орж ажиллаж байлаа. Тэр үеийн туслах найруулагч нэвтрүүлгийн сургуулилт бичлэгт оролцогчдыг цагт нь авчрах, унаа захиалах болон нэвтрүүлэх зөвшөөрөл авах, студийн бичлэгийн бэлэн байдлыг хангах мөн нэвтрүүлэгтэй холбоотой зураг кино болон бусад материалыг олж бэлтгэнэ. Мөн сургуулилт нэвтрүүлэг явагдаж байгаа үед заставка титр үзүүлэх, материалууд хариуцаж зөрчилгүй, дэс дараатай байрлуулах гээд олон ажил хийж гүйцэтгэнэ дээ.

Тухайн үед Суртлын редакцын дарга УИХ-ын гишүүн, асан сэтгүүлч Төрмандах байсан. Найруулагч Д.Пүрэвсүрэн, шог зураач Жандал, найруулагч Цагаан, Санждолгор, Машмаа, “Сэрэлт” киноны Жамцад тоглосон Гүр ах тэргүүтэй сайхан бууралтай хамт ажиллаж байлаа. Сэтгүүлчээр Ц.Сарантуяа Ж.Нэргүй Ц.Сүхбаатар нар байсан. Энэ л хамт олноос суралцаж телевиз гэдэг их айлын босгоор алхаж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Их ч зүйл сурсан даа. Одоо ч хүртэл тэд нараасаа л асууж зөвлөгөө авдаг даа.

Намайг туслах байхад Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк ахын надад бичиж өгсөн гоё шүлэг надад байгаа.

Пүүжээ найруулагч бичлэгтэй гээд ийшээ чангаана

Пунсаа дарга бичиг шийтгээд тийшээ чангаана

Улсын циркээс “Заан чихт” утасдаад

Улирч элирсэн Грек, Ромын дүрс нэхнэ.

Ундны цагаар Болд редактор

Ууш зуушиндаа “элчээр” мордуулна

Уймраа Ёолк мартсанаа санаад

Улаан тэрэг рүүгээ илгээж л үзэгдэнэ.

VHS рүү хуулах нь Отгоо

Бичээч рүү явах нь Отгоо

Реклам залгах нь Отгоо

“Рек” дээр дараадах! Отгоо…

Буцалсан ус дуусчээ, Отгоо!

Будаатай хуурга захиалаарай, Отгоо!

Улсын ажил, студийн ажил

Ууган охины сургуулийн ажил…

Уур уцаар гэж юу байдгийг

Угаасаа тэр огт үл мэднэ

Телевиз, Гандан хоёрын дунд

Тэлээ хурга шиг шогшино

МАНАЙ ОТГОО

Хамгийн жаргалтай, бахархалтай, сайхан нь ассистент найруулагчаар ажиллаж байсан үе минь

-Таны ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байдаг вэ?

-Зовлон гээд байх зүйл байхгүй. Жаргал нь их байдаг даа. Би туслах найруулагчаас эхлээд ассистент найруулагч, найруулагч, ерөнхий найруулагч хүртэл дэвшин ажиллаж байлаа. Хамгийн жаргалтай, бахархалтай, сайхан нь ассистент найруулагчаар ажиллаж байсан үе минь. Яагаад гэвэл голдуу шууд нэвтрүүлэгт ажиллаж байлаа. Ассистент найруулагч хүний хоёр хуруу ямар товчон дээр дарна тэр дүрс үзэгчдэд хүрдэг учраас их хариуцлагатай бас бахархалтай ажил, ажлаараа бас омогшино.

-Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын үеэр та ажил үүргээ гүйцэтгэж байсан байх. Хамгийн дурсамжтай эсвэл таны санаанаас гардаггүй нь ямар үйл явдал вэ?

-Олон л нэвтрүүлэгт ажиллаж байлаа. Анхны телемост Москва-Улаанбаатар-Эрдэнэт хотын хооронд явуулсан шууд нэвтрүүлэгт ажилласан. Улаанбаатар, Эрдэнэт Москватай цагийн зөрүүтэй учраас бид шөнө ажиллаад үүрийн 04:00 цагт зочноо гэрээс нь очиж авч байсан санагдаж байна. Найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Янжмаа эгч маань ажиллаж байлаа. Тэрнээс хойш яривал тоймгүй олон шууд дамжуулалтууд байгаа. Заримаас нь  дурдвал, Монгол Улсад болсон АСЕМ-ын хоёр өдрийн шууд дамжуулалтыг манай хамт олон 09:00-17:00 цагт хүртэл бүтэн дамжуулсан. Зөвхөн АСЕМ-ын шууд дамжуулалтаас гадна тухайн үед улс оронд маань болон дэлхий дахинд болж байсан үйл явдлыг цаг алдалгүй мэдээлсэн. Тэр үед Турк улсад үймээн самуун болж бид холбогдох зочныг уриад турк, англи, орос хэлтэй сэтгүүлчид маань мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахаас гадна Турк улс дахь эх сурвалжуудтай утсаар шууд холбогдож шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь авч үзэгчдэд хүргэж байлаа. Чадварлаг сэтгүүлчидтэй ажиллахад үнэхээр бахархмаар байдаг даа. Үнэхээр л ажлаас кайф авна гэдэг энэ. Мөн хоёр өдөр Эдийн засгийн форумын өөр, өөр салбар хуралдаануудыг МҮОНТ-ийн хоёр сувгаар зэрэг дамжуулж байлаа. Мөн Владимир Путин болон Ши Жинпины айлчлалын шууд, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн зургаан цагийн шууд гээд олон шууд дамжуулалтуудад ажилласан. Энэ олон шууд дамжуулалтуудыг мэргэжлийн, чадварлаг хамт олонтойгоо л давдаг даа.

“ЦАГИЙН ХҮРД” ҮЗЭГЧДИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЖ ЧАДСАН ХАГАС ЗУУН ЖИЛИЙН НАМТАР ТҮҮХТЭЙ, АЖИЛ ХЭРГИЙН ЦОР ГАНЦ НЭВТРҮҮЛЭГ

-“Цагийн хүрд” Монголын хамгийн их үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр. Та ажлынхаа болон “Цагийн хүрд” хөтөлбөрийн ноу-хаугаас хуваалцаж болох уу?

-Миний ажлын ноу-хау их энгийн. Би өөрөө ч даруу байхыг эрхэмлэдэг хүн. Би “Цагийн хүрд” нэвтрүүлэгтэй холбогдоод 30 гаруй жил өнгөрч байна. Маш их хурдтай, өргөн сэдэв хамарсан энэ нэвтрүүлэгт найруулагчаар ажилладгаа буян гэж боддог. Эхлээд бэлтгэн гаргадаг мэдээ, нэвтрүүлгийн хөтөлбөр төлөвлөгөөгөө уран бүтээлч нөхөдтэйгөө хоорондоо сайн төлөвлөнө. Цаг үеэсээ хоцрохгүй шуурхай шинэлэг байхад анхаардаг. Ажлаас хойш суухгүй, амарч байсан ч шаардлагатай үед дуудагдаж ирэх сэтгэл зүйн бэлтгэлтэй, бэлэн байх ёстой. Би ажлынхаа гүнд орж уран бүтээлчдийнхээ дунд “хутгалдан” ажиллахдаа дуртай. Тэгээд ч “Цагийн хүрд” хамтын бүтээл. Зарим тохиолдолд маш богино хугацаанд шийдвэр гаргах нөхцөл байдалд ч хүрнэ. Би ажлаасаа аз жаргал авдаг жирийн л уран бүтээлчдийн нэг. Үүнийг л өөрийн ажлын ноу-хау гэж хэлэх байна.

Телевизүүдийн нүүр царай болсон үе үеийн уран бүтээлчдийн ихэнх нь “Цагийн хүрд”-ээр дамжсан байдаг. Өдөр бүр ажил, амьдрал нэгэн хэвийн үргэлжлээд байгаа юм шиг мөртөө “Цагийн хүрд” үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж чадсан хагас зуун жилийн намтар түүхтэй, ажил хэргийн цор ганц нэвтрүүлэг гэж хэлж болно. Олон үзэгч байлдан дагуулдаг, бодит мэдээллээр ард түмнийг шуурхай хангаж чаддаг “Цагийн хүрд”-ээр, баг хамт олноороо бахархдаг.

-Таны ажлын нэг өдөр хэзээ эхэлж, хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажлын өдөр янз бүр. “Цагийн хүрд”-д ажилладаг өдөр бол өдрийн 11:00 цагийн мэдээллийн хөтөлбөрийн Хангарди студид зочинтой хийх ярилцлагыг багаараа бэлтгэж хүргэнэ. Үдээс хойш ирээд булан болон зочны ярилцлага дээр үргэлжлүүлэн хамтаараа ажиллана.”Цагийн хүрд”-д орох мэдээ сурвалжилгыг бэлтгээд орой “Цагийн хүрд” шууд явна даа. Багаараа хамтаараа л шууд дамжуулалтын ард гарна шүү дээ. Шууд дамжуулалт эхлэхийн өмнө бэлтгэл ажил маш их байдаг. Тэр бүрт хариуцлагатай, нягт нямбай байхыг шаарддаг. Ийм л маягаар ажлын нэг өдөр өнгөрнө.

ХААЯА БОДОГДООД НУЛИМС НҮД БҮРХЭЭД ИХ ХЭЦҮҮ БАЙДАГ

-Телевиз бол хамтын урлаг. Та хамт ажиллаж байсан уран бүтээлчдээ дурсаач?

-Би Хүүхдийн редакц, Нийгмийн редакц, Титэм студи, АСА-ны хамт олонтой мөр зэрэгцэн сайхан ажиллаж байлаа. Хамгийн эхэнд намайг ассистент найруулагч болоход монтажны “А үсэг” заасан найруулагч Өлзийбаяр ахдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэр үед кино монтажийг ассистентууд хийдэг байсан юм. Эвлүүлгийн монтажныхантай хамт 16 мм-ийн хальсыг нээх гоё хэрчээд, тасдаад л кино монтаж хийнэ. Өлзий ах маань Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн сайхан уран бүтээлч. Одоо эхнэр Цэвэлсүрэнтэйгээ чөлөөт уран бүтээлч хийж байгаа. Мөн өөр олон уран бүтээлч бий дээ. Зарим нь хорвоогоос дэндүү эрт явчихсан даа, хааяа бодогдоод нулимс нүд бүрхээд их хэцүү байдаг юм. Анх асс / ассистент найруулагч/ болоход Баасанхүү гэж сайхан эгч ассистент найруулагчийн ажлыг зааж өгч байлаа. Найруулагч Бямбадорж, Аля, Ч.Янжмаа, Пүрэвсүрэн гээд олон сайхан уран бүтээлчдийгээ энэ өдрүүдэд дурсан санаж байна даа. Өөр дурдвал олон хүн бий дээ, алтан гартай сайхан инженерүүд байна.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Монголын үндэсний олон нийтийн телевизийн болон радиогийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, нийт хамт олондоо, ахмадууддаа тэгш том ойн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Отгончимэг: Би ажлаасаа аз жаргал авдаг жирийн л нэг уран бүтээлч  
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй