Шууд Chart

Шинжээчид: Тайвань газар хөдлөлтөд бэлтгэлтэй байсан

2024-04-05 14:52:54

Лхагва гарагт Тайванийн зүүн эргийн Хуалянь аймагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, хохирлын хэмжээ нь одоо ч тоологдсоор байна.

Хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараагаас 300 орчим чичиргээ мэдрэгдсэн гэж орон нутгийн агентлагууд мэдээллээ.

Тайванийн зүүн эрэгт хамгийн хүчтэй болсон газар хөдлөлт тэндээс 150 км-ийн зайд орших нийслэл Тайпей хотод хүртэл хүчтэй мэдрэгдсэн ч хохирол багатай өнгөрчээ.

Газар хөдлөлт, газрын чичиргээ судлаач мэргэжилтнүүд Тайванийг газар хөдлөлтөд харьцангуй бэлтгэлтэй байсныг онцолжээ.

Тайванийн Хуалянь аймагт зургаан жилийн өмнө мөн л маш хүчтэй газар хөдөлж байсан байна. Ерөнхийдөө газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Тайвань өнгөрсөн хугацаанд туулж өнгөрсөн туршлагаа хуримтлуулж, энэ удаад өндөр бэлтгэлтэй даван туулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Газар хөдлөлт Лхагва гарагийн үүрээр эхлээд хоёр цаг өнгөрөхөд Хуалянь аймгийнхан сургуулийн ойр орчимд бэлтгэсэн хоргодох байранд 130 гаруй иргэнийг оруулж амжсан байна.

Манайхаар бол сумын Засаг дарга гэж хэлж болохоор засаг захиргааны доод шатны нэгжийн дарга Чан Тун Яаогийн хэлж байгаагаар орон нутгийн удирдлага Засгийн газартайгаа түргэн шуурхай холбоотой ажилладаг тул арга хэмжээ авахад дөхөм байсныг "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

2018 онд энэ аймагт 6.4 магнитуд хүчтэй газар хөдөлж, 7 хүн нас барснаас хойш орон нутгийн удирдлагууд Засгийн газрын агентлагууд, төрийн бус байгууллагуудтай гамшгийн үед үзүүлэх арга хэмжээний талаар харилцаа холбоогоо бэхжүүлсэн байна.

Үүний ачаар энэ Лхагва гарагт газар хөдлөхөд Хуалянь аймгийн удирдлагууд цагдаа, хүчнийхэнтэй хамтарч, иргэдийн барилга нурж сүйдэхээс өмнө нүүлгэн шилжүүлж чадсан олон тохиолдол байна.

Тайвань арал бол яг хоёр тектоник хавтангийн зааг дээр оршдог, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг арал юм.

Тэр дундаа газар хөдлөлт хамгийн их болдог зүүн эрэг орчимд хүн ам нь ихээхэн төвлөрөн суурьшдаг онцлогтой.

Тайванийн зүүн эрэгт өндөр хадан хавцал, уул толгод, халуун рашаан, тариалангийн талбай ихтэй тул нутгийн иргэдээс гадна жуулчид ихээр зорин очдог газар юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Тайванийн арал дээр газар хөдлөлтийн улмаас хохирлын хэмжээ асар их тоологддог байсан. 2016 онд Тайванийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд өртөж 100 гаруй хүн эрсдэж байв.

1999 онд мөн л 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн үрэгдэж байжээ. 1999 оны энэ газар хөдлөлтөөс улбаатай Тайванийн Засгийн газар барилгуудын газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, шинж барилгуудад газар хөдлөлтийн бэхлэлт заавал суурилуулж, гамшгийн менежментийн хуулиа чангатгаж байжээ.

Мөн улс даяар газар хөдлөлт юм уу, цунамигийн аюул ойртоход иргэдийн гар утсанд яаралтай мэдэгдэл ирдэг. 1999 оны есдүгээр сарын 21-ний өдөр газар хөдлөлт болсон тул жил бүрийн яг тэр өдөр улс даяар утсанд нь мессеж ирж, сургууль, албан байгууллагууд энэ өдөр гамшгийн үеийн бэлтгэл сургуулилалт хийдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинжээчид: Тайвань газар хөдлөлтөд бэлтгэлтэй байсан   
Үзсэн: 2088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй