Шууд Chart

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ

2024-05-02 12:09:54

Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр улирлаас 2022 оны 1 дүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компаний нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулан нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр Е-баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1,318,286,913 төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсныг Тагнуулын ерөнхий газар илрүүлж, шалгаж шийдвэрлэлээ. 
 
Иргэдээс хууль бусаар авсан буцаан олголтын мөнгийг төвлөрүүлэн авахдаа хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 /мөнгө угаах/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /байнга тогтвортой үйлдсэн/ заалт, 18.7 /мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.
 
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарт 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ. 

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ  
Үзсэн: 2577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 13:19
Цаазлах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй