Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Алтан гадас одонт, СТА Б.Батцэцэглэнг "Редакцийн зочин" буландаа урьж ярилцлаа.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье. Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран “Жаргалтай” хэмээх харилцаа дуу хийсэн байсан. Шинэ уран бүтээлийнхээ тухай хуучлаач?
- Зарим уран бүтээл маш урт хугацааны дараа төрдөг бол зарим нь бараг 24 цагийн дотор бэлэн болох үе байдаг юм байна гэдгийг харсан. Тохироо бүрдэнэ гэж нэг зүйл байдаг шүү дээ. Түүн шиг бид хоёр хамтрах ёстой цаг хугацаандаа, хийх ёстой уран бүтээлээ л хийсэн байх гэсэн бодол төрсөн. Бид хамтын уран бүтээлдээ их сэтгэл хангалуун байгаа. Бас энэ уран бүтээлээ түмэнд хүргэе, монгол өв соёл, монгол дээл, хувцас, эдлэл хэрэглэл гээд Монголын гэх тодотголтой зүйлсийг дахин нэг сануулъя гэдэг үүднээс бодож байж дүрсжүүлсэн. Ардын хөг болон дуугаралтыг орчин үеийн хөгжимтэй сүлжсэнээрээ онцлог бүтээл болсон гэж найдаж байна.
-Ойрын үед гадаад, дотоодод тоглолт хийх бодол байгаа юу?
-Яг жилийн өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-нд Соёлын төв өргөөнд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Ирэх хавраас тоглолтоо хийнэ гэж төлөвлөөд, бэлтгэл ажлаа базаагаад явж байна. Европын холбооны олон улсаас урилга ирдэг. Солонгос, Японоос ч урилга ирсэн. Гадаадад тоглох хугацаа арай болоогүй гэж бодож байна.
-Уртын дуу дуучнаас хоолойн цар хүрээ их шаарддаг байх. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг үү?
-Хоолойны бэлтгэлийг гэртээ ч, ажил дээрээ ч байнга хийдэг. Аливаа дууг мэдэрч дуулахын тулд төсөөлөл маш чухал. Ер нь дууны урлагийг амьсгааны урлаг гэдэг ч би төсөөллийн урлаг гэж боддог. Би дуугаа дуулж байхдаа яг өссөн нутагтаа байна, нутагтаа очвол иймэрхүү дуулна гэсэн төсөөллөөр л ерөнхийдөө дуулдаг. Зарим дууг мөрөөдлөөрөө төсөөлж, заримыг нь зүүдэндээ аялж байгаа юм шиг л бодож дуулдаг. Тэгж бодож, сэтгэж уран бүтээлээ хийдэг дээ.
-Дуу, хөгжмийг ямар нэгэн өнгөтэй зүйрлэ гэвэл та ямар өнгөтэй зүйрлэх бол?
-Ер нь солонго л гэж хэлэх дуртай. Өөрөө бас “Солонго” гэдэг дуундаа дуртай. Бодоод байхад хүний амьдрал солонго шиг шүү дээ. Солонго борооны дараа хэсэгхэн зуур татаад л сарнидаг. Тэр хэсэгхэн хоромд бүх гоё сайхнаа харуулдаг. Солонго гэдэг үгийг хэлэхээр маш гоё, гэрэл гэгээ цацардаг юм шиг санагддаг. Яг түүнтэй адилхан хөгжим, дуу тийм нэг ер бусын гоё.
- Та монгол хувцсаа их сайхан зөв өмсдөг, тоглолтын дээл болон малгай, зүүсгэл, гоёлдоо их нарийн чамбай ханддаг юм шиг санагддаг. Бас өөрөө хувцсаа урлаж өмсдөг юм билээ. ”Цэцэглэн” хувцасны салоноо ажиллуулж байгаа юу?
-За ёстой олонхын саналаар гэдэг шиг /инээв/ салоноо ажиллуулах хүсэлт хүмүүсээс их ирдэг. Ойрын хугацаанд ажиллуулъя гэсэн зорилготой байна. Ганц нэг загвар гаргаад, оёдолдоо шилжүүлсэн явж байгаа. Цагаан сараас өмнө ямар ч байсан олон коллекциороо биш ч гэсэн нэрийн ганц нэг бүтээгдэхүүн гарах байх гэж бодож байна. Би өөрөө загвар дизайнаа гаргана. Дээл хийхэд өнгөний сонголт маш чухал санагддаг болохоор өөрөө өнгөө сонгож, оёдолчдоороо оёулдаг юс. Ямар ч байсан бүтээгдэхүүнээ хийгээд эхэлсэн.
-Та цахим орчинд ардын дууны домгийг олон нийтэд ярьж өгдөг нь хүмүүсийн талархлыг их хүлээдэг. Энэ санааг анх яаж олсон бэ?
-Ковидын үед нэг давуу тал, нэг сул тал байсан гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр үед би гэртээ байх хугацаандаа юу хийх вэ гэж өөрөөсөө асуусан. Дэлхий ертөнцтэй бид технологиор холбогдож, хаана ч байсан мэдэж, сурч, хуваалцаж болж байна, би энэ урлагаар дамжуулж хэнд юу хүргэхийн төлөө зорьж байгаа билээ гээд лавшруулан бодсон л доо. Өмнө нь нэлээн хэдэн домгийн ном уншчихсан байсан болохоор жаахан судалгаа хийгээд үнэн бодитой, амьдралд нилээн ойр домгуудыг түүж аваад нүүр номын найзууддаа хүргэж эхэлсэн юм. Энэ маань хүмүүст таалагдсанд баяртай байгаа. Цөөнгүй бичлэг бий. Цаашдаа ч гэсэн үүнийгээ үргэлжлүүлэх бодолтой байна.
- Үндэсний урлагийн их театрыг Соёлын яам болон улсаас хэр дэмждэг вэ?
-Үргэлж дэмждэг. Яамнаас зөвхөн Үндэсний урлагийн их театрыг гэлтгүй мэргэжлийн урлагийн байгууллагуудыг дэмжиж ажилладаг гэж боддог.
-Та бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болсон сайхан эмэгтэй. Амьдралын хэмнэлийг тань сонирхож байгаа уншигч байж магадгүй юм. Шинэ өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ?
-Ажил ихтэй, үгүйгээс шалтгаалаад миний өглөө янз бүрээр эхэлдэг. Гэхдээ ер нь эрт босдог. Гэрийн эзэгтэй, ээж хүний хувиар өглөөний цайгаа гэрийнхэндээ бэлтгэж өгнө. Тэгээд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь явуулаад, өөрийнхөө өдөр тутмын ажилдаа ордог. Дуучин мэргэжилтэй хүмүүст сайн нойр маш чухал. Учир нь хоолой маш олон жижигхэн булчинтай байдаг. Эдгээр булчинг амрааж байж агших, тэлэх хөдөлгөөнүүдийг маш хурдтайгаар хийж чаддаг. Фитнессийн тамирчин шиг амрах үед нь маш сайхан амрааж байх хэрэгтэй. Дуучидтай тоглолтоор явж байхад тэд миний нэг зүйлд их атаархдаг юм /инээв/. Би мянган км явсан ч нэг ч удаа сэрэхгүйгээр очих газраа очтол унтаж чаддаг. Машинд ч, чанга яригчийн хажууд ч байсан хамаагүй. Нойр сайтай байгаа нь миний давуу тал ч байж болох юм. Магадгүй дуулаачаар хичээллэж эхэлж байгаа, дуучин болох юмсан гэж хүсч мөрөөддөг хүмүүс биеэ маш сайхан амраадаг байх хэрэгтэй. Амраана гэхээр бүх ажлаа хаяад утгагүй унтаад байхыг ерөөсөө хэлээгүй шүү.
-Хүүхдийн хүмүүжил сүүлийн үед шүүмжлэл их дагуулдаг болжээ. Зарим эцэг, эхийн хувьд маш том асуудал болж байна. Таны хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж, өсгөж байна вэ?
-Манай гэр бүлийн хувьд гэлтгүй хүн төрөлхтний хувьд хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг нь маш том асуудал байдаг. Хүүхдээ хүний дэргэд ямар ч байсан муулахгүй, байнгын шаардлага тавина. Хүүхдийг сурах насан дээрээ сурах ёстой зүйлээ сурах ёстой л гэж боддог. “Эрдмийг хичээлээр сурдаг, Эрлийг сургаар олдог”, “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа” зэрэг зүйр үгийг бүр уриалга болгож, гэр бүлдээ хэрэгжүүлж явахыг хичээдэг. Хичээл ном ч бай, найзуудтайгаа харилцах харилцааны тухай ч бай сонсоод, сайн асуугаад, өөртэй нь ярилцаад "Миний хүү тэгэх байсан юм биш үү, ингэвэл яасан юм бэ" гэх мэтээр зөвлөдөг. Би хүүхдээ нэг их өмөөрөөд байдаггүй л дээ. Өмөөрөх нь дотроо байх ёстой байх гэж боддог юм.
-Та Их хутагтын нутгийн хүн. Дорноговийн уугуул алдарт морин хуурч Чойн Банзрагчийн уран бүтээлийг судалж, дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа тухай сонссон. Энэ ажил үйлс нь хэр бүтэмжтэй байна вэ?
-Хутагтын нутагт төрж, өссөн маань намайг дуучин болоход, уран бүтээлүүд минь сайн сайхан, гэрэл гэгээтэй явахад хамгийн чухал түшиц болсон гэж бодож явдаг. Миний нутаг бол уужуу байхаас аргагүй тийм гоё налгар, цэлгэр, зон олон нь сайхан сэтгэлтэй. Тийм болохоор надад зарим зүйлд бухимдаж, бачуурч "дэвхцэх" үндэслэл байдаггүй. Надтай хэдэн үг солихоороо зарим хүн нутагтаа очсон юм шиг сайхан боллоо гэдэг шүү /инээв/. Говийн хүмүүс яриа нь хүртэл удаан тайван, тэгээд нэг их юманд яарсан нь мэдэгдэхгүй. Зорьсон ажил үйлс маань бүтэмжтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
2023-11-09
Улаанбаатар хот
Б.Батцэцэглэн: Дуу, хөгжим бол яг л солонго шиг үзэсгэлэнтэй | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.