Шууд Chart

Дэлхийн халуун орны ойн санд аюул учруулах олон хүчин зүйл байна

2024-04-05 15:29:14

Дэлхийн ойн нөөцийн санг хянадаг олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар өнгөрсөн 2023 онд тропикийн ширэнгэн ой бусад оныхтой харьцуулахад бага агшсан гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Гэвч дэлхийн "уушги" болсон дулаан орны ширэнгэн ойн хэмжээ багасахад нөлөөлөх олон хүчин зүйл байсаар байна гэдгийг мөн дурджээ.

Ой модгүйжил, тэр дундаа тропикийн ширэнгэн ой багасах нь уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ хурдасгуур гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Ногоон ургамал, тэр дундаа модлог ургамал нь фотосинтез буюу нүүрсхүчлийн давхар ислийг их биедээ шингээж аваад хүчилтөрөгч ялгаруулдаг тул дэлхийн "уушги" гэж нэрлэгддэг. Гэвч ой модыг шатаах, ой мод өвчлөх нь фотосинтезээ явуулж чадахгүйд хүргэж, нүүрсхүчлийн хийг шингээхийн оронд хүлэмжийн хий ялгаруулах шалтгаан болдог байна.

Дээрээс нь тропикийн ширэнгэн ой их хэмжээгээр сүйдсэнээр хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлээд зогсохгүй тэнд амьдрах олон амьтан, ургамлын зүйл дагаад устаж үгүй болох аюулыг дагуулж байдаг.

Дэлхийн ойн нөөцийн сангийн хяналтын байгууллагаас гаргасан зарим нэг тоон мэдээлэл байна. Үүнд, хүний гараар устгагдаагүй ч жамаараа унаж, агшсан ойн хэмжээ өнгөрсөн онд 2022 онтой харьцуулахад 9 хувь буурчээ.

Ой мод жамаараа агших хэмжээ багассан нь сайн боловч хүний гараар устаж үгүй болж байгаа ой модны хэмжээ одоо ч маш өндөр хэвээр байна.

Өнгөрсөн жил дэлхийн нийт ширэнгэн ойн нөөц 37 мянган хавтгай дөрвөлжин км-ээр хорогджээ. Энэ нь Швейцар улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээ юм.

Дэлхийн ширэнгэн ойн ихэнх нөөц байдаг Бразил, Колумб улс өнгөрсөн онд өмнөх онуудтай харьцуулахад ой модоо арай бага алдсан. Гэвч дэлхийн өөр бусад газар ширэнгэн ой мэдэгдэхүйц хэмжээгээр багасчээ.

Дэлхийн ойн нөөцийн сангаас “Бид хоёр алхам урагшилж, төдий хэмжээгээр ухарчээ” гэж дүгнэсэн байна.

Тропикийн ширэнгэн ойн нөөцөөр тэргүүлэгч Бразил улсын ойн экосистемд дэлхийн нийт амьтны зүйлийн 10 орчим хувь нь байдаг гэсэн судалгаа бий. Тэр хэмжээгээрээ энэ ширэнгэн ой дэлхийд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл өнгөрсөн онд ойн түймэр, өвчилсөн модноос улбаатай ялгарсан хүлэмжийн хийн хэмжээ АНУ-д жилийн хугацаанд олборлодог түлш түлж ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээний талтай тэнцэх хэмжээнд нэмэгдсэн гэсэн статистик мэдээ гарчээ.

Хүний оролцоогүйгээр жамаараа унасан ой модны хэмжээгээр Бразил, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Боливи улсууд тэргүүлж байна.

Харин Бразил улсад мод бэлтгэлийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 36 хувь, Колумбад 49 хувь буурчээ.

Бөмбөрцгийн хэмжээнд өнгөрсөн онд тропикийн ширэнгэн ой бусад оноос бага агшсан үзүүлэлттэй гарсан ч өөр бусад бүх төрлийн ой модыг хамруулж үзэхэд хүний нөлөөтэй ой модгүйжил 3.2 хувь өссөн гэсэн тоо баримт байна.

Хүний оролцоогүй ой мод агшихад ой хээрийн түймэр, хортон шавж, шуурга, хар салхи зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нөлөөлдөг.

Харин хүний нөлөөтэй ой модгүйжил гэдэгт хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн зорилгоор ой модыг тайрч устгахыг тооцдог юм.

2021 оны байдлаар дэлхийн 140 гаруй улс хүний нөлөөтэй ой модгүйжлийг 2030 он гэхэд байхгүй болгоно гэсэн зорилго тавьсан. Гэвч үүндээ хүрэхэд улс орнууд зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байна гэж дэлхийн ойн сангийн хяналтын байгууллагаас дүгнэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн халуун орны ойн санд аюул учруулах олон хүчин зүйл байна  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
123 [127.0.0.xxx] 2024-04-05 15:51
nice

Бидэнтэй нэгдээрэй