Шууд Chart

Д.Мядагбадам: Уртын дуу Монгол хүний сэтгэлзүй, оюун санааны язгуурын дархлаа

2025-07-31 10:51:16

Улаанбаатар театрын уртын дуучин МУСТА Д.Мядагбадамыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

 -Уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?

Миний хувьд орчин цагийн хөгжлийг дагасан цахим хэрэглээтэй ханьсан амьдарч байгаа энэ нийгэмд хүүхэд, залуусыг өв соёлдоо хэрхэн дуртай болгох талаар нэлээд бодож явдаг. Яг өнөөдрийн хувьд бол “Бийгээ биелэе” гэдэг үндэсний язгуур урлагийн агуулгатай боловч орчин үеийн хөгжмийн найруулга, хэв шинжтэй цоо шинэ уран бүтээл төрөөд нийтэд хүртээл болгоод байна. Энэхүү “Бийгээ биелэе” дууны аяыг Нийслэлийн Улаанбаатар театрын дуу ангийн дарга, дуучин Ж.Буянтогтох, шүлгийг хэл шинжлэлийн ухааны доктор Д.Хонгорзул нар зохиосон. Энэ дууг дуулахад надад их ойр санагдсан учраас уран бүтээлийн ажилдаа шамдан орсон. Энэ бүтээлийн ажил маань12 дугаар сараас эхэлж хэдхэн хоногийн өмнө дүүрлээ. Энэ дууг залуу үеийнхэн маш их сонирхож байгаа нь мэдрэгдэж байна. Үндэсний их баяр наадмын өмнө үзэгч сонсогчдод хүргэх гэсэн боловч амжаагүй. Ингээд Өндөр гэгээний даншиг наадам болж байгаа цаг үетэй давхцуулан бэлэгшээж үзэгч олондоо хүргэсэн. Сонсогчид маш сайхан хүлээж авсан. Сэтгэл маш өндөр байгаа. Язгуур урлагийн өв тээж буй уран бүтээлчид бид үндэсний өв соёлоо залуу хойч үедээ хэрхэн түгээх тал дээр байнга эрэлхийлдэг. Үүний маань нэг илэрхийлэл "Бийгээ биелэе"дуу юм.

-"Бийгээ биелэе"дуун дээр өөрөө бие биелгээ хийж байсан. Таны хувьд хэр бүжиглэдэг вэ?

 -Хүүхэд байхаасаа дуулж бүжиглэх дуртай байсан. Энэ уран бүтээл дээр олон сарын хүч хөдөлмөр шингэсэн. Манай  бүжигчид миний уран бүтээлийг дэмжиж маш сайхан бүжиг дэглэж оролцсон. Уртын дуучид бүжиглэж дуулах нь ховор шүү дээ. Төв эрхэмсэг намба төрхөө үргэлж хадгалж явах учиртай. Монголын нууц товчоонд Хамаг Монголчууд Амбагай хааны захиас ёсоор Хабул хааны дөрөвдүгээр хүү Хотулыг хаан өргөмжлөөд Онон голын Хонханаг жибурт:  Саглагар модны дор өвдөг газрыг өлтөртөл хавирга газрыг халцартал бийгээ биелэн хуримлав гэж эртний бичээч бичиглэн үлдээсэн байдаг .Төрсөн дүү минь яруу найрагч хүн байдаг ярилцаж зөвлөсөн л дөө.  Миний хувьд өөрийнхөө хэмжээнд л бүжиглэсэн. "Бийгээ биелэе" уран бүтээл дээрээ өөрийгөө өөрчлөх гэж оролдсон. Ер нь маш олон хүний хүч хөдөлмөр орж байж бүтээл маань төрдөг. Энэ дашрамд хамтран ажилласан бүх уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлье.

-Та аль нутагт төрж өссөн бэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Төв аймгийн Бүрэн сумын уугуул. Ээж маань Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул.  Манайх Бүрэнгийн айл л даа. Сүүлд нүүж Гавжийн шанд гэдэг газар нутагладаг  байсан.  Хуруудаж, дэмбээдээд зун найр их болдог байсан санагддаг юм.  Хамгийн гоё найр унага тамганы найр байж билээ. Аль аль талаас дуулдаг удамтай хүн дээ.

Миний хувьд уртын дууг багадаа найранд их сонсдог байсан яг сурч дуулах болсон үе маань СУИС-ийн уртын дуучны ангид орж суралцсан үеэс эхэлсэн. Намайг бага байхад манай  өвөө маань хурдан морь уядаг хүн байсан. Би хурдан морь унадаг хүүхэд байлаа. Их гийнгоолж байсан учраас хоолойнд маань суурь тавигдсан гэж боддог.

-Ардын дуу, нийтийн дуу болон бусад төрлийн дуунуудыг бодвол уртын дууны сонголт харьцангуй бага уу. Эсвэл үзэгчид сонсогчид хүрсэн цөөхөн байна уу?

-Уртыг дууг би цөөхөн гэж бодохгүй байна. Тухайлбал МУСТА уртын дуучин Ц.Туяацэцэгийн эмхэтгэж гаргасан 500 гаруй уртын дуутай ном байдаг. Мөн нутаг нутгийн судлаач, дуучин, өвлөн тээгчдийн маш олон дуу уралдаан тэмцээнд дуулагдаж байгаа. Харин олон нийтэд хүрсэн дуу цөөхөн байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед уртын дууг орчин үеийн хэв маягт оруулж, үзэгч олонд түгээх гэж хичээж байна. Ер нь дээр дурьдсанаас илүү олон уртын дуу байдаг гэж судлаачид үздэг юм байна лээ.

 

-СУИС-ийн уртын дууны ангид суралцаж төгссөн хирнээ уртын дуу дуулах нь цөөхөн байдаг. Ихэвчлэн ардын дуу,нийтийн дууны чиглэл рүү нэлээд дуулдаг?

-Энэ нь тухайн уран бүтээлчийн өөрийнх нь сонирхолтой холбоотой байдаг болов уу. Уртын дууг үнэхээр биширч, зүрх сэтгэлээс сонсдог хүмүүс олон бий. Уртын дуу Монгол хүний сэтгэлзүй, оюун санааны язгуурын дархлаа гэж ойлгодог. Ер нь бол уртын дуучны мэргэжлээр суралцаж төгссөн дуучид дийлэнхи нь уртын дуугаа дуулдаг гэж би хардаг шүү.

-Уртын дуу их өвөрмөц. Уртын дууг онол гэхээс илүүтэй дуугаа өөрийнхөө судалгаа мэдрэмжид тааруулж дуулах шаардлагатай байх?

- Тийм шүү. Уртын дуу бол зөвхөн Монголын ард түмний агуу соёл, сонгодог бүтээл шүү дээ. Монголоос өөр улс, үндэстэнд уртын дуу тархаж хөгжөөгүй. Дэлхийн бусад дууны урлагтай ойролцоо гэж хэлж болох төрөл жанр огт байхгүй. Энэ нь өвөрмөц гэж үзэж болох хангалттай үндэслэл болох байх.Тийм ч учир Монгол уртын дууны гайхамшгийг үнэлэн 2003 онд ЮНЕСКО Монгол уртын дуу “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-д тунхаглаж, 2008 онд Соёлын биет бус өвийн “Хүн төрөлхтний төлөөний жагсаалт”-д бүртгэсэн байдаг. Аливаа дуучин тухайн дуулж байгаа дуугаа бүрэн судалж, ойлгож, сэтгэл зүрхнийхээ гүнээс дуулах нь илүү чанартай болдог болов уу. Үүний тулд маш их хөдөлмөр тухайн бүтээлд шингэх ёстой. Тэгснээрээ үзэгч, сонсогчдод илүү сайн хүрдэг байх.

Морин хуур уртын дууны салшгүй нэг хэсэг

-Уртын дууг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй ?

-Уртын дуу хамсраа хөгжим болох морин хуур лимбэтэй дуулдаг. Морин хуур уртын дууны салшгүй нэг хэсэг. Уртын дуу морин хуур хосолж байж төгс бүтээл болдог.

-Та уртын дуунаас гадна бусад төрөл жанрын дууг дуулах сонирхол байгаа юу?

 -Би амьд хөгжимд дуртай. Энэ их хөгжлийн явцад биднээс ямар зүйл шаардахыг таашгүй. Иймээс бүх зүйлийг судалж эрэлхийлж байх хэрэгтэй гэж боддог.

-Уртыг дууг хэдэн настайгаас эхэлж сурвал зохимжтой вэ?

-Уртын дуу Монголчууд бидний ахуйд үргэлж байсаар ирсэн. Иймээс уртын дууг дуулахад нас зааж, хязгаарлах боломжгүй. Харин мэргэжлийн дуучин болно гэдэг зүйл дээр бол арай өөр байх. Уртын дууг хэдэн ч настайдаа сурах боломжтой. Уртын дуу бидний өв соёл учраас аль болох тордож л явах ёстой. Монгол хүн бүр уртын дуугаа сурах боломжтой.

-Хүүхэд байхдаа хурдны морь унадаг байсан гэж байна. Хүүхэд насны дурсамжаа хуваалцахгүй юу?

-Миний бага нас хөдөө өнгөрсөн. Монгол ахуйдаа их ойр өссөн. Хонь, хурга, үхэр тугал гээд хөдөөний хүүхдийн хийдэг бүх л ажлыг хийж ээж аавдаа тусалдаг байсан.Тавдугаар ангидаа хотод шилжиж ирж суурьшсан. Зун хөдөө өвөө, эмээ дээр очиж тусалдаг байлаа.

Миний аавыг Ё.Дашзэвэг, ээжийг минь С.Баасанбат гэдэг. Би эцэг эхээсээ наймуулаа. Их өнөр өтгөн гэр бүлд өссөн. Жижиг биетэй учраас хурдан морины хүүхэд байлаа. Таван настайдаа морь унаж сурсан. Ихэвчлэн их насны морь унадаг байсан. Улсын наадам дөхөөд ирэхээр Яармагийн дэнжид уяачид битүү болдог байлаа. Манай морины уяа хуучин Нисэхийн цагаан хаалганы хойно байдаг байсан. Тэр үед наадам их гоё болдог байсан санагддаг юм.

Өөрөө улсын наадмын хурдан морины унаач хүүхэд байсан болохоор тэр байх. Ер нь их хүндтэй байдаг байсан шүү. Өвөөгийн маань уядаг нэг цоохор морь, хоёр бор морь, байсан. Энэ гурван морины уяа сойлгыг тааруулахад хурдан морио унаж гийнгоолж байсан нь уртын дуу дуулж сурах уг үндэс нь болж хоолойн цараа тэлсэн байх гэж би боддог юм.

Энэ жилийн Нийслэлийн Хүрээ цам даншиг наадмаар Монгол төрийн эх дагина цагаан дарь эх Дондогдулам хатны дүр бүтээх хувь тохиосон

 -Тухай үед охид хөвгүүд гэхгүйгээр хурдан морь унадаг байсан уу. Одоо охид хурдан морь унах ховор байдаг?

-Бидний үед ухаан орсон цагаас эхлээд мал ахуйтай ойр байсан учраас морь малаас айх зүйл байдаггүй байсан. Одоо бол шал өөр болсон байна. Энэ нь нийгмийн хөгжлөө дагаж байгаатай холбоотой болов уу. Бидний үед эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр морио унадаг байсан. Манай том эгч бүр эмнэг морь сургадаг байсан. Моринд эрэмгийн бүсгүй байдаг юм. Одоо суурин газар амьдарч байгаа учраас Монгол ахуй соёлоосоо холдож байна. Энэ жилийн Нийслэлийн Хүрээ цам даншиг наадмаар Наймдугаар Богд хаан Жавзандамба хутагтын хатан Монгол төрийн эх дагина цагаан дарь эх Дондогдулам хатны дүр бүтээх хувь тохиогоод энэ үед морь унаж хүүхэд насны дурсамж минь сэргээд гоё байсан.

-Таны ойрын зорилго?

-Олон сайхан уран бүтээлүүд шинээр гаргахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа ороод явж байна.

 

-СУИС-ыг хэдэн онд суралцаж төгссөн бэ?

 -2010 онд СУИС-д элсэж МУГЖ Ц.Чулуунцэцэгийн удирдлаганд суралцаж 2014 онд төгссөн. Олон сайхан алдартан гавьяатнуудаар хичээл заалгаж, уртын дууны анхны эхлэл тавигдсан. Ер нь бол байнга суралцаж явна. Одоо ч гэсэн сурсаар л байна. Өөрийгөө тодорхой түвшинд байнга ахиулж, дуулах ур чадвараа хөгжүүлж байна. Одоо Улаанбаатар театрт уртын дуучнаар ажиллаж байна.

-Эмэгтэй хүн ээж болохоор ажил мэргэжил хойшоо тавигдаг. Таны хувьд ээж бодоод удаан хугацаагаар уран бүтээлээ засварлаж байв уу?

 -Ер нь бол удаан хугацаанд завсарлаагүй. Хүүхдээ төрүүлээд сар болгочхоод дуулж байсан тохиолдол ч бий. Дуучин хүн байнга бэлэн байх ёстой. Уртын дууны тойрогт орсон л бол гайхамшигт өв соёлоо байнга дээдэлж, эрхэмлэж явахыг ойлгож хичээж байна.

Намайг СУИС-д сургасан хүн миний хань шүү дээ

-Уран бүтээлч хүн энэ их ажлыг дамжуулахад мэдээж ар гэр, ханийн дэмжлэг хамгийн чухал. Таныг хэр дэмждэг вэ?

-Манай хүн хуулийн чиглэлээр ажилладаг. Намайг СУИС-д сургасан хүн миний хань шүү дээ. Эцэг эхээс заяасан энэ сайхан авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй гэж байсан. Ингээд хийж байсан ажил мэргэжлээ орхиод СУИС-д суралцсан. Миний хань үнэхээр сайн дэмждэг учраас уран бүтээлдээ илүү шамдаж явна. Манайх гурван хүүхэдтэй. Нэг үеийг бодвол том болж гараас гарсан. Миний хувьд ч гэсэн хоолой сайхан тогтож байна. Уран бүтээлдээ анхаарч тууштай хөдөлмөрлөх нас гэж бодож байгаа.

-Та СУИС-д сурахаас өмнө ямар ажил хийж байсан вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаад СУИС-д орж суралцсан. Урлагийн сургуульд нэлээд хожуу сурсан даа. / Инээв / Хүн өөрийгөө голж болохгүй. Сурч боловсроход оройтохгүй. Байнга суралцаж явдаг. Одоо ч гэсэн сурсаар л байна. Ер нь хүн байнга хөдөлмөрлөж, хөдөлмөрөөсөө урам зориг авч ажиллаж амьдрах ёстой. Монгол уртын дууны суу ухаан надад тодорхой хэмжээнд оршиж байгаа учраас урам зоригтойгоор зорилгынхоо төлөө хичээж ажиллаж байна.

-Таны ажлаа орхиод урлагийн сургуульд ороход аав ээж нь ямар байр суурьтай байсан вэ?

-Манай ээж залуудаа хуучир хөгжим тоглодог ер нь л утсан хөгжмүүд тоглочихлог авьяастай хүн байдаг. Аав ээж маань хоёулаа сайхан дуулдаг улсууд. СУИС-д сурч эхлэхэд ээж маань таатай хүлээж аваагүй. Би чамайг урлагийн хүн болгох байсан бол аль эрт болгох байсан. Урлагийн хүн хэцүү гэрийн бараа харахгүй гэж хэлж байлаа. Гэсэн ч миний ээж аав намайг урлагийн хүн болж, шинэ уран бүтээлүүд гаргахад маш их баярладаг. Бага ч гэсэн эцэг эхийнхээ ачийг хариулж байгаа болов уу даа гэж бодож байна.

Хүн мэргэжлийн чиг баримжаагаа их зөв сонгох ёстой

 

-Та багшийн мэргэжлээр хэдэн ажилласан бэ?

-2004-2011 он хүртэл багшилсан. Миний шавь нар  намайг дуучин болоход их гайхаж байсан. Жүжигчин Мишээл миний шавь шүү дээ. Шавь нар маань салбар салбарт л ажиллаж байна. Хүн мэргэжлийн чиг баримжаагаа их зөв сонгох ёстой. ЕБС-ийн төгсөөд өөрийнхөө сонирхолтой дуртай зүйлээр суралцах нь чухал. Бидний үед аав ээжийнхээ хэлснээр мэргэжлээ сонгодог байсан.

Би арван жилийн сургуульд байхдаа сагс, волейбол их тоглодог, дуулдаг хүүхэд байсан юм. Тухайн үед багшийн сургууль гоё санагдсан учраас сонгож суралцсан. Дуучин болно гэсэн мөрөөдөл нууцхан байсан л даа.

-Танай хүүхдүүдээс урлагийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхэд байна уу?

-Би мэргэжил сонголт дээр нэлээд анхаарал хандуулдаг. Хүүгээ бага байхад урлагийн хүн болгох гээд хөгжмийн дугуйланд явуулж байсан. Хүүхэд өөрийнхөө сонирхлоор суралцах хэрэгтэй. Би энэ мэргэжлээр сур гэж хүчилж болохгүй. Манай охин бүжиглэдэг. Одоохондоо мэргэжил сонгох болоогүй байна. Хүүхдүүдээ урлагийн хүн болгоно гэж бодохгүй байна. Хүүхдүүд өөрийн сонирхлоороо суралцаж ажиллах хэрэгтэй. Гэхдээ би үлдээх өв соёлоо үлдээнэ дээ.

 

 

-Та ханьтайгаа хэдэн онд танилцаж гэр бүл болж байв?

-2003 онд Багшийн сургуульд оюутан байхдаа ханьтайгаа танилцсан.

-Урлагийн хүн гоо зүйд хэрхэн анхаарах ёстой вэ. Таны хувьд гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Урлагийн хүн гоё сайхан байх ёстой. Бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг учраас бүх зүйлд анхаарах хэрэгтэй. Гэхдээ гоё болж байна гээд өөрийгөө хэт эвдээд байж болохгүй гэж боддог. Бүгд ижил төрхтэй байвал эвгүй биз дээ. Соёлыг түгээж үйлдвэрлэж  байгаа бид  хэтийдсэн өөрчлөлт хийх нь хожимоо нийгэмд хортой байж мэдэх юм. Энэ миний л бодол шүү.

Бүх л зүйлд ээжээсээ үлгэр дуурайлал авч шүтэж явдаг даа

-Та хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?

-Миний ээж монгол эмэгтэйн бүх сайхан шинж бүрдсэн бүсгүй. Бүх л зүйлд ээжээсээ үлгэр дуурайлал авч шүтэж явдаг даа. Урлаг, уран бүтээлийн тал дээр урлаг соёлын алдартнууд, тэр дундаа ардын жүжигчин гавьяат жүжигчид, багш нараасаа үлгэр дууриалал авна. Уртын дуучин хүн Монгол үндэсний хувцсаа зөв сайхан өмсөх ёстой. Миний хувьд Монгол үндэсний хувцсаа зөв сайхан өмсөхөд их ач холбогдол өгдөг, хичээж л байна. 

-Та үндэсний хувцсаар хэр гоёдог вэ?

-Бидний ганц ялгарах зүйл үндэсний хувцас шүү дээ. Үндэсний хувцсаар гоёх дуртай. Би уртын дуучин хүн учраас тэр чиглэлийн дээл хувцсаа өмсдөг. Манай иргэд ч гэсэн үндэсний дээл хувцсаар их гоёдог болсон. Одоо нэг үеийг бодвол өв соёл маань дэлгэрч хүн бүр үндэсний хувцасаараа гоёх дуртай болсон. Шинэ уран бүтээлийнхээ хувцаслалт дээр ч гэсэн нилээн анхаарсан.

-Ярилцсан танд баярлалаа

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Мядагбадам: Уртын дуу Монгол хүний сэтгэлзүй, оюун санааны язгуурын дархлаа  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 7 цаг 2 минутын өмнө
Ирээдүйд тэмүүлсэн сайхан бүсгүй дүүдээ амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй