
Эдийн засаг хямарлаа, хүндэрлээ гэх яриа нь 2015 онд л хамаатай биш. Одооноос л зардлаа танаж эхлэхгүй бол 2017 онд Чингис, Самурай бондын өрийг төлж эхлэхэд бүр ч их хүндрэлтэй болно. Энэ сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, эдийн засагч, судлаач нартай ярилцлага хийлээ.
-Бид өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлэгт өмнө нь Сангийн Яамны Төсвийн Бодлогын Хэрэгжилтийн газар ажиллаж байсан хүнийг судлаачаар урьж авчирсан. Тэгэхээр энэ хүнд эхний асуултыг тавья. Хямралын үеийн төсөв ямар байх ёстой вэ?
Судлаач Б.Батжаргал:-Нэгдүгээрт хямрал, хямралт байдал гэсэн энэ маргааныг эцэслэх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэхээр уул уурхайн салбарын өсөлт, хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг харьцуулаад үзэх юм бол уул уурхайн салбарын өсөлт нь өндөр. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт нь арай бага байна. Уул уурхайн салбарын өсөлт дотроо хэдий хэмжээний эрдэс баялгийг экспортлов, тэр эрдэс баялгийн орлогын хэдэн хувь нь Монгол руу буцаж орж ирж байна вэ гэдэг дээр судалгаагаа нарийвчилж хийвэл энэ ДНБ-ний бодит өсөлт нь чухам яг хэд байна вэ гэдэг маргаан эцэслэгдэх ёстой байгаа юм. Тиймээс уул уурхайн салбараас бусад салбарын хувьд бол хямралт байдал аль хэдийнэ үүссэн. Ингээд хямралт байдал нэгэнт үүссэн. Өөрөөр хэлбэл, өсөлт нь хасах руу орж ирсэн гэсэн агуулга гарч ирж байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт хямралт байдал үүссэн ийм нөхцөлд бол нийт макро эдийн засагт доргилт үүсэх нь зайлшгүй. Дээр нь манай гадаад төлбөрийн тэнцэлтэй холбоотой хүндрэлүүд үүсээд байгаа. За ингээд 2008,2009 оны, өмнө нь 1990-ээд оны хямралын үед ч гэсэн бид мэдээж төсвийн бодлого, мөнгөний бодлого дээрээ нэмэлт өөрчлөлт оруулах замаар тогтворжуулах ийм бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байсан.
-Одоогийн яригдаад байгаа төсвийн тодотголоор хэрхэн арга хэмжээ авах талаар ярьж байна уу?
-Өнөөдрийн байдлаар манай макро эдийн засгийн 32 хувийг төсвийн бодлогоор, 68 хувийг мөнгөний бодлогоор зохицуулж байна. Өөрөөр хэлбэл одоогийн яригдаад байгаа төсвийн тодотголтой холбоотой энэ асуудал нийт эдийн засгийн 32 хувийг хэрхэн тогтворжуулах тухай бодлогын асуудал ярьж байна. Гэтэл цаана байгаа 68 хувийн талаар өнөөдөр хэн ч яриагүй, хэрхэн арга хэмжээ авах талаар огт бодлогын шийдэл гараагүй байна гэсэн ийм нэгдүгээр үндсэн зарчмын санал хэлмээр байна. Төсвийн тодотголын хувьд аваад үзэх юм бол мэдээж зарлагаа бууруулах хэрэгтэй. Зарлага бууруулах тал дээр дандаа бүтцийн шинжтэй арга хэмжээ авахгүй, өнөөх л өмнө байсан арга замаараа төсвийн ерөнхийлөн захирагчдын багцыг тодорхой хувиар бууруулна гэж байгаа ийм л чиглэл өгч байгаа нь төдийлөн ажил хэрэгч байдлаар хандахгүй байна гэсэн хөндлөнгийн байр сууринаас ийм шүүмжлэл хэлмээр байна.
-Хямралын үед ямар бодлого баримтлах нь зөв гэж та бодож байна вэ?
-Хоёрдугаар шүүмжлэл автобензин, дизелийн түлшний албан татвартай холбоотой. Өөрөөр хэлбэл, хямралын үед авдаг арга хэмжээ бол нийт ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвар муудсан байгаа нь тэд нарын бодит орлогыг хамгаалах тухай бодлого орж ирдэг болохоос биш тэдний бодит орлогод халдсан татвар ногдуулах зэрэг арга хэмжээг авдаггүй.
-Тэгвэл ямар бодлого, хэрхэн явуулж байж ард иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах ёстой юм бэ?
-Нэгдүгээрт, бодит орлогыг хамгаалахын тулд энэ бодит орлого буурсан уу, үгүй гэдгийг авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэд, төсвийн байгууллагын ажиллагсад болон аж ахуйн нэгжид ажиллаж байгаа иргэдийн цалин инфляциар, ханшийн өөрчлөлт гээд хоёр янзаар үнэ цэнээ алдаж байна. Ханшийн өөрчлөлтөөр үнэ цэнээ алдахыг судлаад үзэх юм бол 40 гаруй хувиар, инфляциар бол 11 хувиар үнэ цэнээ алдсан байж байна. Ханшийн өөрчлөлт нь дам утгаараа буцаагаад бараа, бүтээгдэхүүний үнэ цэнэд нөлөөлдөг учраас тодорхой хэмжээний хугацааны хоцрогдолтойгоор буцаагаад бодит орлогыг бууруулна. Нэгэнт одоо ингээд 11-15 хувиар жил бүр иргэдийн бодит орлого буураад байгаа энэ нөхцөлд тэдний бодит орлогыг хамгаалах ганцхан боломж бол төгрөгийн ханшаа тогтворжуулах, төсвийн байгууллагын ажиллагсдын хувьд бол цалингийн тодорхой хэмжээг нэмэх л асуудал байна.
-Судлаачийн тайлбарыг сонслоо. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн та төсвийн төслийн ажлын хэсгийн гишүүн. Тэгвэл таны хувьд хямралын үеийн төсвийг, тэр тусмаа төсвийн тодотголыг ямар байдлаар өргөн барьсан гэж бодож байна вэ?
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: -Хамтарсан Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Манай нам энэ Засгийн газарт орсон. Сангийн сайд манай намын гишүүн. Бид нэгдүгээр сарын 3-ны үед төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. Нэгдүгээр сарын 5-наас хойш ажлын гурван долоо хоног өнгөрч байна. Миний бие МАН-ын бүлгийн төсвийн тодотголын ажлын хэсгийг ахлаад явж байна. Энд зургаан гишүүн бий. Надаас гадна Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, С.Дэмбэрэл, Су.Батболд нар байдаг. Энэ долоо хоногийн даваа гараг хүртэл МАН-ын бүлгийн ажлын хэсэг нэг ондоо байр суурьтай байсан. Хуучин хэрэглээгээ дэмждэг, эдийн засгийнхаа тэлэлтийг дэмждэг тийм зүйл ангиудыг төсвөөс дэмжиж чаддаггүй байсан. Үүнийг өөрчлөхийн тулд эхний ээлжинд Хөгжлийн банкны гадуур зарцуулагддаг байсан төсвийг Хөгжлийн банкинд оруулж авъя, Монголбанкинд хэрэгжүүлээд байгаа төсвөөс гадуур хөтөлбөрүүдийг зогсоох юмуу, эсвэл дахиад энэ засаг талдаа аваад нэг төсөвтэй болъё гэдэг ийм шаардлага тавьсан. Хоёрдахь нь бол бид нар төсвийг алдагдалгүй батлая. Нэгэнт хэмнэх юм бол хэмнэсэн шиг хэмнээд урьдны бодлогын алдаануудаа засъя гэдэг ийм шийдвэр гаргасан. Ингээд хоёр долоо хоног бараг саатуулсан гэж буруутгагдсан. Алдагдлыг бид нар нэмэхтэй батлаж чадахгүй бол тэг болгоё гээд дийлсэнгүй, хасах хоёр хувьтай болгоё гээд дийлсэнгүй. Одоо бүр улстөрийн нөхцөл байдалд “хүчиндүүлээд”, таван хувь дээр батлаж байна.
Яг үнэнээ хэлэхэд, МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн өөрсдийнхөө зорьсон, бодсон, ард түмнээс шаардаад байгаа бүхнээ энэ төсөвт суулгаж чадаагүй. Би та бүхэнд хэдхэн тоо хэлье. Бид нар гадаад өрийн тухай хангалттай их ярилаа. Зөвхөн Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2.9 их наяд төгрөг. Дээр нь бид нар төсвөө таван хувийн алдагдалтай батална гэдэг чинь 1.2 орчим их наяд төгрөгийн үнэт цаас дахиад гаргахыг зөвшөөрчихөж байна гэсэн үг. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээ 4.1 их наяд төгрөг болно. Хоёрдугаарт, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах хүнгүй болж эхэлсэн. Одоо арилжааны банкуудаас өндөр хүү амлаж, үнэт цаас зах зээлээс татдаг үзэгдэл бий болсон. 2014 оны төгсгөлөөр Засгийн газрын үнэт цаас борлуулах ажил хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн. Та нар бод доо.
Арилжааны банкууд 18 хувийн хүүтэй хадгаламж цуглуулдаг. Засгийн газар 18 хувийн хүүтэй хадгаламж цуглуулаад, арилжааны банкуудтай хүүгээр өрсөлддөг ийм технологи дэлхийд байхгүй.Үүнээс гадна Засгийн газрын үнэт цаас чинь хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгддөг болохоор дахиад 10 хувь гэсэн үг. Хадгаламж эзэмшигчдийн 19.8 хувь нь Засгийн газрын үнэт цаасны 18-тай дүйж байна гэсэн үг. Зөвхөн 2015 оны нэгдсэн төсөв дотор зээлийн үйлчилгээний төлбөр 700 гаруй тэрбум төгрөг төлж байна. Зээлийн хүү төлж байна. Бид нар 1.2 их наядыг 2015 ондоо нэмчих юм бол 2016 оны төсөв дээр ирэх зээлийн хүүнийачаалал нэг их наяд болно. Тэгээд та нар бод. Нэгдсэн төсвийн нийт орлого 6.4 их наяд болж байдаг.Үүний нэг их наядыг нь бид нар зөвхөн зээлийн үйлчилгээний хүүнд төлж байна. Санхүүгийн пирамид гэдэг юм явсан. МАН-ын бүлгээс ийм санал оруулаад дийлсэнгүй, харамсалтай нь. Энэ Хөгжлийн банкин дээр явж байгаа эдийн засгаа богино хугацаанд тэлдэггүй, тэтгэдэггүй, энэ хэрэглээний гэж хэлж болохоор импортыг өдөөдөг энэ хөрөнгө оруулалтаа зогсоо гэж хэлээд үнэхээр дийлсэнгүй.
.jpg)
-Өнгөрсөн хугацаанд төсвийн орлого, зарлага буруу тодорхойлж байснаас болоод ийм байдал үүсчихсэн юм биш үү. Энэ тал дээр судлаач, эдийн засагчид ямар байр суурьтай байна вэ?
Судлаач Б.Дөлгөөн: -Өнөөдөр Монголд болж байгаа хямрал бол яах аргагүй төлбөрийн тэнцлийн хямрал гэж хэлж болохоор хямрал байгаа юм. Сүүлийн хоёр жилд долларын ханш 45 хувь нэмэгдсэн. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Монгол Улс руу орж ирж байгаа доллар, гарч явж байгаа доллараас бага байгаа. 2014 онд нийт төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум долларт хүрсэн. Тийм ч учраас долларын ханш 15 хувиар өссөн. Тэгвэл бид нар өнөөдөр 2015 оны төсөв ярьж байгаа боловч 2015 оноо оруулаад 2017 ондоо бэлдэх ёстой. Яагаад бид нар 2017 ондоо бэлдэх ёстой вэ гэхээр бид нар 2017 ондоо 2.5 тэрбум долларыг гадагшаагаа зээл болон зээлийн хүүнд төлөх ёстой болж байна. Өнөөдрөөс буюу 2015 оноос эхэлж эндээ бэлдэхгүй бол 2017 онд үүнд бэлдэх ямар ч боломж байхгүй. Үүнтэй уялдуулж бид өнөөдөр төсвийнхөө бодлогыг, төсвийнхөө зарлага, орлогыг тэнцвэржүүлж гаргах ёстой. Чойжилсүрэн гишүүний хэлж байгаа нь үнэн. Тэгэхээр бид өнөөдөр төсвийн ашигтай хувилбаруудыг гаргаж, тэр гаргасан хувилбаруудаараа гадаад валютынхаа нөөцийг нэмж байж, гаднах хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэнэ. Монгол Улсад итгэсний дараагаар бид 2017 онд шаардлагатай гэвэл нэмэлт зээл тавиад, өмнөх зээлээ дарах боломжтой.
-Өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн бондын хөрөнгийг зөв зохистой зарцуулсангүй гэдэг шүүмжлэл яваад байна. Тэгэхээр хүмүүсийн өр тавихаас айгаад байгаа болгоомжлол үүнтэй холбоотой. Тэгэхээр тэр өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн бондуудын хөрөнгө, тухайлбал, төсвөөс гадуур санхүүжигдэж байгаа 719 тэрбум төгрөгийг энэ жил төсөв рүү оруулж ирж байна. Тэгэхээр энэ мөнгийг импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зарцуулах уу. Юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:-Сая 2017 онд хүнд болно гэж ярьж байна. Миний харж байгаагаар бол 2017 оноо ч үзэж чадахгүй болчихоод байна. Яагаад гэвэл яг өнөөдрийн байдлаар сая бид нар эдийн засгийнхаа зөвхөн 30 орчим хувь, төсвийн тухай ярилаа. Энэ чинь төрийн салбар. Цаана нь үлдэж байгаа 70 орчим хувь нь хувийн салбар байгаа. Хувийн салбарт өрийг 2015 онд буцаан төлөхөөр шаардлагатай 1.4 тэрбум долларын өр үүсчихээд байна. Монгол Улсын валютын нийт нөөц 1.4 тэрбум байна. Тэгэхээр 2017 онд төлөх 3.3 тэрбум доллар, 2016 онд төлөх 670-аад сая доллар, энэ онд төлөх 1.4 тэрбум доллар, 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлөх Чингис бондын 500 мянган долларыг оруулаад тооцох юм бол ойрын гурван жил дотор 6.2 тэрбум доллар Монгол Улсаас гадагшилна. Энэ бол зөвхөн урьд нь үүсчихсэн байгаа зээлийн үндсэн төлбөр. Дээр нь нэмээд зээлийн хүү явна. Дээр нь бид нарын урсгал экспорт, импортын алдагдал байгаа. Цаасан дээр бид нар экспорт нь давчихлаа, импорт нь багасчихлаа гээд байгаа. Гэхдээ энэ дотор чинь Оюутолгойн борлуулалт байгаа. Баялаг нь гадагшаа гараад экспорт нь манай дээр бичигддэг ч мөнгө нь наашаа орж ирдэггүй. Төлбөрийн тэнцлийг хэдээр алдагдуулаад байгааг өнөөдрийг хүртэл нэг ч хүн, нэг ч албан тушаалтан хариулдаггүй. Ийм нөхцөлд сая бид нар хоёр долоо хоног саатуулсан. МАН-ын засагт орсон юм бол өөрийн бодлогыг, өөрийн ааш авирыг энэ хямралт байдлыг зогсооно гэж явсан. Харамсалтай нь бид нар үнэхээр дийлэхгүй байна. Жишээлбэл, өнгөрсөн 2013, 2014 онд Чингис бонд, Самурай бонд, Кредит Свиссийн, хуучин Хөгжлийн банкин дээр босгоод үлдээчихсэн байсан 580 сая доллар, нийтдээ гурав гаруй тэрбум долларыг эдийн засаг руу хийсэн. Дээр нь нэмээд Монголбанкин дээр хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд дөрөв орчим их наяд төгрөг хийсэн. Энэ төсвийн хөрөнгө оруулалтуудыг тус бүр 1.5 хоёр жилээр хийгээд тэгээд гурав гээд 11 орчим их наяд төгрөг зарцуулаад яагаад бид өнөөдөр хямралт байдал руу орчихов оо.Хүнээр зүйрлүүлээд хэлэх юм бол хүнд өвдсөн. Одоо мэс заслын ширээн дээр гарч хэвтэнэ. Хэдий түргэн хэвтэнэ. Төдий чинээ эрт хямралаас гарна. Тэгэхгүй бол бид нар энэ аргацаасан байдлаараа цаг тутам явж, мэс заслыг хийхгүйгээр нэг өдөр явбал дараа нь гурван өдөр сунжирна шүү. Эдийн засаг ямар нөхцөлд орчихоод байгаагаа улстөрчид, намууд, бизнесмэнүүд нэг хэл дээр ойлголцъё гээд дийлсэнгүй.
-Бид төсвөө ярьсаар байгаад л хямралын сэдэв рүү яах аргагүй орчихлоо. Тэгэхээр эргээд төсвийнхөө сэдвийг яръя. Ер нь бизнесийнхний салбарын зүгээс төсвийг юу гэж харж байна. Төсвийн тодотголын төслийг харж байхад манай бизнесийнхний нуруун дээр хэр ачаа очихоор харагдаж байна?
Бизнес эрхлэгч А. Цолмонтуяа:-Миний хувьд энэ төсвийн тодотголын төслийг үзээд сэтгэл минь шимширч байна. Би Б.Чойжилсүрэн гишүүний хэлснийг дэмжиж байна. Өнөөдөр эдийн засагт мэс засал хийхгүй л бол яах аргагүй Монгол хэцүү байгаа. Жишээлбэл, орлого бүрдүүлэх тал бол бизнес эрхлэгч нар байдаг. Гэтэл өнөөдөр цаг уурын гарцаагүй байдал гэдэг шиг бизнес эрхлэгчдийг алдагдалтай ажиллах хууль эрхзүйн тогтолцоо бүрдүүлчихээд, тэгээд орлогыг бид нараас авна гэдэг бол хэзээ ч байж болохгүй асуудал. Яагаад би үүнийг хэлж байна вэ гэхээр миний хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын хууль дээр нэлээд тооцоо судалгаа хийж, яг л хөрсөн дээрээс нь өнөөдөр бизнесменүүдэд хэрхэн ачаалал өгч, яг гарцаагүй байдлаар хэрхэн алдагдалтай ажилуулаад байгааг тэр нөхцөлийг бодит тооцоон дээрээс гаргаж ирсэн хүний хувьд ярьж байна. Тэгэхээр энэ төсвийн зардал талаар нь манайхан их яриад байна. Тэгвэл орлого гэдэг талыг нь сайн ярьж байж, хаанаас юу юу авах вэ. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг бид өнөөдөр яг үнэндээ хариуцлагын тогтолцооны хүрээнд нь олж авч чадаагүй, хэдэн төгрөг орж ирэхийг нь ч мэдэхгүй шахуу байж асуудал яригдаад байгаа байхгүй юу.
Тэгэхээр өнөөдөр аливаа юмны орлого талыг маш сайн тооцож байж, зардал тал яригддаг. Тэгэхээр төсвийн зардалтай холбоотоймэдээ авлаа л даа. 17 тэрбум төгрөгийг гаднын зөвлөхөд өгөхөөр шийдвэр гарлаа гэж ярьж байна. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгч нар болоод, Монголын зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа чадамжтай боловсон хүчнүүдийнхээ үгийг сонсохгүй, тэд нараасаа зөвлөгөө авч чадаагүй байж, тийм их мөнгийг яагаад гадагшаа өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж тавьмаар байгаа байхгүй юу. Яагаад гэвэл манай мэргэжилтнүүд, ялангуяа эдийн засгийн салбар дээр, зөвлөх үйлчилгээний салбар дээр нэлээд чадамжтай болчихсон. 17 тэрбум төгрөгийн мөнгийг хэмнээд бид тэр бодит нөхцөл дээр эдийн засгийн тооцоо хийгээд тэр болохгүй байгаа асуудлыг нь мэс заслын аргаар ч бай, ямар нэг байдлаар бид нар гаргах чадамжтай. Тийм учраас би энэ тал дээр мэдэгдэл хиймээр байна. Хэрвээ та нар 17 тэрбум төгрөг үнэхээр гадаадын зөвлөхөд өгөх гэж байгаа бол эхлээд мэргэжлийн манай баг хамт олонд яг зэрэгцээд ажиллах боломжийг нь олго. Бид нар ажиллая. Тэгээд бид нарын ажлыг хоёр талаас нь шүүж үз гэдэг саналыг тавьмаар байна.
-Төсвийг мөнгөний бодлоготой уялдуулж байж хямралаас гарна гэж ярьжбайна. Нөгөө талаас зарлагыг бууруулах тал дээр хүндрэлээс яаж гарах вэ. Тухайлбал, хүүхдүүд, одонтой ээжүүдийн мөнгийг танахгүйгээр төр тансаг хэрэглээгээ танах, обьектуудаа зарах байдлаар хямралаас гарах боломжтой гэж ярьж байгаа. Энэ чиглэлд УИХ хэр анхаарч байна вэ?
УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэн:-Энэ тухай ярих юм бол нэвтрүүлгийн цаг хүрэлцэхгүй. Эдийн засаг гэдэг чинь секунд, минут, цаг тутам байнга хөдлөж байдаг. Тэгэхээр мөнгөний бодлогоо, төсвийн бодлогоо цаг, улирал, минут, секунд тутам байнга хянаж байх ёстой. Макро тоонуудаа хооронд нь харьцуулаад ингэе, тэгэе гээд. За тэгэхээр зөвхөн нэг тоо хэлээд би УИХ-ын гишүүдэд ойлгуулж чадахгүй. 2015 оны төсвийн тодотголоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.1 орчим хувьтай байна гээд нэлээн өөдрөг төсөөллөөр оруулаад ирсэн. Энэ өөдрөг төсөөллөөр нь бодохоор манай дотоодын манай дотоодын нийт бүтээгдэхүүн 21 орчим их наяд байна гэхээр 2015 онд 1.5-1.6 их наяд төгрөг нэмүү өртөг бий болгоно энэ онд. Түүнээсээ 1.2 их наяд төгрөгийг нь Засгийн газар нь үнэт цаас гаргаад татаад авчихаж байгаа. Тэгчихээд ямар ойлголтоороо хувийн секторуудаа төлөх вэ. Ийм хоёр мөнгө 12 орчим их наяд төгрөг байгаа байх. Монголбанк сүүлдээ мөнгөний хатуу бодлого бариад эхэлсэн. 2014 онд ийм хоёр мөнгийг 1.5 их наядаар нэмэгдүүлсэн гэж сүүлдээ би Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж асуусан. Тэгэхээр бид 1.5 их наядаар нэмэгдүүлчихээд 1.2 их наядыг нь буцаад төсөвтөө татаад авчихаж байгаа байхгүй юу. Тэгээд яаж энэ бизнесийн салбар явах юм бэ. Би Н.Алтанхуяг гишүүний ярьж байгаатай зарим зүйлтэй санал нэг байна. Заримтай нь санал нийлэхгүй байна. Харамсалтай нь манай МАН УИХ-д 26 суудалтай. ЗГ-т 19 гишүүний зургааг нь манайх аваад явж байна. Тэгэхээр бид нар ард түмний хүсэж байгаа бодлогыг явуулж чадахгүй байна.
-Эдийн засгийн хүндрэлийн энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломж алга байна гэсэн тайлбар өгч байна. Тэгвэл одоо аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих боломж байна уу. Татварын бодлогоор дэмжихийн оронд зарим татвараа нэмэх тухай асуудал яригдаад байна?
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:-Яг наадахыг чинь би МАН-ын бүлгийн дүгнэлтэнд оруулаад сууж байна. Хөрөнгийн татвар гэж дөрвөн төрлийн татвар нэмэхээр орж ирсэн. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн дээд хязгаарыг одоо байгаагаас нь гурав дахин нэмчихэж байна. Бууны албан татварыг 15 дахин нэмэгдүүлж байна. Ийм бодлого явуулаад бизнес эрхлэгчид сөхөрч уначих гээд байгаа ийм нөхцөл байна. Ахиад тээврийн хэрэгслийн татварыг бас гурав дахин нэмчихэж байна. Дээр нь нэмээд урьд хожид байгаагүй Нийслэлийн татвар гээд оруулж ирсэн. Борлуулалтын тохиолдол бүрээс авна. Жишээ нь, буудайны тухай тариа ногоо ургуулангуут нэг хувь, түүнийгээ гурил болгоод үйлдвэрлэхээр нь дахиад нэг хувь, хүнсний үйлдвэрт ороод талх болгоод гаргаад ирэхээр нэг хувь, хүнсний дэлгүүрт ороод худалдахаар нь нэг хувь. Энэ чинь өссөн дүнгээрээ жишээлбэл, талхан дээр л гэхэд 4.8 хувиар өртгийг нь нэмчихэж байгаа юм. Гэтэл УИХ-д бид нар 2014 оны 11 дүгээр сард 2015 оны мөнгөний бодлогыг батлахдаа инфляцийг нам дор түвшинд буюу долоохон хувьд барина. Ганцхан сарын өмнө инфляцийг 7 хувьд барина гэчихээд ганцхан хуулиар 4.8 хувиар өсөх нь ээ гээд ийм л шийдвэр гараад байна.
-Тэгэхээр хямралын үед татварыг нэмэх ёсгүй. Харин ч бууруулах ёстой гэж эдийн засагчид үздэг юм билээ. Гэхдээ нийтээр нь татварыг нэмэхгүй, бууруулж чадахгүй ч гэсэн ядаж архи, тамхины татвар нэмэх ёстой гэдэг. Энэ тал дээр судлаачид ямар байр суурьтай байна вэ?
Судлаач Б.Дөлгөөн:-Архи, тамхины гэдэг чинь эргээд шууд бизнесийн салбартайгаа л холбоотой байхгүй юу. Архины татвар чинь бүгд доллараар явагдаж байсан. Тэгээд доллар 45 хувь өсөнгүүт эргээд энэ татвар чинь 45 хувь өсөж байна. Тэгэнгүүт архи үйлдвэрлэгч компаниуд ард түмнээрээ хичнээн муу хэлэгддэг ч гэсэн төсөвтөө хувь нэмрээ оруулаад явж байгаа компаниуд чинь сөхөрч унахад ойрхон болчихоод байна. Тэгэхээр энэ бүх татварыг нэгэнт Монгол Улс бүх нутаг дэвсгэртээ арилжаа наймаа хийнэ гэсэн хуультай л юм бол төгрөгт шилжүүлэх нь нэг бодлын зөв. Гэхдээ энэ компаниудын татварыг нэмээд, энэ компаниудыг сөхрөөд дампууруулж байснаас яг өнөөгийн байдлаар нь хэвээр нь авч яваад дараа нь эдийн засаг сайжрах үеэр нь нэмье л дээ. Заавал ч үгүй өнөөдөр энэ айлын үзэн ядагдсан хүүхэд шиг байнга шоовдорлогдох албагүй байхгүй юу. Тэгээд энэ ярьж байгаа татваруудаа яагаад нэмээд байна гэхээр нөгөө зардал нь их өндөр байгаа юм. Тэгэхээр татварыг нэмэх буюу одоо талхан дээр 4.8 хувь нэмэгдэнэ гэж ярьж байна. Энэ бол эргээд манай ард иргэдийн бодит орлогод шууд халдсан шинжтэй бодлого болж байна.
-Бизнес эрхлэгч А.Цолмонтуяа: -Одоо ингээд сая архи, тамхины татварын талаар ярьж байна. Тэгээд үүнийг бодит амьдрал дээр ямар байгааг судлаж үзсэн юм. Малчин, тариачнаас нь эхлээд дэлгүүрт тэрийг борлуулахад Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд ш дээ. хэдэн төгрөгний алдагдалтай ажиллаж байгааг гаргасан. Тэгэхэд захын хорооллын дэлгүүр 384 төгрөгний алдагдалтай ажиллаж байсан. Тэгээд бид нар асуусан. Та нар 384 төгрөгний алдагдалтай ажиллаж байж яаж болоод байгаа юм гэвэл “Нэгдүгээрт бид нар аргагүйн эхэнд орлогоо нуудаг юм. Алдагдалтай байдаг юм байна бодитоор. Тэгээд бид нар ашгаа олж авахын тулд архи, тамхийг зайлшгүй зардаг. Тэгэхээр бид нар тусгай зөвшөөрөл гэдэг юман дээр чинь амиа тавьж өгөхөөс буцдаггүй юм” гэсэн хариулт хэлээд байна. Нэг тал дээр тэр НӨАТ-ын хууль нь яах аргагүй амьдрах нөхцлийг нь хаачихсан. Гарцаагүй байдалд оруулж байна. Хүний хүнсийг зарснаараа алдагдал үүрээд байна ш дээ. Гэтэл архи, тамхи зарснаар ашгийг бий болгож байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд бид нар бүхий л хэсэгт нь гүн шинжилгээ хийж байгаад, түүн дээр нь гүнзгийгээр авч, тэнцвэрт онооны хуудсан дээр тэгш талбайд нь барьж үзэж байж, татварын хуулийн асуудлыг цогцоор нь боловсруулах шаардлага гарчихсан юм. Тэгэхгүй нэг юмыг нэмлээ, хаслаа гэдэг нь нийгмийн гарах дуу авиаг эмгэнэлтэй болгоод байна. Яг бодит байдал дээр шүү.
Судлаач Ч.Анхбаяр:-Би зарим нэг тоо баримт дурдъя. Тухайлбал, банкны зээлийн чанаргүйдлийн хэмжээ 625 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний 36.6 хувийг уул уурхай эзлэж байна. За тэгээд бөөний болон жижиглэнгийн худалдаа гээд. Ерөнхийдөө эдгээр салбаруудын хувьд нөхцөл байдал 2008,2009 оны хямралын түвшинд ирсэн байна. Тэрийг хялбархан харж болно. Өөрөөр хэлбэл, энд дурдагдсан дөрвөн салбарын нийт чанаргүйдлийн хувь 2008,2009 оны үед 81 хувьтай байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар 86 хувьтай болсон байсан. Тэгэхээр 2008,2009 оны хямралын түвшинд ирсэн байна. Дээр нь хэрвээ 2013 онд валютын зээл авсан аж ахуйн нэгжүүдийг сүүлийн хоёр жилийн ханшаар үржүүлээд үзвэл ханшийн өөрчлөлтөөр 960 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэсэн тоо гарч байна. Төсвийн орлого дээр аваад үзвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 161 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Энэ бол татвар нэмэгдээгүй үеийнх. Цаашид татвар нэмэгдээд явбал нэг талаас валютын ханш, хоёрдугаарт татварын дарамт, гуравдугаарт зээлийн чанаргүйдэл зэргээр маш хүнд нөхцөл байдалд унах нь гарцаагүй болно. Бид нар 2017,2018 онд тэртээ тэргүй өртэй тулна. Тэнд бид нар хохирол багатай үлдэх ёстой. Тэгэхийн тулд одоо аж ахуйн нэгжүүдээ боомилох хэрэггүй. Харин эсрэгээрээ тэднийг татвараар, холбогдох хууль эрхзүй, хөрөнгө оруулалтаар дэмжих ёстой байсан. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Одоо та бүхэн мэдэж байгаа. Ирэх он бол сонгуулийн жил. Энэ оноос эхлээд сонгуулийн янз бүрийн популизлууд, хавраас эхлээд янз бүрийн жагсаал цуглаан гээд ар араасаа цувах нь ойлгомжтой. Ийм үед одоогийн АН ийм тоглолт хийж, төсвийн тодотголыг ингэж хийх нь өөрөө өөрсдийгөө унагаасан л хэрэг.
-Бензиний онцгой албан татвар нэмэхээр болж байгаа. Энэ нэмэгдэхээр ажиллагсдын цалингийн нэмэгдэл олгоно гэсэн асуудал яригдаж байна. Нэг талд цалин нэмэх ёстой байдаг. Нөгөө талд татвар нэмэхгүй байх ёстой байдаг. Тэгэхээр яах вэ?
Судлаач Б.Батжаргал:-Төсвийн бодлого дээр баримталдаг гол зарчим бол нийгмийн баялгийг шударга хуваарилах ёстой гэсэн гол зарчим байдаг л даа. Тэгээд онцгой албан татварыг 228 тэрбум төгрөгөөр нэмчихээд энэ олсон эх үүсвэрийнхээ тодорхой хувиар цалин нэмж байна тээ. Тэгэхээр миний түрүүний ярьдаг үндсэн зарчимтай энэ үйл явц яаж зөрчилдөөд байна. Уул нь бол дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хямдраад байдаг. Тэгэхээр энэ хямдарсан хэмжээгээр Монголын ард түмэн хямдхан шатахуун хэрэглэж байх ёстой байтал нөгөөдөхийг нь нийт бөөнийх нь үнээр өндөр хэмжээнд татварыг нь нэмж барьсаар байгаад, тэртээ тэргүй үнэ буурах ёстой байсан орон зайг татвар болгож аваад, буцаагаад 98 тэрбум төгрөгийг нь л цалин нэмэхэд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгийг тэгш шударгаар хуваарилах үндсэн үүргээ макро эдийн засгийн бодлогоороо дамжуулж хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хийж болж байна. Хоёрдугаарт, түрүүн Б.Дөлгөөн ярьсан. 2017 онд хамгийн хүнд байна гэсэн. 2017 оноос хүнд байдал эхлэж байгаа ч гэсэн дор хаяж таван жил үргэлжилнэ ш дээ. Тэгээд тэрнээс хойш ч гэсэн үргэлжилнэ.
Яагаад гэхээр бид нар Чингис бондоос,Хөгжлийн банкны 600-аас хойш авсан тэр хэмжээгээр үргэлжилнэ. Тэгэхээр би одоо сүүлийн үед юу гэж бодож байна вэ гэхээр “Үнэхээр нээрээ галзуу хөгжүүлнэ гэсэн үгийг зүгээр хэлээгүй байгаад байгаа юм. Яагаад вэ гэхээр би төсвийн бодлогод 1996 оноос хойш оролцож байна. Ийм уялдаагүй арга хэмжээг мөнгөний бодлого дээр авч байгааг би урьд хожид хэзээ ч үзээгүй. Тэгээд тэрийгээ засах гэж оролдохгүй байгааг би урьд хожид хэзээ ч үзээгүй. Тэгээд гарч байгаа үр дүн бол Монгол хүн бүрийн халааснаас авч байгаа байхгүй юу. Би энэ дээр ганцхан жишээ хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр Монгол хүн бүрийн халаасанд хүрч нөлөөлдөггүй байхгүй юу. Гэтэл Монгол Улсад хамгийн өндөр эрх мэдлийг авсан Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, хуулиар тэр хүнд асар том эрх олгогдоод, тэр хүний үзэгний үзүүрээр Монгол хүний халаас хөдлөж байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өндөр эрх мэдэл олгосон тэр хүнийг хэн хэзээ, ямар шалгуураар, яаж, ямар хариуцлагатайгаар явж байна вэ гэдэг асуудал миний санааг асар их зовоож байна.
-Инфляци өсөөд, долларын ханш өсөөд, үүнтэй холбоотойгоор төгрөгийн худалдан авах чадвар буураад иргэн бүрийн халаас руу орж байна гээд ярьж байна. Тэгвэл бид нар энэ алдаатай бодлогоосоо яаж гарах ёстой юм бэ?
Судлаач Б.Батжаргал: -Макро эдийн засгийн бодлогыг сууриас нь зөв ярьж явахгүй болохоор өвчнөөр ярих юм бол суурь оношиндоо биш шинж тэмдэгт нь хөтлөгдөөд байгаа байхгүй юу. Бизнес эрхэлдэг хүн бол маш сайн мэднэ. Байшин барихын тулд эхний хоёр гурван жилд л өндөр зардал гардаг болохоос биш энэ зардал хойшид үргэлж давтагдах ёсгүй байхгүй юу. Ганцхан тоо хэлэхэд уул уурхайн том компаниудын хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнөх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн хөрөнгө оруулалтын тоо хэмжээ хоёр одоо тэнцэж байгаа. Энэ хооронд юу болсон. Ганцхан үйл явц болоод л дуусчихсан. Тэгэхээр энийг гадаадын хөрөнгө оруулалтаас шалтгаалаад буурсан гэж дүгнэх нь шинж тэмдэгт хөтлөгдөж байгаа эмч биш хүний дүгнэлт гэдгийг хэлмээр байна. Үүнийг санаатайгаар дэмжиж ярьж байгаа нь шуудхан хэлэхэд Монголбанк.
.jpg)
-Сүүлийн үед хаа хаанаа бүсээ чангалах хэрэгтэй гэж ярьж байна. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлэж бүсээ чангалаад, үүнийгээ үлгэрлээч гэж хүмүүс хэлдэг. Үүнд гишүүн та хариулахгүй юу?
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:-Ийм шүүмжлэл байдаг юм. Бас үнэний хувьтай. Гэхдээ бас хэтрүүлэг байна. Сая бол төсвийн тодотголоор улс төрийн албан хаагчдад оногдож байгаа захиргааны зардал шууд таван хувиар буулга гэсэн шийдвэр гаргасан. Үүнд бас цалин, унааны зардал багтана. Гэхдээ энэ бол бид нарын яриад байгаа тав, арван тэрбум долларын дэргэд нэг, хоёр зуун сая төгрөг. Жижиг шоу гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хандлага бол зөв. Улсын их хурлын гишүүд өөрөөсөө эхлээд, төр дээрээсээ танах ёстой гэдэгтэй санал нэг байна. Жишээ нь сая МАН-ын бүлгээс унааны зардлыг болъё гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дээр очоод энэ санал маань тэр таван хувийг хасаад шийдэгдэж байна л даа. Гэхдээ бид нар бол тэмээ ярьж байхад ямаа яриад, хэдэн мянга дахин бага асуудлыг яриад байна. Одоо манай эдийн засгийн бүтэц маань дандаал хэрэглээ. Эдийн засагт тэлдэг, валют олдог, экспортолдог ийм төсөл байхгүй. Сая жишээ нь аргаа ядаад Хөгжлийн банкинд үлдсэн 720-иод тэрбум төгрөгийг хоёрхон экспортын төсөл дээр хэрэгжүүлээд, ойрын 2-3 жилийн хугацаанд валют нааш нь татдаг төсөлд хийчихье. Авто зам, сургууль эмнэлэг барих хэрэгтэй л дээ. Гэхдээ яг энэ хямарчихсан цаг үед тэвчихээс өөр арга байхгүй. Зам барих хэрэгтэй. Зам барьж болно. Гэхдээ яг энэ хямралын цаг үед замаа бариад улс нь дампуурчих нөхцөл байдал үүсээд байна. Тэвчихээс өөр арга байхгүй.
Судлаач Б.Дөлгөөн:-Тэгж танасны үр дүнд гурав дахь жилдээ өөрсдийнхөө өрийг дахин санхүүжүүлэх нөхцөл байдал бүрдсэн. Гаднын хөрөнгө оруулагчид хараад Латви улс үнэхээр танаж чадаж байна. Энэ бол сайн бодлогын жишээ мөн гээдитгэл үзүүлээд, найман хувиар дахиж бонд гаргахад нь худалдаж аваад тэгээд re-financing хийгээд тэр дампуурах эрсдлээс улс орноо аварч чадсан. Энийг хэн хийж байна вэ гэхээр эхчүүд эхлээгүй, энийг ерөнхийлөгчөөсөө эхлээд парламентийн дарга, Ерөнхий сайд нь эхлүүлж явсан. Тэгэхээр ийм жишээг ч гэсэн манай улс хараад хэрэгжүүлэх ёстой юм болов уу гэж би бодож байна.
-Шүүгчдийн цалин 3-6 сая төгрөг байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Үүнийг хоёр сая төгрөг болгоход болох юм биш үү. Мөн дэд сайдуудыг байлгах уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдөр яригдаж байна. Хэрвээ дэд сайдуудын орон тоог хасвал хэдий хэмжээний мөнгө хэмнэх боломжтой вэ?
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: -Дэд сайдуудын орон тоог хасвал хэдий хэр хэмжээний зардал хэмнэх боломжтой талаар багцаа тоо хэлье. Ойролцоогоор 17 дэд сайд байгаа. Дэд сайдууд чинь жолооч, туслах, гадаад, дотоод томилолтын зардал гээд байна. Үүнийг дунджаар тооцохоор 300 гаруй сая төгрөг хэмнэнэ. Гэхдээ бид нарын энэ эдийн засагт тулгарчихаад байгаа асуудалтай харьцуулбал тэмээний тухай ярьж байхад хулганыг яриад байгаа шиг л асуудал.
-Дэд сайдуудаа авч үлдээд, дор нь ажиллаж байгаа хүмүүсээ халаад байгаа юм шиг ийм дүр зураг харагдаад байна. Сүүлийн үед бол төрийн байгууллагад маш их хэмжээний золиос явж байна. Энэ хүмүүс эдийн засгийн золиос болох ёстой юу?
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: -Ер нь бол наадах чинь шийдэж чадахгүй асуудал болоод байна. Нэг статистик дүн байна. 2004 онд төрийн албан хаагчдын орон тоо 120 мянга орчим байсан. 2012 оны нэгдүгээр сард С.Батболдын Засгийн газрын үед 158 мянга орчим байсан. Одоо энэ 2014 сүүлээр 180 мянга болоод нэмэгдчихсэн байгаа байхгүй юу. 2004-2012 оны хооронд ингэж нэмэгдээд, төр данхайгаад, бүтэц томорсон. Төрийн албан хаагч ерөөсөө нэмүү өртөг бүтээдэггүй. Дандаа зардал гарна. Одоо энэ бүхнийг хийхээс өөр арга байхгүй. Хийж чадахгүй бол дампуурал руугаа л явна.Үүнийг л би сүүлийн хоёр долоо хоног ярьсан. Гэтэл цаг хугацаанд хавчигдаад нэгдүгээр сард төсвийн тодотгол батлахгүй болохоор төсвийн байгууллагын санхүүжилт хийгдэхгүй. Дандаа нэг сандарсан, цаг хугацаанд шахуулсан. Монгол төрийн байдал нэг иймэрхүү л байна.
-Төсөв мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, төсвөө яаж батлах ёстой юм бэ?
Судлаач Б.Батжаргал:-Хүн уураг тархитай учраас л хүн байгаа. Уураг тархи нь төрийн хувьд бол бодлого боловсруулж байгаа нэгжүүд юм. Төрийн хувьд бодлогыг хэн боловсруулж байна вэ гэхээр яамдууд дээр боловсруулж байна. Үеийн үед төр томорлоо гэнгүүт хамгийн түрүүнд судалгаагүй ярьдаг зүйл бол дандаа цомхотгол. Цомхотгол 1990-ээд оны үед хийгдэхдээ дандаа төлөвлөдөг байгууллагыг хэрчээд хэрчээд, хасаад явчихсан. Одоо яаж байна гэхээр миний харж байгаагаар бодлогын гурван яам адилхан энэ цомхотголд өртөөд өнөөдөр бодлогынхоо арга хэрэгжээг хэрэгжүүлж судалгаагаа хийх чадамжгүй болтлоо орон тоогоо цомхотгуулсан.
Судлаач Б. Дөлгөөн:-Бид нар яг энэ хямралын үед иргэдийнхээ, ард түмнийхээ бодит орлогод халдаж болохгүй. Бодит орлогыг дэмжсэн бодлого явуулах ёстой. Тэр дундаа гурван зүйл байна. Нэгдүгээрт инфляци, хоёрдугаарт валютын ханш байна, гуравдугаарт ажилгүйдэл байна. Ажлын байр нэмэгдүүлэх ёстой. Ажилгүйдлийг багасгах хэрэгтэй.
Бизнес эрхлэгч А.Цолмонтуяа:-Миний хувьд бизнес эрхлэгчдийг дэмжсэн, татварын цогц эрс шинэчлэл хийсэн бодлого хэрэгтэй.Татварын бодлогыг боловсруулахдаа зүгээр нэг хэдэн тоо, үг заалтанд биш Монгол Улсын эдийн засгийн бүх хүрээнд дүн шинжилгээ хийж, эдийн засгийн төрөлжилтийг гаргаж, тэндээсээ тэнцвэрт онооны хуудсан дээр тодорхойлогдсон бодлого шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.
Судлаач Анхбаяр:-Миний хувьд татвар нэмэх нэг ч бодлогыг дэмжихгүй байна.Харин тэр урсгал зардал таналт тал дээрээ, ялангуяа захиргааны зардлыг танахыг илүүд үзэж байна. Түүнээс гадна төрийн байгууллагуудад чадварлаг баг ажиллаж байх ёстой. Тэгэхээр тэр чадварлаг багаа эхнээсээ явуулаад байгаа нь харамсалтай. Ер нь бол төсвийн ажилчдын цомхотголын асуудлыг нэгдсэн шалгалт аваад, тэндээсээ чадварлагийг нь шилж авах арга зам сонгож авах хэрэгтэй гэж үзэж байна.
Төсвийн зардлыг хэмнэх гарц | ||
Үзсэн: 2347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.