
Инфляци төв банкны төсөөлж байснаас нам түвшинд буюу 4.9 хувь хүрч буурсан учир одоо мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хэрэгтэй гэж УИХ-ын зарим гишүүд ярих болсон. Төв банкны ерөнхийлөгч бодлогын хүүгээ бууруулах цаг нь болсон гэдгийг ерөнхий утгаараа хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг чуулганы индэр дээрээс хийсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлт дөнгөж гурван хувьтай байгаа, дээр нь Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв нь алдагдалтай байгаа нөхцөлд мөнгөний зөөлөн бодлого нь хувийн секторт дэмжлэг болохоосоо илүү төсвийн алдагдлыг нөхөх бодлого болчих магадлалтай гэсэн болгоомжлол байна.
Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийг дагаж манай улс төсвөө тэлсээр ирсэн. Үүнээс шалтгаалж улсын төсвийн алдагдал, хөгжлийн банкыг оруулаад гурван жил дарааллан 10 орчим хувьтай байлаа. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр энэ тоо 8-9 орчим хувьд байхаар байна. 2016 оны төсвийн төслийг оруулж ирэхдээ сангийн яам нэлээд өөдрөг төсөөлөлтэй оруулж ирж байна гэж эдийн засагчид харж байна.
Төсвийн орлогоос давсан зарцуулалт нь санхүүжүүлэх эх үүсвэргүй учраас Засгийн газар зээл авах эсвэл бонд гаргадаг. Инфляци нам дор байгаа энэ үед бодлогын хүүгээ бууруулах замаар бид өсөлт нь гурван хувь дээр дэнжигнэж байгаа эдийн засгаа хувийн сектороо дэмжих замаар өсгөх боломж байна. Гэхдээ төсвийн зардлыг бууруулж алдагдалгүй батлаж чадахгүй бол зорьж байгаа үр дүндээ хүрч чадахгүй гэсэн санааг Монголбанкнаас УИХ-д өгч байгаа зөвлөжинд тусгагдсан байна.
Төсвийн бүтцийг задалж үзвэл урсгал зардал, өрийн үйлчилгээний зардал нь ихэнх хэсгийг эзэлж байна. 2011 оноос өмнө улсын өрийн үйлчилгээний төлбөр нь 40 тэрбум төгрөгөөс хэтэрдэггүй байсан. Гэтэл 2016 оны төсвийн төсөлд суусан өрийн үйлчилгээний төлбөр нь нэг их наяд төгрөг болжээ. Энэ нь 100 мянган төрийн албан хаагчийн цалингийн зардалтай тэнцэх мөнгө. Авсан учраас төлөх ёстой. Энэ бол зайлшгүй. Харин урсгал зардлын хувьд ихэнх нь цалингийн зардал байна. Манай улсад байгаа 184 мянга орчим төрийн албан хаагчыг цалинжуулахын тулд 1.9 их наяд орчим төгрөг зарцуулж байгаа. Тэдгээрээс 126 мянга гаруй нь төрийн үйлчилгээнийнхэн буюу эмч багш зэрэг хүмүүс байгаа бол үлдсэн 58 мянга орчим нь төрийн тусгай болон захиргааны ажилтнууд байгаа юм. Эдгээрийг цалинжуулах эх үүсвэр харагдахгүй байгаа учраас халахаас өөр арга байхгүй. Төрд ажлын байр хадгалах нь эдийн засагт нэмэр гэхээсээ нэрмээс л болно. Гэхдээ сонгууль ойртсон үе ирчихээд байгаа учраас улс төрчдөөс хүн хална гээд зоригтой дугарчих хүн харагдахгүй байна гэж зарим эдийн засагчид үзэж байна.
Төсвийг хэрхэн алдагдалгүй батлах вэ | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.