Шууд Chart

Ёс суртахууны нэрт философичид

2021-05-11 10:40:39

Уншигч танд өнөө цагт ёс зүйн чиглэлээр судалгаа хийж шилдэг бүтээл туурвисан зарим философичийн товч намтар, дэвшүүлсэн үзэл санааны тухай товч танилцуулж байна.


Аласдер Макинтайр

Аласдер Макинтайр 1929 онд Шотландын Глазгод төрсөн, Манчэстэр, Оксфордын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Одоо Нотр Дамын Их сургуулийн философийн тэргүүлэх профессор, Лондон Метрополиан Их сургуулийн сургуулийн “Ёс зүй ба улс төр: Аристотель судлалын төв”-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан. Макинтайрын бүтээл нь ёс суртахуун, улс төрийн философид хамгийн их нөлөөтэй гэж үздэг. Соён гэгээрүүлэгчдийн үеэс хойших нийгэм дэх ёс суртахууны рациональ чанар, ёс суртахууны доройтлыг судалсан. Тэр Аристотель, А.Фома нарын философийг сэргээн өнөөгийн нийгмийн сөрөг үзэгдлийг даван туулах боломжит шийдэл олно гэж үздэг нь түүнийг аристотельч-томист уламжлалыг дэмжигч хэмээхэд хүргэжээ.

“Сайн үйлийн дараа” (1981) гэдэг номондоо орчин үеийн либераль капитализм ба нийгэм нь логик холбоо бүхий ёс суртахууны кодгүй учир орчин үеийн нийгэмд ихэнх хүмүүс зорилт ба хүй хамтлагийн мэдрэмжээ алдсан хэмээн шүүмжилсэн. Тэрээр “Бодит байдал дээрх ёс суртахууны олон янз байдал нь “ёс суртахууны хэл”-д эргэлзэхэд хүргэж байна. Орчин үеийн ёс зүй нь нарийн төвөгтэй. Ёс зүй, ёс суртахууны асуудлыг шашин, соёлын үндсэн зарчмуудыг агуулсан өргөн хүрээгээр хүний нийгмийн амьдрал, хувийн зорилгын утга учрыг тооцон шийдвэрлэж болно. Оюун санаа нь эдгээр уламжлал, зарчмуудаас хамааралтай байдаг. Ёс суртахууны зөрчил нь өнгөрсөн үеэс уламжилж ирсэн ойлголт, хандлагыг дамжуулсан хэв маяг, таамаглал, үзэл санааны түүх, уламжлалын хооронд байршиж, тэдгээрээс шалтгаалдаг” хэмээн үзсэн.


Жудит Жарвис Томсон

Жарвис Томсон 1929 онд төрсөн, Америкийн философич. Тэрээр 1959 онд Колумбын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан, одоо Mассачусетийн технологийн Их сургуулийн философийн профессор, 2015 онд Кембрижийн Их сургууль, 2016 онд Харвардын Их сургуулийн хүндэт доктороор шагнагдсан. Түүний судалгааны чиглэл нь ёс суртахууны философи, метафизик. Хавсарга ёс зүй, норматив ёс зүй, мета ёс зүйн хүрээнд судалгаа хийж, хувь хүний биеийн бие даасан байдал, үр хөндөлтийн талаар өгүүлэл, бүтээлүүд хэвлүүлсэн.

Тэр ёс суртахууны ба метафизик асуудлыг анхаарч, ялангуяа үр хөндөлт, амиа хорлолтын тухай сэдвүүдээр бичдэг. 1971 онд бичсэн “Үр хөндөлтийг хамгаалах нь” сэдэвт өгүүлэлдээ үр хөндөлт ёс суртахууны хувьд үл зөвшөөрөгдөх нөхцөл, шалтгаан хийгээд үр хөндөх эрх, эх ба ургийн эрхийг адилтгаж үзэх зэрэг зөрчилтэй олон асуудлыг үндэслэлтэй авч үзсэн. Мөн “Ёс суртахууны харьцангуй үзэл ба ёс суртахууны бодит байдал” (1996), “Сайн сайхан ба зөвлөгөө” (2001) бүтээл нь уншигчдын талархал хүлээсэн чансаатай бүтээлүүд юм.


Аллан Гиббард

Аллан Гиббард 1942 онд төрсөн, математик, физик судалж байгаад 1971 онд Харвардын Их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Одоо Мичиганы Их сургуулийн философийн тэргүүлэх профессороор ажиллаж байна. Мета ёс зүйн судалгаа хийдэг бөгөөд нонкогнитивизмын өнөөгийн хэлбэрийг боловсруулахад үлэмж хувь нэмэр оруулсан. Гол бүтээл нь “Цэцэн мэргэн сонголтууд, оновчтой мэдрэмж: Хэм хэмжээт бодомжийн онол” (1990) юм. Тэрээр “Бид ёс суртахууны хэм хэмжээг ойлгох, хүн болж төлөвшихөд мэдрэмж чухал үүрэгтэй. Бид хэн нэгний үйлдлийг рациональ байдлаар хүлээж авбал тухайн үйлдлийг  баталгаажуулж байна гэсэн үг. Хэм хэмжээг хүлээн зөвшөөрснөөр дагаж мөрдөж, илэрхийлж байдаг. Хүлцэл, зэм, гомдлыг мэдрэх нь бидний хүмүүжилд болон ёс суртахууны хэм хэмжээг ухаарахад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж үзсэн.


Дерек Парфит (1942-2017)

Дерек Парфит 1942 онд Хятадын Чэндү хотод төрсөн, христын шашин номлогч эмчийн гэр бүлээс гаралтай. Яруу найрагч болохыг мөрөөдөж байсан хүү 1964 онд Оксфордын Их сургуульд магистр хамгаалчихаад нөхөрлөлийн тухай орчин үеийн түүхийн судалгаа хийж байгаад “All Souls” коллежд судлаач болж, философийн судалгаа хийх болжээ. 2014 онд Шведийн шинжлэх ухааны академийн Роберт Шокын нэрэмжит шагналыг логик ба философийн салбарт хүртсэн байна. Дэлхийн олон их сургуульд багшилсан. Тэрээр философийн олон бүтээл туурвисны дотор “Оюун ухаан ба хувь хүн” (1984) бүтээлдээ ирээдүй ба түүхийн шилжилтийн харилцаан дунд хувь хүний адилсал, рациональ чанар, ёс зүйн асуудлыг авч үзсэн. Үр өгөөжтэй альтруизмыг сурталчилдаг нэгэн байв. Ёс суртахууны философи үзлийнхээ гурван тулгуур болох Кантын деонтологи, консеквенциализм, контрактрианизмын үүднээс ёс суртахууны асуултуудад нэгтгэн дүгнэсэн хариулт олохыг чухалчилж байсан.


Петер Унгэр

Петер Унгэр нь 1942 онд төрсөн, 1966 онд Оксфордын Их сургуульд А.Ж.Айэрийн удирдлагаар докторын зэрэг хамгаалсан. Одоо Нью-Йоркийн Их сургуульд философийн профессор. Унгэрийн судалгааны чиглэл нь оюун санааны философи, хавсарга ёс зүй, эпистемологи, метафизик юм. “Юу ч мэдэхгүй: Скептицизмийн шалтгаан” (1975), “Хоосон санаанууд: Аналитик философийн шүүмж” (2014) бүтээл туурвисан. Унгэрийн “Үнэтэй амь ба үхлийг зөвшөөрөх нь” (1996) хэмээх хавсарга ёс зүйн ном нь ихэд алдартай. Энэ бүтээлд “Өндөр хөгжилтэй орнуудын иргэд бүх мөнгө, өв хөрөнгөө хандивлах үүрэг хүлээсэн бол ёс суртахуунтай, тэд бусдын амь насыг аврахын төлөө буян байгууллагуудаар уламжлан хөгжиж буй орнуудын иргэдэд туслах нь зайлшгүй болно. Түүнчлэн тэд бусдад тэгш хандах ёс суртахууны үүрэг хүлээн бусдад чухал ач тустай үйлийг хийх ёстой” гэсэн санаа дэвшүүлсэн байна.


Петер Сингэр

Петер Сингэр 1946 онд Австралийн Мельбурнд төрсөн, 1969 онд Мельбурнийн Их сургуульд философийн магистр, Оксфордын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Одоо Мельбурнийн Их сургуулийн “Нийтийн ёс зүй ба хавсарга философийн төв”, Принсетон Их сургуульд профессор. Сингэр хавсарга ёс зүй, био ёс зүйгээр мэргэшсэн, өнөөгийн утилитаризмын төлөөлөгч. Дэлхийн хэд хэдэн хүмүүнлэгийн байгууллагад зөвлөх, амьтны төлөө буяны байгууллага, ядуурлын эсрэг байгууллагын шинжээчээр ажилладаг. Сингэр бол академик ертөнцийн дотор ч, гадна ч ажилладаг учир түүний нэр хүнд, нөлөө, илэн далангүй байдал, ёс суртахууны талаарх үзэл, хандлага нь олон нийтэд танигдсан.

Тэр “Практик ёс зүй” (1980) бүтээлдээ өнөөгийн асуудлуудад утилитари байр сууринаас хандах талаар онолддог. Тухайлбал, үр хөндөлт хийхэд амьдрах эрхийн хүрээнд хувь хүнийг илүүд үзэж түүний амьдралын чадавхийг бодолцох ёстой. Сингэр альтруизмыг хүчтэй дэмжиж, бидний зорилго бол зовлонг бууруулах хамгийн үр өгөөжтэй боломжийн арга замыг олох явдал юм гэж үзсэн. Тэр “бид маш олон хүнд асар их аз жаргал авчрах үр дүн бүхий шийдвэр гаргах ёстой” гэсэн утилитари үзэл дэвшүүлдэг. “Амьтныг чөлөөлөхүй” (1975) ном бичсэн нь орчин үеийн амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөнүүдэд маш чухал нөлөө үзүүлсэн.


Марфа Нуссбаум

Марфа Нуссбаум 1947 онд төрсөн, 1975 онд Харвардад докторын зэрэг хамгаалсан, одоо Чикагогийн Их сургуулийн хууль зүй, ёс зүйн салбарт профессор. Америкийн философийн нийгэмлэгийн гишүүн. Тэрээр улс төрийн философи, ёс зүй, феминизмийн асуудлыг судалж, хүйсийн харилцаа, үүрэг, хэм хэмжээний асуудлыг авч үзсэн. Тухайлбал, хүйсээр ялгаварлах, хавчих, эсэргүүцэх асуудлыг авч үзсэн. Нуссбаум нь эртний Ром, Грекийн философиор судалгаа хийж “Сайн сайхны хэврэг байдал: Грекийн эмгэнэлт жүжиг ба философи дахь хувь заяа ба ёс зүй” (1986), “Хүмүүнлэг чанарыг хөгжүүлэх нь” (1997), “Хүйс ба нийгмийн ёс зүй” (1999)  зэрэг бүтээл туурвиж өнөө цагийн ёс зүйн хөгжилд хувь нэмэр оруулсан философич.


Кристинэ Корзгаард

Кристинэ Корзгаард 1952 онд АНУ-ын Чикагод төрсөн, Харвардын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан, одоо Харвардын философийн тэргүүлэх профессор. Ёс суртахууны философийн судалгаагаа оюун санааны философи, адилслын философи, метафизик, норматив асуудлуудтай хэрхэн холбогдохыг авч үздэг. “Хэм хэмжээний эх үндэс” (1992) бүтээлдээ И.Кантын ёс суртахууны философийг үндэслэл болгосон ч хүмүүс хэн нэгний өмнө ёс суртахууны үүрэг хүлээдэг гэсэн үзлийг тайлбарлаагүй юм. Ёс суртахууны үүргийн тухай хэдэн гол үндэслэлийг судалж, ёс суртахууны үүргийг тодорхойлоход хэм хэмжээт чанарын зайлшгүй болохыг харуулсан. Өнөөгийн Кантч үзэлтнүүд ёс суртахууны үүргийн асуудлыг үндэслэхэд идэвхтэй хандахыг уриалж байдаг. Корзгаард “Бид ёс суртахууны үүргээ мэдэх нь үнэлэмжийн утгатай. Ёс суртахууны үүргийн хэм хэмжээ бол бидний өөртөө ногдуулсан зүйл” гэж хэмээсэн. Тэрээр өнөөгийн ёс суртахууны философид И.Кантын хандлагын ач холбогдлыг дахин тогтоож, хамгаалахад чухал нөлөө үзүүлсэн эрдэмтэн юм.


Квэми Антони Айппиа

Квэми Антони Айппиа 1954 онд Лондонд төрсөн, Гана улсад өссөн, Кэмбрижд докторын зэрэг хамгаалсан. Нью-Йоркийн Их сургуулийн Хууль зүйн сургууль болон Философийн тэнхмийн профессор. Улс төрийн онол, ёс суртахууны философиор мэргэшсэн, мөн арьс өнгө ба адилслын судалгааны салбарт тэргүүлэх эрдэмтдийн нэг. Тэрээр залуу байхдаа хэлний философиор ажиллаж байсан нь цаашдын эрдэм судлалын карьерт нь маш их нөлөөлж, улмаар улс төр, ёс суртахууны философи руу орсон байна. “Өнгөт ухамсар: Арьсны өнгө, улс төрийн ёс суртахуун” (1996), “Ёс зүй ба адилсал” (2005) зэрэг бүтээлдээ “биологийн арьс”-ны үзэл болон ижил арьстай бүлгүүдийн эрх, эрх чөлөөний талаар авч үзсэн ба африк төвт үзлийг шүүмжилдэг.


Дэвид Одерберг

Дэвид Одерберг нь 1963 онд төрсөн, Австралийн философич, одоогоор Британийн Рийдин Их сургуулийн философийн профессор. Тэр метафизик, оюун санааны философи, шашны философиор судалгаа хийдэг ч консерватив ёс суртахууны философийн чиглэлээр илүү ажилласан. 2000 онд “Хавсарга ёс зүй: консеквенциаль бус хандлага”, “Ёс суртахууны онол: консеквенциаль бус хандлага”  гэдэг бүтээл бичиж, нэрт ёс суртахууны философич Петер Сингэрийн ёс суртахууны философийн утилитари хандлага ба амьтны эрхийг хамгаалах тухай үзлийг нь шүүмжилсэн.

Ялангуяа Одербергийн ёс суртахууны философи нь гэм буруугүй амьдралыг зориудаар зогсоох нь ёс суртахууны хувьд буруу, жишээ нь үр хөврөл бол гэм буруугүй амьдрал гэдгийг үндэслэсэн санаа дэвшүүлсэн. Түүнчлэн үр хөндөлт, эвтанази (амар үхэл)-ийн асуудлыг үхлийн гэрээтэй адил гэж үзсэн ч төрөөс цаазаар авах ял, шийтгэл хэрэглэхийг дэмждэг байна. Тэр өмнөх үеийн философичдын метафизикийг сэргээн авч үзэж, өнөөгийн аналитик метафизик, туршлагын мэдлэгтэй холбон судалж байгаа юм.

Нийтэлсэн: М.Золзаяа

Ёс суртахууны нэрт философичид  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй