Шууд Chart

Алтан говийн “араажав”-тай малчин

2024-08-19 10:32:02

Он жилүүд хонин холбоо хөврөх адил зогсолтгүй урсана. Сэтгүүлчийн тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн бичвэрээ сэргээв.

...Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин В.Пансан одоогоос 40 гаруй жилийн өмнө "ВЭФ" гэдэг гялалзсан ган антентай жижигхэн хар "араажав"-ыг хөөр болон худалдан аваад гэр ахуйн багш гэргий нь өрмөгөн цагаан даавуун дээр алхан хээг шаглан байж, уут хийж өгч бурханыхаа хажууд эрхэмлэн залсан гэнэ.

Түүнээс хойш он удаан жил өнгөрсөн ч В.Пансан өдий хүртэл "араажав"-аа сонсож, хамт нүүж, бууж, оторлож, эргэх дөрвөн цагт хамтдаа л явдаг гэнэ. Одоо тэднийх Гучин-Ус сумын нутаг үзэсгэлэнт Монголын хоолойд 400 гаруй тэмээгээ оторлон яваа ч отрын өмгөрхөн гэртээ "араажав"-тайгаа хамт.

Яриа хөөрөө болсон, сэргэлэн эр Пансан "За манай Монголын араажав телевизийнхэн ирэв бололтой? Сайхаан сайхан, би ч муу араажаваа эзгүй гэрт даарчихна гээд битүү хөдсөнд ороочихдог юм. Даараад зай цэнэг нь барагдчихна гэээд хүүхэд шиг нэхийд боож өлгийдсөн араажаваа гаргав. Бараг ч эзэд нь ирсэн шиг байна, нэг уулзаг" гэж хошигнон "өлгийнөөс" нь гаргав. Орой ирээд л дангинуулчихна шүү дээ. Ээ араажав бол хөдөөний бид мөн ч ханьтай юм шүү" гэж ярьсаар. Хичнээн жилийн нүүдэл суудлыг элээснийг хэн мэдлээ, гэхдээ араажав нь шив шинээрээ. Ярихгүй сэдэв, мэдэхгүй зүйлгүй тэр малчин ерөөлийг урсгаж өгөх нь гайхалтай.

Монголын радио, телевизийн "Алтан ботго"-ны эзэн, Аймгийн сайн малчин Пансан, "Араажав, араажаваар ярьдаг хүн бүхэнд хайртай " гэнэ. Л.Мөнхтөр, "Цаг агаар"-ын Шаагаа, Цогт-Эрдэнэ гээд явж байна аа. Тэрээр саяхан хотод орж ирэхдээ Монголын радиогоор хэрэг болгон орж, 30 жилийн өмнө сурвалжилж явсан Д.Амбасэлмаа, радиогийн танил дуу хоолой Д.Билгээ нартай тааралдан гар барьж, "Малчин" нэвтрүүлгийн өрөөгөөр орж "Зөөлөн замбуулин"-гийн Л.Мөнхтөртэй ярилцаж, "Алтан ботго" илгээсэн уран бүтээлчдээ "амьд"-аар нь харж, радио телевизийн өндөр цамхагт сүслэн залбирсан гэнэ.



"Төл таван-эрдэнэ" нэвтрүүлгээр дараа жил нь эргэн уулзахад Монголын радиогийн "Алтан ботго"-ны эзэн В.Пансан төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан байлаа.

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Алтан говийн “араажав”-тай малчин  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй