
Нэрт сэтгүүлч, МУСГЗ, Босоо овогт Лувсандоогийн Гүнсэн миний багш. Энэ эрхэм Монголын Радиотой нас чацуу юм билээ. Харин өөрөө бол “...чацуутан гэвээс алдас болно. Залуу насыг минь тосч авч хүн болгосон, жаахан авъяасыг тордож алдрын титэм өмсгөсөн, эцэг эх шиг минь ивээл нөмөр болсон Раажавынхаа өлмийд би сөгдөнө” гэдэг юм.
1985 оны долдугаар сар. Монголын Радио өөрийн гэсэн мэдээллийн албатай болж, өөрсдөө мэдээгээ үйлдвэрлэж эхэлсэн үе Өөрийн дээлээ өмсөж, өндгөө бусдаар даруулдаг хөхөө байхаа болив. Гү багш нэг хэсэг Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн албыг толгойлж байгаад Москвагийн радиод хэдэн жил орчуулагчаар ажиллаад иржээ. Зөвлөлтийн сэтгүүлчдийн бэлтгэсэн радио мэдээний онцлог, арга барилыг харьцуулж үзэхэд манай мэдээний өнгө аяс, хийц бүтцээсээ эхлээд цаг цагийн мэдээний багц, зориулалт гээд аль ч талаасаа хол зөрүүтэй байгаа нь харагдаж. Энэ тухай тэрээр... Радио гэдэг айл олны өмнө нүүр тахалдаг гол албаа бусдын мэдэлд орхиод өндгөө бусдаар даруулдаг хөхөө шувууны үлгэрээр алийн болгон аж төрөх билээ. Заримдаа бид бусдын дээл гуйж өмссөн хүн шиг санагддаг байсныг нуух юун.
МОНЦАМЭ агентлагийн үзэг нэгт нөхөд минь уучлах биз. Ганц радио ч биш сонин хэвлэлийнхэн бүгд МОНЦАМЭ-г авч тавьдаг байсан үе. Гэтэл хэрэглэгчид сонинг уншдаг, радиог сонсдог онцлогоос хамаарч 2 газрын мэдээг нэг хэвээр цутгах боломжгүй болсон. ”Ажээ, ажгуу” төгсгөлөөс эхлээд ”ба, бөгөөд“ холбоос сонсголын орон зайд илүүц.
Радиогийн онцлогт нийцүүлэх зохицуулах л шаардлагатай байв... “Хурд хуучлах цагаар“ номд ийн өгүүлжээ. Энэ нь хоёр жилийн өмнө энэ эрхмийн, авъяаслаг редактор, сэтгүүлч Д.Хасбазар гуайтай хамтран бүтээсэн мэдээллийн албаны түүхэн тэмдэглэл билээ. Манай хоёр “акул”-ын бүтээсэн эл номыг та бүхэн хэрэг болгон сөхөөд хараарай. Өвөрмөц хийгээд сонирхолтой бүтээл.
Нийслэлд ирээд өндөг даралцдаг болов
Төрийн сүлд эгшиглүүлж эх орноо сэрээдэг, үндэсний хэмжээнд цорын ганц “Монголын радио”-гийн хаалгыг татав. Ерөнхий редактор Л.Гүнсэн гуайг сураглаж, үйлдвэрийн редакцид тэрүүхэндээ бэргэсхийн яваад орчихлоо. Хүүхээ, чамд бичсэн барьсан, үзүүлж харуулах юм байна уу? гэж байна. Шалгуулах гэж яваа хүн яаж гар хоосон ирэх вэ, “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн “Аав хэзээ ирэх вэ?” өгүүлэл, Эрдэнэтэд тэрлэсэн “Улаахан сарнай” радио жүжиг, жаал зуул юмтай хавтсаа Гүнсэн даргад барьчихлаа. Хэд хоногийн хойно ангийн анд Мятавын Цасанцэцэг маань /уран зохиолын редакцид ажиллаж байв/ утас цохив. Манай ерөнхий ам сайтай байна... “Эрдэнэтээс ирсэн тэр хүүхэд ер нь бичих нь байна шүү” гэсээр манай өрөөнд ороод гарсан гэлээ...
Гүүеэд анх барьж нүдэнд нь торсон байж мэдэх “Улаан сарнай”-гаар минь тэр жил МУСГЗ найруулагч С.Бүргэд гуай дөчин минутын хоёр хэсэгтэй радио жүжиг найруулж, гол дүрд нь нэвтрүүлэгч Ичинноров, жүжигчин Элбэгсайхан, Карма нар тоглож эфирт цацсан юм даг. Жүжгийг бичсэн Дамдинпүрэвийн Амаржаргал гэхийг радиогоор сонссон аав минь даруйхнаа Улсын их дэлгүүр лүү харайлгаж, эфирийг маань мялааж час улаан өнгөтэй ноосон хослол авч, орой ажлаас ирэхэд бөөн баяр угтаж билээ.
Өлзийгөө өгсөн энэ том байгууллагын хаалгаар өглөө орох бүрийдээ дотроо бодолтой сүслэж явдаг юм шүү гэж аав минь үргэлж захидаг юм аа. Ингэж би үе үеийн нэртэй цуутай том уран бүтээлчдийн буян хурсан их айлын шалгуур өндөр босгыг алхаж, Л.Гүнсэн гавьяатын гарын шавь нарын нэг болсон доо. Тэр үед Л.Гүнсэн дарга идэрхэн ч байж.
Нөхөд нь жинхэнэ радио сэтгүүлч гэж үнэлдэг энэ буурал олон олон залуусыг радиод бэлдсэн гавьяатай хүн. Нэг хөгжилтэй ч гэмээр дурсамж сэтгэлд яваад байдаг юм. Наяад оны дундуур болж таарч байна. Тухайн үед 30-40 минутын нэвтрүүлэг бэлтгэнэ. Дор хаяж арван хэдэн хуудас текст бичнэ. Ахлах, хариуцлагатай редакторууд уншина. Ерөнхий редактор хянана даа. Гү даргад авсаар халдах хүн ховор.
Жаахан маруухан юм хийчихсэн бол гэтэх нь холгүй дөхөж, ширээний нь өнцөгт гулгуулж орхиод, уншиж дуустал нь хаалганы цаанаас сэм тандсан дээр. Үйлдвэрийн редакцид “спартак” гэгдэх Ц.Дорж ах, яруу найрагч Дан.Нямаа, Р.Саранчимэг, Т.Оюун гээд нилээд олуул суух. Гэтэл нийслэлийн редакц байгуулах шийд гарсан дуулдана. С.Лхагвасүрэн, “солонгос” Ч.Оюунцэцэг гээд туршлагатай эгч нар редакциас гал тасарч гарах юм байх. Манайхан нөхдөө үдэж тэрүүхэндээ хөөрхөн цайлдаг юм. Нэг харсан Дан.Нямаа /МУСГЗ яруу найрагч/ жаахан ам халсан уу: “Энэ Гүүеэ, дургүй нь хүрвэл хүний текстийг ураад хогийн сав руу шидчихдэг хүн шүү гэж өөдөөс нь харж суугаад пал хийтэл хэлдэг байна. Өнөө айж бэргэдэг ч хайчлаа, хажуунаас нь санаа ч зовох шиг... дарга уурлах вий дээ гэтэл Гүүеэ харин тэрүүхэндээ мушийж суусан.
Ерөнхий маань тэр бүр хөмсөг зангидаад суудаг ч хүн биш л дээ, өөрөө ясны хөдөлмөрч, хатуу чанд шаардлагатай, ажил оромдсон, нүд хуурч аргацаах гэсэн хэний ч толгойг илдэггүй юм. Өнөө харин энэ чанар их л дутаад байгаа санагддаг. Нөхдийн нэвтрүүлгийг уншиж засах зуураа... Хөөе, хараач гэм, санаагаа тун сайн илэрхийлж... олж харсан байнаа гээд олзуурхаж баярлана. Тэрүүхэн хэсгийг бүгдэд дуулдахаар дуудаж өгнө...
Би чиний оронд сурвалжилсан бол гол цэгийг нь олж хатгаад түүнийгээ тойруулж цэгцтэй ярих байлаа... гэж зааж зураад өгнө. Залуус санаж сэрэг гэж тэр. Олон жил хүнтэй ажилласан хашир эр урамшуулахаа ч, ороолгож зэмлэхээ ч мэднэ л дээ. Үйлдвэрт би нэг их удаагүй ээ. Хойтон жил нь юмдаг уу, Мэдээллийн ерөнхий редакц байгуулагдаж даргаар нь Гүүеэг тавьсан даа. Д.Дэмбэрэл, М.Жүгний, Ж.Үнэнбат, Ж.Навчаа, Ц.Нямжав гээд сүүлийн үеийн мэдээний хуучцуул, залуугаас В.Бат-Эрдэнэ бид хоёр. Шинэ редакц маань хуучин Холбооны яамны дөрвөн давхарт урагшаа зүүнчээ харсан саруулхан том том цонхтой, хэрдээ хөөрхөн зайтай дамждаг хоёр өрөөнд төвхнөв. Дарга, хоёр залуу сэтгүүлч гол ачаа үүрнээ... гээд урд цонхны дор, өөрийн зэргэлдээ ширээнд суулгав. Эхэн үед биднийг эфирт шууд оруулж сургах гэж найруулагчийн дэргэд Гүүеэ яг таг суучихна даа.
Дарга үүрэг өгөөд эртхэн харьж, амарч болноо доо. Гэтэл үгүй. Бид текстээ бариад студид орно. Уншинаа... нэг л олигтой болохгүй... улаан гэрэл асахуйд л гол өөд нэг юм өгсөөд, аюулхай дээр бөөн хар юм. За тайван... дахиад эхнээс нь... ингээд л үзчихнэдээ. Сүүлдээ хэл цуцна, гацна. Радиогийн амин сүнс–ярьж хөтлөх урлагт сургах гэж тэр. Тэхнээ хоёр аяганд цай хийгээд барьчихсан, “хоолой нь хатаж байгаа вий, хүүхдүүд халуун цай ууна уу” гээд ороод ирнэ.
“Эрин цаг, үйл явдал” нэвтрүүлэг суртлаас манайд ирлээ. Үдшийн мэдээ “Хөгжим мэдээллийн цаг” хөтөлбөр болж шинэ өнгөөр дуугарч эхэллээ. Д.Чулуунцэцэг Д.Байгальмаа /өдгөө утга зохиолын нарийн бичгийн дарга/ яруу найрагч Ч.Энхээ, Б.Батхүү гээд авьяастай, хамгийн гол нь ажилдаа сэтгэлтэй шинэ залуусаар хүч нэмлээ. Гудамж талбай, үйлдвэрийн цех, төрөх тасгаас шөнийн сурвалжлага хийж, сэтгүүлчид эфирт хоолой хоршин хөтөлдөг боллоо. Тухайн үед том шинэчлэл байсан юмаа. Ер нь манайхан дарга нь ч, цэрэг нь ч тэр, 23 цагт эфир зогсохоос өмнө гэртээ харьж чаддаггүй л байсан санагддаг. Ямар сайндаа Нямжав гуай /Ленингардын их сургууль дүүргэсэн, хожим МУСГЗ болсон лут хүн/ авгай хүүхдээ хоосон хонуулахдаа тулахав. Өглөө гарахад нь эзэгтэй хэлсэн юмсанж. Хоолны махгүй болсон шүү, аваад ирээрэй гэж. Мань эр ажилдаа улайраад мартчихгүй юү. Үдэш хүнсний хорийн дэргэдүүр гарч яваад гэнэт санаж. Шөнө дөлөөр онгорхой дэлгүүр яаж байхав. Гар дээрээс наймаа хийх гэгч дөнгөж л эхэлж байсан үе байж. Ганц нэг хүн тамхи, бохихон тосгуулж бариад гүйх юм гэнэ.
Манай Нямка,
- Энэ хогоор яахав, би хэрэглэх биш. Мах л хэрэгтэй байна, хөөе гэж. Гэтэл тэртээ өнцгөөс нэг авгай, гялгар хүүдийтэй жаал бөндгөр юм барьсаар ирж, - Би уг нь гэртээ авсан юм, танд өгчхөе гэж. Манай хүн ч хэсэг цул мах, хүн зүгээр л өгсөн мэт гялайгаад, авч харьж дээ. Өглөө Нямка алгаа ташиж, хөхөрсөөр ороод ирлээ. Хачин юм үзэх юмаа гээд л инээгээд байна. Үдэш хэдэн хүүхэддээ хоол аялуулж өгөх гэтэл өнөөх нь багахан махаар манжин хулдаад хөлдөөчихсөн байсан юм байх. Үүнийг сонссон би, хүний мөсөө мөнгөөр арилжиж гэж эмзэглээд тэр даруй “Манжин нуусан мах” өлгөц бичиж нэвтрүүлэгтээ оруулсан юм даг. Одоо бодоход нойр хоолоо умартсан олон сэтгүүлчийн халуун сэтгэлээр мэдээллийн шинэ алба хөл дээрээ босч, өдгөөгийн “Хурд”-д суурь тавьжээ. Үндэс суурь бат бөх бол өнө холдоо ч бараатай сүрлэг гэхийн учир бас бий. Авсаар гээж, таягдаж болдоггүй уламжлал гэж бий. Улаачилж “Хурд”-д авчирлаа залуусаа, таалал оршиг. Энэ бол 30-аад жилийн өмнөх дурсамж.
Бид л эхлүүлсэн санагдах юм
Энэ бол Чимидийн Энхээгийн үг. Зохиолч, өмгөөлөгч эрмэгхэн энэ эр, дэлхийд данстай сод хүмүүн Чойжилын Чимидийн хүү бөлгөө. Тэр мөн “Хурд”-ын тулгын чулууг тавилцсан хүн. Түүний дурсамжаас хэдэн мөр сийрүүлюү...
“Гүнсэн даргын удирдлагаар бид мэдээг өөрчилж чадсан, амьд сонирхолтой, мэдээ гэхээсээ бичил ярилцлага, найруулал гэмээр сурвалжлага зонхилох болсон. Энэ шинэ хэлбэр Ардчилсан хөдөлгөөний үед хамгийн их хэрэг болж, өнөөгийн шуурхай мэдээний эхийг тавьсан даа. Манайхны хамгийн халуун үе Ардчилсан хөдөлгөөн өрнөсөн үе байлаа.
Тэр үед мэдээ хичнээн чухал байсныг харуулах баримт олон радиогийн хаалгаар гарав уу, үгүй юү хальс дүүрэн мэдээтэй ороод ирнэ... Өлсгөлөнгийн үеэр бүх үйл явцыг нэгд нэгэнгүй радиогоор дамжуулж, бид хараал, ерөөлийн аль алийг нь сонссон ч ухраагүй юмдаг. Одоо л зарим сонин хэвлэлүүд “аль нэг талыг барихгүй, мэдээллийг тэнцвэртэй хүргэнэ” гээд гайхуулаад байдаг болчихож, уул нь бид л эхэлсэн юм шүү дээ. Бид бүгдээрээ л үүргээ ойлгож, үнэнчээр хийдэг байж, одоо бодоход.
Ажлаа ажил шиг үздэг байснаас албан тушаал ахих шат, авлигал асгарах уут шиг үздэггүй байж. Бид бүгд залуу, зоримог, хөгжилтэй, дундажийг үл хүлээн зөвшөөрөгч, “хэрүүлч” байж ... Энхээгийн энэ дурсамж ч бас өвгөн багшийн хийж бүтээсний тод мөр. Алтан Москвад авъяас хүчээ сорьж, Үндэсний радиод мэдээллийн шинэ алба төвхнүүлж, Парламентын анхны сурвалжлагчаар төрийн ордонд ажиллаж, улс төрийн тойм цэнхэр долгионоор түгээж, гахайн ширэн гэртэй том аппарат мөрөвчилж төрийн өндөрлөгүүдтэй хил хязгааргүй ниссэн энэ сэтгүүлч бидний багшаа. Өнөөдөр Монголын Радио ч, түүний мөнхийн шадар цэрэг багш маань ч найртай наян насны даваа өөд өгсөж л явна даа.
Сэтгүүлч Дамдинпүрэвийн Амаржаргал
“Хурд”-ыг адисласан эрхэм | ||
Үзсэн: 1549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.