
Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Онон хэрхэн хууль бусаар хөрөнгөжиж, дараа нь яаж хэргээс мултарсан тухай мэдээллийг баримттай хүргэж байна.
Нэг шүүхийн тогтоол, хоёр өөр шийдвэр
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол. Нэг: шүүгдэгч Боржигон овогт Рэнцэндоржийн Р.Ононг нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай гэсэн байна. Гэтэл шүүхийн тогтоолын хоёрт, прокуророос шүүгдэгч Р.Ононд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Яагаад шүүх Р.Ононг гэм буруутай гэж үзсэн мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгов. Энэ сэдвээр "Баримт" эрэн сурвалжах нэвтрүүлгийн ээлжит дугаарыг бэлтгэлээ.
Баримт 1: Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг Авлигатай тэмцэх газраас хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 2016 оны тавдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж хэвлэлээр мэдээлж байв.
Р.Ононг Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхад Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг 7.1 тэрбум төгрөгийн өртгөөр барьж эхэлсэн. Харин энэ замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй “Гео зураглал” компанид 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор Зам тээврийн яамнаас шийдвэрлэсэн байдаг. Гэтэл “Гео зураглал” компани авсан мөнгөнөөсөө энэ ажилтай ямар ч хамааралгүй “Эн Би Си Си” гэх компанийн данс руу 200 сая төгрөг шилжүүлжээ. Үүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж үзтэл 200 сая төгрөг хүлээж авсан “Эн Би Си Си” гэх компани нь Р.Ононгийн нэр дээр бүртгэлтэй байгааг тогтоосон байна.
Ийнхүү Авлигатай тэмцэх газраас шалгахад хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхонд 460 мянган америк доллар буюу 640 гаруй сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан нь илэрсэн. Мөн Таван Богд компаниас 164 сая төгрөгөөр цоо шинэ “Ланд круйзер-200” маркийн автомашин авсан, гэр бүлийн гишүүд нь дансандаа 200 гаруй сая төгрөгтэй, аав нь Баянзүрх дүүргийн “Кристалл таун” хотхонд гурван өрөө байртай, эхнэрийн эгч нь 41 сая төгрөгөөр “Киа спортеж” маркийн шинэ машин авсан гээд олон баримт гарч ирсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын үед 41 сая төгрөгөөр машин авсан гэх эхнэрийн эгч нь айлын хүүхэд харж, амьжиргаагаа залгуулдаг, тэр машиныг мэдэхгүй гэж хариулжээ. Харин “Кристалл таун”-д гурван өрөө байртай аав нь “Миний бичиг баримтыг л аваад явсан, юунд ашигласныг нь мэдэхгүй” гэсэн байна. Ийнхүү Р.Ононгийн гэр бүл болон түүнтэй хамааралтай хүмүүсийн нийт хөрөнгө нэг тэрбум 80-аад сая төгрөг байсан гэж "Өнөөдөр" сонинд бичиж байв. Тэгвэл энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгов...
Баримт 2: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Р.Ононг нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг бэлэн 644 сая 955 мянган төгрөгөөр авсан. Түүний хөрөнгө ингэж их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг өөрөө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас гэм буруутай гэж үзсэн байна. Гэвч байр худалдаж авснаас хойш таван жил өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгожээ.
Анх энэ хэргийг үүсгэхдээ Р.Онон зам барих мөнгөнөөс өөрийн хувийн компанидаа шилжүүлсэн тухай. Мөн гэр бүлийн гишүүд болон хамаатан садны хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Харин өнгөрсөн оны 12-р сарын 15-нд болсон Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр энэ бүгдийг ярьсангүй, зөвхөн Ривер гарден хотхонд байрлах дөрвөн өрөө байр хэний өмч болох тухай хэлэлцэж, шийджээ.
Р.Онон энэ дөрвөн өрөө байрыг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200 мянган америк доллар, 11 дүгээр сарын 25-ны өдөр 260 мянган америк доллар буюу бэлэн 641 сая төгрөг төлжээ. Дараа нь үлдэгдэл гурван сая гаруй төгрөгийг нэмж төлөөд нийт 644 сая 955 мянган төгрөгөөр худалдаж авсан байна. Гэвч Р.Онон энэ мөнгөө өөрөө хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдоогүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль бус гарлыг нуун дарагдуулах, өөрчлөн хувиргах зорилгоор эд хөрөнгийн өмчлөлийг өөрийн төрсөн ах Р.Орхоны өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байх үндэслэлтэй байна гэж шүүхээс үзсэн байна.
Р.Ононгийн ах Р.Орхон 2017 оны нэгдүгээр сард болсон шүүх хурлын үеэр “Би энэ байрыг худалдаж авсан. Цог, Лхагвадаш гэдэг найзуудаасаа тус бүр 100 сая төгрөг зээлээд, гэртээ хадгалж байсан” гэж мэдүүлжээ. Гэтэл түүний энэ мэдүүлгийг эхнэр нь үгүйсгэсэн, мөн Цог, Лхагвадаш нарыг “мөнгө зээлүүлсэн” мэтээр мэдүүлэг өгөхийг гуйж ятгасан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Иймээс Орхоныг худал мэдүүлэг өгсөн хэргээр шийтгэсэн байна.
Ийнхүү шүүхээс Р.Ононг Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол тухайн зүйл ангиар дахин хэрэг үүсгэх боломжгүй Энэ нь авилгын хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргээс мултрах нөхцлийг бүрдүүлж байна гэж хуульч, өмгөөлөгч Данзанноров хэлсэн.
Хөөн хэлэлцэх хугацаа нь анх гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоологддог. Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Ононгийн хувьд байр худалдаж авахдаа анх 2012 оны 11-р сарын 24-нд мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүнээс эхэлж тооцвол таван жилийн дараа буюу 2017 оны 11-р сарын 24-нд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үг. Харин анхан шатны шүүх хурал 2017 оны 12-р сарын 15-ны өдөр хуралдаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тэгвэл хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаанд хуулийн байгуулллага юу хийж байв. Хэрэг удаашрах нь нэг талаас мөрдөн байцаагчийн ажлын ур чадвар зохион байгуулалт байдаг бол нөгөө талаас прокурор хэргийг ямар нэг байдлаар гацаах боломжтой гэж хуульчид хэлж байна. Иймээс бид энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “Прокруророос хэргийг удаа дараа мөрдөн байцаалтанд буцааж байсан ч Авлигатай тэмцэх газраас шаардлагатай бүх баримтыг шалгаж, шилжүүлсэн” гэлээ. Харин энэ тухай улсын яллагч Оргил-Очироос тодруулахад, “Бид мөрдөн байцаагчаас ирүүлсэн материал дээр түшиглэж шүүх хуралдаан зохион байгуулсан, наад асуудлаа Авлигатай тэмцэх газраас асуу” гэлээ.
Авилгын хэрэгт хохирогч байдаггүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн мөнгөө алдсан бол араас нь хууль шүүхээр явж, хэргээ шийдүүлэхийн төлөө нэхэл дагал болдог. Гэтэл авилга, ашиг сонирхлын хэрэгт шууд утгаараа хохирогч байдаггүй. Иймээс энэ төрлийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй болох хэрэгтэй гэж Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Улс төр судлаач доктор Саруул хэллээ.
Хуулинд өөрчлөлт оруулахаас нааш энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Нэг талаас мөрдөн байцаагчид хэргийн материалыг хангалттай бүрдүүлж хэргийг нотолдог боловч нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол ямар ч хэрэг нотлоод нэмэргүй гэсэн үг.
Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ бүх заалт хөөн хэлэлцэх хугацааны өмнө хүчин мөхөстөж, төрийн албан хаагчид авилга ашиг сонирхлын зөрчилд холбогдох тохиолдол байсаар байна гэж "Транспаренси интернэйшнл" байгууллагын судалгаанаас харагдаж байна.
Хэн нэгэн хулгай хийсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн төрийн албан тушаалтнууд хариуцлагаас мултарч байна. Хэргээс мулталдаг хуулийн заалтыг өөрчлөх үү? Энэ асуултаар Баримт нэвтрүүлгийн ээлжит дугаараа өндөрлөж байна.
Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсох боломжтой.
Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг.
Хэргээс мулталдаг хуулийн заалт | ||
Үзсэн: 22313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.