Шууд Chart

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна

2025-12-05 16:53:37

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га талбайд нийт 3000 айлын орон сууцыг барих ажлыг өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс эхлүүлсэн.

Тодруулбал, төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 1800 айл, дараагийн ээлжинд 1200 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулах юм. Уг бүсэд нийт 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна.

Төслийн гүйцэтгэгчээр “Материалимпэкс” ХХК ажиллаж байгаа бөгөөд тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 1800 айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа нийт барилгын 15 хувийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д шилжүүлнэ. Ингэснээр тухайн бүсийн хоёрдугаар ээлжийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэх юм. 

Төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц шийдэлтэй орон сууцны хотхоныг төлөвлөж байгаа юм. Түүнчлэн нийт талбайн 50 хувьд ногоон байгууламж, нийтийн эдэлбэр зогсоол барьж, байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг “Материалимпекс” ХХК гүйцэтгэж буй. 

Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулна.


Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй