Шууд Chart

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

2018-10-30 13:14:18

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын санаачилсан “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.

УИХ 2007 оны нэгдүгээр сард “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрлийн дагуу эх үүсгүүрүүдийг барьж, нэгдсэн сүлжээнд холбовол сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал болох 1200 МВт-аас давж гарахаар байгаа юм. Энэ тохиолдолд нэгдсэн сүлжээний горим, ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл үүснэ.

Түүнчлэн 2007 оны хуульд тусгагдсан зарим зохицуулалт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих дэлхий дахины нийтлэг бодлого, зохицуулалтад нийцэхгүй болсноос гадна дамжуулах сүлжээнд холбогдох нар, салхины том чадлын үүсгүүрийн төслүүдийг техникийн нөхцөл болон үнээр өрсөлдүүлэн шалгаруулах, “төсөл хэрэгжүүлэх баталгаа”-г төсөл хэрэгжүүлэгчдээс авах, үнэ, тариф, урамшууллын шинэ тогтолцоо бий болгох зэрэг зайлшгүй шаардлага үүссэнтэй уялдуулж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар:

- Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг зохистой харьцаагаар хөгжүүлэх боломж бий болно.

- Хаана, ямар чадлын нар, салхины эх үүсгүүр барих, ямар хэмжээний эрчим хүчийг худалдаж авах талаар төлөвлөж, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

- Өрсөлдөөн бий болсноор тухайн зах зээлийн бодит үнэ ханш тогтож, төслийн үнэ, тарифыг бууруулах нэг хөшүүрэг болно.

- Үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн төлбөрт шингэдэг “дэмжих тариф”-ыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэх юм.


Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй