Шууд Chart

Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ

2026-07-15 10:24:39

 

Колумб улсын Букараманга хотод болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад оролцсон Монголын шигшээ баг өчигдөр (2026.07.14) эх орондоо иржээ. Энэ удаагийн олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч өрсөлдсөнөөс Монголын багийн таван гишүүн бүгд медаль хүртэж, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлжээ.

Багийн нийлбэр дүнгээр Монгол Улс 90 гаруй орноос 13-15 дугаар байр эзэлжээ. Энэ нь Олон улсын физикийн олимпиадын түүхэнд Монголын багийн хүртсэн хамгийн өндөр амжилтуудын нэг бөгөөд анх удаа дөрвөн мөнгөн медаль хүртсэн тохиолдол болсон байна.

Шигшээ багийг МУИС болон ерөнхий боловсролын сургуулийн багш нараас бүрдсэн дасгалжуулагчдын баг бэлтгэсэн бөгөөд багш, сурагчид дотоодын олимпиадын чанар сайжирсан нь энэ амжилтын үндэс болсон гэдгийг онцоллоо.

Монгол Улсаас оролцсон сурагчид:

Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль

М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль

Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль

Шигшээ багийн ахлагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, МУИС-ийн багш М.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат багш М.Ганбат, ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг, Олонлог.exe сургуулийн багш Э.Гүндалай нар шигшээ багийн сурагчдыг бэлтгэжээ.


Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй