2020-2025 оны газрын бүрхэвчийн (Land Cover) өөрчлөлтийн судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын орчимд бэлчээрийн талбай 11 хувиар буурч, хотжилт 3 хувиар нэмэгдсэн.
Үүнээс үүдэн тусгай хамгаалалттай газрын захын бүсэд хүний үйл ажиллагааны дарамт эрчимжиж, монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдэж байна.
Зарим популяци хүний үйл ажиллагааны шууд нөлөөлөлд өртөж, хязгаарлагдмал талбайд өндөр нягтралтай төвлөрөн, байгалийн жамаар тархац нутгаа тэлэх боломж нь хумигдсан нь судалгаагаар тогтоогджээ.
Иймд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран хязгаарлалтын болон орчны бүсэд газар ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтын талбайд орших өндөр нягтралтай, тасархай тарваганы популяциудаас судалгаа, хамгааллын зорилгоор тодорхой тооны бодгаль барьж, нягтрал багатай, экологийн хувьд тохиромжтой амьдрах орчинд шилжүүлэн сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь монгол тарваганы популяцийн тогтвортой байдлыг хангах, тархац нутгийг сэргээн тэлэх, байгалийн голомтот зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.