
МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Зочны цаг хөтөлбөрт Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн, тархины судсан доторх мэс заслын эмч Р.Ганбаатар оролцож, ярилцлаа.
-Гуравдугаар эмнэлэг тархи судасны эмчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологио танилцуулсан. Энэ шинэ технологийн талаар мэдээлэл өгөөч?
-Тархины судсан доторх мэс заслын эмчилгээний шинэ технологийн эмчилгээ 2014 оноос манай эмнэлэгт хийгдэж эхэлсэн. Энэ төрлийн эмчилгээний анхны тохиолдол гэсэн үг. Үүнээс хойш гурван жил гаруй хугацаанд энэ эмчилгээг Монголд нэвтрүүлж, нутагшуулсан. Одоо цаашдын хөгжлийн асуудал яригдаж байгаа. Энэ нь ямар мэс засал вэ гэхээр тархины судасны цус харвах эмгэгүүд буюу тархины судастай холбоотой бүх өвчнийг зүсэлт хийж, тархи нээхгүйгээр судсан доороос нь эмгэгүүдийг эмчилдэг бичил мэс засал. Энэ нь дэлхийд хурдацтай өндөр түвшинд хүрч хөгжиж буй шинэ технологийн эмчилгээ юм. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүй тулд Монголдоо аль болох нэг жилийн өмнө ч гэсэн эхлүүлээд олон улсын түвшинтэй тодорхой хэмжээнд мөр зэрэгцэн ажиллах зорилготой энэ эмчилгээ хийгдэж байна. Энэ төрлийн эмгэгийн 13-14 төрлийн өвчин байдаг. Манай улсад тархины судасны 10 төрлийн өвчинд өөрсдөө бичил мэс засал хийж байгаа. Бид бусад оронтой адил, тэднээс хол хоцрохгүй эмчилгээ хийж чадаж байгаа. Өнгөрсөн болон энэ онд Монгол Улсад өндөр үнэтэй эмчилгээний 75 хувийг улс төлдөг болсноос хойш эдийн засгийн дарамт багасаж, энэ талын эмчилгээ хийлгэхийг хүссэн өвчтөний тоо нэмэгдсэн. Мөн тархины судасны цус харвах аюултай өвчний тоо жил бүр ихэсч, залуужиж байгаа. Тэгэхээр өвчтөнүүд аль болох зүсэлт хийлгэхгүй, эрсдэл багатай эмчилгээ сонгож эмчлүүлэхийг хүсч байна. Үүнтэй холбоотой 1-2 сарын хугацаанд нэг мэс засал хийдэг байсан бол одоо өдөр бүр хийдэг. Мэс засалд орох гэсэн өвчтөний сар гаруйн хугацааны дараалал үүссэн.
-Та сая өндөр үнэтэй эмнэлгийн мэс заслын 75 хувийг төр дааж байгаа гэсэн. Үлдсэн 25 хувийг өвчтөн өөрөө гаргаж байгаа юм байна. Мэс заслын нийт өртөг юунд шингэдэг вэ?
-Бичил мэс засал маш их онцлогтой. Яагаад гэвэл материал багаж хэрэгслийн технологид суурилдаг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн технологиор бичил багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг учир маш өндөр үнэтэй байдаг. Өндөр хөгжилтэй оронд түлхүү хийдэг эмчилгээ. Тиймээс энэ мэс заслын бичил багаж, хэрэгслийн төлбөрийг иргэд төлөхөөр бол дор хаяж 30-40 зарим өвчтөнийх 50-60 сая төгрөг. Энэ зөвхөн багаж, хэрэгслийн үнэ. Тиймээс өвчтөний ар гэрийнхэн төлөх бололцоо хүнд. Эхний мэс заслын үеэр зарим иргэд 100 хувь төлбөр төлж байсан. Энэ эмчилгээний үр дүн батлагдаад Монголд хийгдэж байгаа учраас улсаас 75 хувийг нь даадаг болоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд буюу 2016 оны сүүлээс эмчлүүлж буй өвчтөн болон ар гэрээс дунджаар 5-10 сая төгрөгийн төлбөр багаж хэрэгсэл, материалын үнэд өгч байна. Харин эмчилгээний 75 хувийг нийгмийн даатгалын сангаас гаргаж байгаа. Төр 100 хувь даах боломжгүй учир иргэд 25 хувийн төлбөр төлдөг.
-Улсаас олгож буй багаж хэрэгслийн төлбөр өвчтөнүүдийн тоотой харьцуулахад хүрэлцээтэй байж чадаж байна уу?
-Төрөөс үзүүлж буй 75 хувийн хөнгөлөлт бол маш том дэмжлэг. Тэр хэмжээгээр гадаад руу гарах олон зуун сая валютын урсгалыг авч үлдэж, зогсоож чадаж байгаа. Гэхдээ улсаас тухайн жилийн төсөв гаргаж өгнө. Анх мэс засал хийсэн тоо, одоо хийгдэж буй тоо маш зөрүүтэй болсон. Улсаас төсөвлөсөн мөнгө хүрэхээ больж байгаа. Он гараад хагас жил болоход улсаас төсөвлөсөн мөнгө хүрэлцэхээ болиод оны сүүлч гэхэд дуусчихдаг. Гэтэл эмчлүүлэх гэсэн өвчтөнүүд хүлээгдэж байдаг. Тэд дараа жил болохыг хүлээхээс өөр аргагүй болдог. Энэ хугацаанд тухайн өвчтөнд ямар нэг эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байдаг. Зайлшгүй шаардлагатай, яаралтай мэс заслыг бол хийнэ. Гэхдээ төлөвлөгөөт хагалгааг аль болох хойшлуулахаас өөр аргагүй байдалд орж байна.
-Тархины судсан доторх мэс засал зайлшгүй хийлгэх шаардлагатай өвчтөн хэр олон байгаа вэ?
-Тархины судасны эмгэг, цус харвалт өвчин Монголд бусад орны хүн амын тоотой харьцуулахад их байдаг. Бараг өвчлөл ихтэй эхний гурван орны тоонд орно. Манай орны цаг агаар, амьдрал ахуй, иргэдийн хэв маягт цус хурах өвчин үүсэх нөхцөл, хүчин зүйл байгаад байна. Олон улсын хэмжээний статистик тоо баримтын давтамжаар тооцож үзэхэд Монголд гурван сая хүн амд 35-45 мянган хүн тархины судасны цүлхэн гэдэг өвчтэй, үүнийгээ мэдэхгүй байх магадлалтай. Үүнээс жилд 350-450 хүн цүлхэн өвчний улмаас цус харваж, өвчтэй гэдгээ мэддэг. Өмнө нь Монголын нөхцөлд энэ төрлийн өвчтэй хүмүүст нээлттэй аргаар хавчаар тавьдаг байсан бол одоо судсан доторх мэс засал хийдэг болсноор эмчилгээнд хамрагдаж буй өвчтөний тоо ч нэмэгдсэн. Цаашдаа ахиад эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа 100 орчим хүн бий. Хөдөө орон нутагт байдаг болон хотод байгаа харваад эмчлүүлж амжилгүй нас барсан тохиолдол байгаа. Тиймээс энэ өвчнийг эмчлэх зайлшгүй шаардлагатай. Дөнгөж шинэ эмчилгээ Монголд нэвтрүүлж байгаа учраас улсаас төсөвлөсөн мөнгө нь бага байна. Хүмүүс энэ өвчний талаар мэдээлэл муутай байсан бол одоо мэддэг болсон. Бүр гадаадаас АНУ, Японд ажиллаж, амьдарч буй Монголд эмчилгээ хийж байгаа талаар мэдээлэл аваад ирж эмчилгээ хийлгээд буцаж явсан.
-Төрөөс төсөвлөсөн мөнгө хэдэн өвчтөний эмчилгээний 75 хувийн төлбөрт хүрдэг вэ?
-Жил бүр төсөвлөсөн мөнгө нэмэгдэж байгаа. Гэвч өвчлөгсдийн болон мэс заслын тоог гүйцэхгүй байна. Энэ жил 175 мэс засал хийсэн. Би түрүү зөвхөн цүлхэн өвчний талаар ярьсан. Үүнээс гадна 7-8 төрлийн мэс заслын хийгддэг өвчнөөр өвчлөгсдийн тоо харьцангуй бага ч гэсэн мөн л жил ирэх тусам ихсэж байна.
-Тархины судасны зам бөглөрсөн тохиолдолд бичил мэс заслаар чөлөөлдөг гэж ойлгож болох уу?
-Энгийн үгээр ойлгохын бол тархины судас гэмтэж, тархи гэмтээх хоёр өвчин байдаг. Нэг нь юу гэхлээр таны хэлдгээр судас бөглөрдөг. Тархинд тэжээл очихгүй болохоор тархи үхжиж тахир дутуу болно цаашлаад нас барна. Мөн судасны хана нимгэрээд хагараад тархи гэмтдэг. Цус харвалт ийм хоёр янзын хэлбэртэй байгаа. Тархины судасны хавдрыг нээлттэй мэс заслаар авах гэхээр маш их цус алддаг. Ийм аюултай үед цус алдаж буй судсыг бичил мэс заслаар бөглөснөөр цус алдахгүй. Тэгэхээр тархины бичил мэс заслын баг нээлттэй мэс заслынхантай мөн хамтарч ажилладаг.
-Тархины бичил мэс заслын багажаа аль орноос авдаг вэ?
-Мэс заслын бичил багаж хийх эрх авсан дэлхийд тэргүүлж буй 4-5 компани бий. Энэ компаниудаас АНУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг бүх улс багажаа авдаг. Бид ч мөн адил. Арай хямд төсөр үнээр өөр газраас авна гэсэн ойлголт байхгүй. Учир нь ийм багаж хийдэг зөвшөөрөлтэй өөр компани байдаггүй. Харин хагалгаа хийж буй суурин аппаратыг АНУ-ын Мянганы сорилын сангийн төслийн хүрээнд суурилуулж, мэс заслын өрөөг тоноглож өгсөн. Тэгэхээр бид дэлхийн өндөр хөгжилтэй оронд хийдэг мэс заслыг тухайн аппарат, багаж хэрэгсэл, материалаар нь хийж байна гэсэн үг.
-Тархины судсан доторх мэс заслын шинэ технологийг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
-Тархины судасны цүлхэн гэдэг өвчнийг эмчлэхдээ манайхан тархийг нь нээж байгаад цүлхийсэн судсыг нь хавчдаг байсан. Гэтэл хавчих болохгүй өвчин бас бий. Хавчихад хүндрэлтэй, гүн байрласан эсвэл маш том хэлбэртэй хавчаар тавих бололцоогүй хүмүүс эмчилгээгүй болж нас барах аюултай байсан. Харин шинэ технологийн тусламжтай судсыг нөхөн сэргээдэг мэс засал хийж байна. Хиймэл судас тавьж өгнө гэсэн үг. Энэ эмчилгээг нэвтрүүлээд хийж байна. Нөгөөтэйгүүр тархины судас бөглөрч цус харвадаг. Бөглөрсөн тохиолдолд гурван цагийн дотор венийн судас руу нь булин хайлуулдаг бодис хийснээр хайлуулж онгойлгодог. Гурван цагаас хэтрэх юм бол булин хайлсан ч тархи үхэждэг гээд зөвхөн эмийн эмчилгээ хийдэг байсан бол одоо 6-8 цагийн дотор булинг нь тусгай баригчаар сугалаад авчихдаг болсон. Ингэж судсыг нь онгойлгосноор буцаад тархины цусан хангамж сэргэнэ.
Эсвэл их хэмжээний булин байх юм бол татаж, соруулж авч байгаад онгойлгодог арга байна. Тэгэхээр гурван цагийн дотор өвчтөн эмнэлэгт хүрч ирж амжихгүй байвал хугацаа өнгөрсөн учир хайлуулах эмчилгээ хийж болохгүй, эмчилгээгүй байсныг 6-8 цагийн дотор шийддэг болсон. Энэ хугацаа хэтэрсэн байдал нээлттэй мэс заслын аргаар судас залгах мэс засал хийдэг. Тэгэхээр тархины судас бөглөрсөн үед хийдэг мэс заслын эмчилгээний хувьд бид дэлхийн түвшинтэй ойртож байна.
-Та нийт хэчнээн мэс засалд оролцсон бэ?
-Жил бүр ихэсдэг. Анхныхтайгаа нийлүүлж тоолвол би 370 орчим мэс засал хийсэн байдаг. Үүний бараг талыг нь энэ жил хийсэн. Энэ эмчилгээг хийлгэж буй өвчтөн цаашлаа улам ихэснэ. Түрүү хэлсэн сар гарны оочер үүссэн. Урьд нь бид зөвхөн оношилгоо хийдэг тасаг байсан. Тэгээд мэс заслын болж шилжсэн. Өвчлөгсөд нэмэгдэж байна. Жишээлбэл, энэ өвчтэй гэж оношлогдсон Монголд хагалгаа хийх боломжгүй гээд гадаад явж байсан хүмүүс ирж байна. Тархины нээлттэй мэс заслаас татгалзаад судсан мэс засал хийлгэе гээд ирж байна. Энэ эмчилгээ цаашид ихсэх учир хөгжлийн асуудлыг зайлшгүй ярихгүй бол болохгүй. Хөгжлийг нэг, хоёр, гуравхан хүн хийхгүй. Дэлхийн түвшинд хүрсэн БНСУ, АНУ, Японд байдаг “цаг” шиг зогсолтгүй ажилладаг орчин үеийн бүхэл бүтэн тасаг бий болох ёстой. Энэ жил манайд зөвхөн зүрхний эмч нарт зориулагдсан шинэ аппарат тавигдсан. Бид нарын хэрэглэж байгаа бол тархины тусгай програмчлагдсан аппарат. Цаашдаа тасаг байгуулах, унтуулах эмчээ бэлдэх, хамтарч ажиллах нарийн мэргэжлийн сувилагч нараа бэлдэх, мэс заслын дараах өрөөний асуудал зэрэг зохион байгуулалтын олон зүйл яригдаж байгаа. Энэ жилээс төсөл хэрэгжүүлж шийдүүлэх гэж оролдож байна.
-Эмч нараа бэлтгэнэ гэж ярилаа. Та хаана бэлтгэгдсэн бэ?
-ОХУ-ын Москва хотод Мэдрэлийн мэс заслын институт гэж байдаг. Хойд хөршийн хамгийн том төв. Тэнд очиж мэс заслын тасагт нь гурван жил ажиллаж байгаад аспирантурт сурч, арга барилтай нь танилцаж, сурч ирсэн. Тэр сурсан зүйлээ Монголд нэвтрүүлсэн. Бид нар гурвуулаа. Энэ төрлийн мэс заслыг дэлхийн өндөр хөгжилтэй орноос нээх хоцроогүй хийгдэж байна гэж жаахан урамшиж байгаа. Манай эмнэлгийн захиргаа үүнийг ойлгож дэмжлэг үзүүлээд шинэ аппарат авч өгч байгаа. Хуучин ганц аппараттай. Тэндээ тархи, зүрхний мэс заслын эмч нар ээлжилдэг, бие биенээ дуусахыг хүлээдэг байсан. Тэгээд тэр 2-3 сая ам.долларын үнэтэй аппарат эвдрэх юм бол бүр хүнд байдалтай ажилладаг байсан бол одоо бол хоёр дахь аппарат суурилуулж байна. Зүрх, тархины эмч нар тусдаа аппараттай болохоор мэс заслын тал дээр ч нөхцөл байдал сайжирна.
-Иргэдэд тархи судасны өвчнөөс хэрхэн сэрэмжилж, сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Манайх маш “залуу” салбар. Дэлхийд ч гэсэн 1990-ээд оны эхнээсээ жинхэнэ утгараа хөгжиж эхэлсэн. 2000 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байгаа салбар. Бид 2014 оноос хойш Монголд эмчилгээ эхлүүлсэн. Бусад мэс заслын тоотой харьцуулахад бид нарын хийсэн мэс заслын тоо их биш. Дөнгөж эхлээд гурав гаруй жилийн хугацаанд өмнө нь хэлсэн тооны мэс заслыг хийсэн нь маш том дэвшил. Эмчлүүлэгч болон өвчтөнүүдэд анхааруулж хэлэхэд тархины судасны эмгэг, судасны хана гэмтэх, хэвийн байдлаа алдахаар цус харвах нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Үүнийг үүсгэдэг хүчин зүйл нь архи уух, тамхи татах гэж үздэг. Төрөлхийн болон олдмол шалтгаан гэж байдаг. Төрөлхийн шалтгаанд өвчин үүсэх ген нь хадгалагдаж байгаад нөхцөл бүрдэнгүүт судасны хана нимгэрч хагардаг. Олдмол гэдэгт ийм ген байхгүй цоо эрүүл, удамшлын биш байсан ч гэсэн амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Сахарын өвчтэй, тамхи, архи их хэрэглэдэг, хар тамхи хэрэглэсэн болон холбогч эдийн өвчтэй, цусны даралт ихтэй хүн өвчнөө хайхрахгүй анхаарахгүй явснаас болж, тархины судасны хавдар, цүлхлийн үе үүсчихсэн байдаг. Ийм үе үүссэнийг бас мэдэхгүй байдаг. Тэгээд харамсалтай нь харвасныхаа дараа эмч, эмнэлэгт ханддаг. Харвасны дараа энэ өвчнийг эмчилж болдог. Даанч тухайн өвчтөнд харвалтын үлдэц үлддэг. Тиймээс харвахаас нь өмнө эмч, эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлэх юм бол хөдөлмөрийн чадвараа хэвийн хадгалж үлдэж болно. Хоёрдугаар асуудал нь дээр дурьдсан хүчин зүйлийг арилгах хэрэгтэй. Нийслэлийн утаа тамхи татсанаас дутахааргүй хордуулж байна. Энэ нь судасны ханыг гэмтээх аюултай хүчин зүйл болж байдаг.
Р.Ганбаатар: Архи, тамхи хэрэглэснээр тархины судасны эмгэг, судасны хана гэмтэх хүчин зүйл болдог | ||
Үзсэн: 3538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.