Шууд Chart

Хүнд даацын хуучирсан тоног төхөөрөмжийг хаягдалд биш үйлдвэрт ашиглана

2019-09-10 17:34:07

Монголд хүнд даацын хуучирсан тоног төхөөрөмж хаягдалд биш үйлдвэрт ачигдахаар боллоо. Ингэснээр хүнд үйлдвэрлэлийн салбарынхан тоног төхөөрөмж, машин техникээ шинэчлэх зардал, түүнд зарцуулах цаг хугацаагаа  хэд дахин хэмнэх боломжтой  болж байгааг Америкийн хөрөнгө оруулалттай  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК мэдэгдлээ. Тус компани хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчилдэг “Металл хийц боловсруулах төв”-өө өнөөдөр нээлээ. 

Олон  сая долларын хөрөнгө оруулалттай тухайн төвийг Азийн бүс нутагт Казахстан улсын дараа Монгол Улсад нээж байгаа  нь Америкийн хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, үйлдвэрлэлийн  салбарын  өсөлтийг эерэгээр харж, өөдрөгөөр төсөөлсний баталгаа  гэж төвийн нээлтэд оролцогсод хэлж байлаа.

Бүрэн автоматажсан тус төв нь техникийн эд анги, тоног төхөөрөмжийг үйлдвэрээс шинээр гарч байгаа мэт стандартын дагуу засварлаж, шинэчилдгээрээ онцлог юм байна.

Энэ тухай “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн аналитик, инновацийн захирал С.Цэрэнням ярихдаа “Төмөр зам, уул уурхай, эрчим хүч зэрэг олон салбарын элэгдсэн, ашиглах боломжгүй болсон том төхөөрөмж, дугуй хөдөлгүүр, металл төхөөрөмжүүдийг шинэчилж, анх ямар байсан яг түүн шиг болгоно гэсэн үг. Төмөр хайлуулах, дахин боловсруулах цех рүү явдаг төхөөрөмжүүдийг монголд шинэчилдэг болсноор үйлдвэрлэгчдийн зардал, цаг хугацаа хэмнэгдэнэ. Тэрхэрээр МУ-ын эдийн засагт хувь нэмэр оруулна” гэлээ.  

“Өсөх зоос” компанийн хангамжийн менежер н.Баярхүү  “Байгальд ээлтэй, түлш бага зарцуулдаг техникийг түлхүү сонирхож байна. Сүүлийн хоёр жил нүүрсний үнэ өссөнтэй холбоотой техникээ шинэчлэхэд анхаарч байгаа ч бэрхшээлүүдтэй тулгарсаар байгаа. энэ үед хуучин техникээ шинэчлэн ашиглах боломж бүрдэж байгаад үйлдвэрлэгчийн хувьд баярлаж байна.  Ганц уул уурхайд ч бус, бусад салбарт ч зардал хэмнэх чухал ажил  гэж үзэж байна.”

"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун  “Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ  өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой техникийн бүрэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий.   Засгийн газраас Японы ОУ-ын байгууллагатай хамтраад манай компанид 25 сая долларын шинэчлэл хийхээр тохирсон. Ирэх 10 сард шийдэх байх гэж найдаж байна. Сүүлийн үед уулын тоног төхөөрөмж болох экскаватор, өрмийн машинаа шинэчилж чадахгүйд хүрсэн. Нэг тн нүүрсээ өртгөөс нь доогуур үнээр станцуудад нийлүүлж байгаа болохоор ашиг өсөхгүй, хөрөнгөгүй болоод байна. Харин технологийн автомашинуудыг жил өнжөөд шинэчилж байна. 2017 онд "Вагнер Ази Тоног" компаниас 12 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авсан. Энэ жил 4 техникээ шинэчлэхээр өнөөдөр тус компанитай тохирлоо. Цаашид зардлаа хэмнэхэд  тус төвийн үйлдвэрлэл нөлөө үзүүлэх болов уу” гэлээ.  

Нийтэлсэн: Д.Даваадулам

Хүнд даацын хуучирсан тоног төхөөрөмжийг хаягдалд биш үйлдвэрт ашиглана   
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй