
Монгол Улсын гавьяат жүжигчин Жоолсамбуугийн Одмааг урьж ярилцлаа. Тэрбээр удахгүй “Санаж явах ижий” тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих юм.
-Нутаг ус, бага нас, гэр бүлийн тань халуун дулаан орчны талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Зургаан настай байхад маань манайх нүүж, Улаанбаатарын айл болсон доо. Нийслэлийн 17 дугаар сургуулийг дүүргээд Хөнгөн, хүнсний техник мэргэжлийн сургуулийг оёдолчин мэргэжлээр төгссөн. Төгсөнгүүтээ буюу 1975 онд Ардын Армийн дуу бүжгийн чуулгад дуучин шалгаруулж авна гэсэн зар сонсоод очиж шалгуулан Нямханд гэдэг охины хамт 40-өөд хүнээс шалгарч энэ том айлын агуу тайзнаа гарах завшаан тохиож байлаа. Ардын жүжигчин Д.Мяасүрэн, УГЗ Д.Бадарч, Ш.Гунаажав нарын багш угтан авч, чадварлаг хамт олны дунд орсон доо.
-Огт өөр мэргэжил эзэмшчихээд дуучин болох шийдвэр гаргаж байхыг бодоход “дуун”-нд үнэхээр л дурлаж дээ ...
-Миний аав уртын дуу сайхан дуулдаг, лимбэ тоглодог, жолооч хүн байлаа. Ээж минь аймагтаа урнаараа гайхагддаг, царайлаг хүүхэн байсан гэж нутгийн хөгшид одоо ч дурсдаг юм. Тийм сайхан хүмүүсийн үр хойч нь болсноороо бахархаж явдаг. Бага байхад аавыгаа тээвэрт хэд хоногоор яваад ирэхэд нь бидний нар гарна шүү дээ. Оройн хоолоо идчихээд орныхоо хөшигний араас өөрсдийгөө зарлаад дуулж, бүжиглэн ёстой л хөл хөөрцөг болдог байлаа. Энэ л цагаас урлагт татагдаж, өөрийнхөө хувь заяаг зөгнөсөн байх гэж боддог юм. Бидний аав, ээж таван охиноо урлагт дуртай, үйлэнд уран, зөв, сайхан зан ааштай, хүмүүжилтэй болгож өсгөсөн дөө. Гэр бүлийн хүмүүжил миний үр хүүхдээ өсгөх ухаан болон өвлөгдсөн гэж хэлж болно. Хоёр хүүхдээ ч би аав, ээжийнхээ зааж сургаснаар хүний дайтай болгон өсгөж хүмүүжүүлсэн гэж ам бардам хэлнэ.
-Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөцгөөсөн үү?
-Цэргийн бас урлагийн удмыг залгаж яваа гэж хэлж болно. Охин Б.Дүүрэнжаргал маань цэргийн хүн. Хүү Б.Дүүрэнболд жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Одоохондоо өөр салбарт ажиллаж байна.
-Дагалдан дуучин болсон үеэ эргээд дурсвал ...
-Ер нь манай чуулгын эрэгтэй дуучдын дийлэнх нь цэргийн алба хааж байхдаа л багш нарын хараанд “өртөж” цэргийн чуулгатай хувь заяагаа холбосон байдаг. Багш нар маань залгамж халаагаа сайн бэлтгэж байсны нэг илрэл юм даа. Шалгалт өгч тэнцэн дагалдан дуучин болчихоод анх ажилдаа орж байсан өдөр сэтгэлд үнэхээр тод байна. Хоёр давхрын найрал дуучдын өрөөний хаалгыг татаад ороход нэг их адилхан царайтай, ижилхэн ногоон хувцастай хүмүүс эгнээд суучихсан байж билээ. Д.Мяасүрэн багш “За шинэ дуучдаа хүлээн ав” гээд л ... Тэр үед халамжлан хүмүүжүүлэгч гэж үнэхээр хэрэгтэй мундаг “албан тушаал” байдаг байлаа. Намайг “өлгийдөж” авсан хүн бол миний багш, дуучин Д.Баянмөнх. “Сувилагч тандаа баярлалаа” дуугаар нь хүмүүс багшийг минь андахгүй дээ. Худалч хүнд хаашаа харж дуулахаа мэдэхгүй шахуу “амьтан”-ыг багш минь мөн тэр мундаг хамт олон дунд дуучин болгосон.
-Тайзнаа анх гарсан мөч, анхны дуу гэхээр танд мэдээж дотно санагдаж байгаа байх ...
-Сүрэнчулууны хөгжим “Шиврээ бороо”. Нөгөө алдарт “60 хар-10 цагаан”-ы хамгийн захад зогсоод л дуулдаг байлаа.
-Би таныг “Түмэн эх” чуулгад дуулж байгаад цэргийн чуулгад ирсэн гэж сонссон, буруу байжээ ...
-Үнэн үнэн, Цэргийн чуулгадаа ажиллаж байтал нөхөр маань Зүүнбаян дахь цэргийн ангид томилогдсон. Тэгээд л нөхрөө дагаад явахаас өөр аргагүй болсон юм л даа. Удалгүй хүүхэдтэй болж, хошигнож хэлэхэд гэрийн эзэгтэй, ээжийн “ажлыг” харин ч нэг сайн хийсэн дээ. Тэгж байтал нөхөр маань хойд хөршид суралцахаар болж бид хотод шилжиж ирсэн юм. Би Тээвэрчдийн соёлын ордонд дуучнаар ажиллахаар болж, энэ үеэс ардын дууг түлхүү дуулж эхэлсэн. Ж.Бадраа, С.Цоодол гэж урлагийн бурхад болсон багш нар маань “Ардын урлагийн үнэт өв” төвийг байгуулж байгаа. Чи энэ төвд очиж дуулахгүй юу” гэсэн санал тавьсан. 1984 он шүү дээ. Энэ төв бол “Түмэн эх” чуулгын үндэс суурь байсан юм. За тэгээд дуулж байтал Д.Мяасүрэн багш, удирдаач Н.Батбаяр хоёр маань намайг “Цэргийн ансамбль” руу маань эргүүлж “уруу татаад” 1990 онд буцаад ирсэн дээ. Уран бүтээлийн хувьд ч оргил цаг үе байлаа.
-Чуулгаа ярьсан чинь их олон дурсамж сэргэж байна уу? Таны үеийн уран бүтээлчид хөдөө орон нутгаар бригадаар их явдаг байлаа гээд л сайхан дурсамж ярьдаг ...
-Үнэхээр сайхан байна. “Паз” автобусанд суугаад л хөдөө явцгаана даа. Өргөн бүрэлдэхүүнтэй явахаар бол “Газ-66“, “Зил-130” машины тэвшин дээр пүүгээ, авдраа чирээд л явна шүү дээ. Ахмад уран бүтээлчдээ асар их хүндэтгэдэг байлаа. Аймаг, сумдын “зочид буудалд” буулаа гэхэд ахмадууддаа эхэлж төвхнүүлчихээд л өөрсдөө учраа олно. Түрүүлж хооллоно, тухална гэсэн ойлголт байхгүй, тийм л хүмүүжилтэй байлаа шүү дээ. МУГЖ Ч.Туул бид хоёр хавар, намартаа аймгуудаар тойрч, цэргийн анги, салбар, орон нутгийн иргэдэд олон удаа тоглолт хийсэн дээ.
-Цэргийн сэдэвтэй дуунуудыг чинь дахиулаад л ... Би ч бас тэр үеийг төсөөлчихлөө ...
-“Бүсгүй би цэргийн хүн”, “Дайны жилийн сувилагч” гээд олон дуу бий. Үзэгчдийн алга ташилт гэдэг хамгийн том шагнал, урам зориг байдаг юм шүү дээ. “Дайны жилийн сувилагч”-аа дуулахаар л бодит үйл явдал шиг төсөөлөгдөөд нүдэнд харагдаад байдаг юм. Энэ дуугаа удахгүй дүрсжүүлэх төлөвлөгөө бий.
-Алдарт “10 цагаан”-ы тухайд та юу хэлэх вэ?
-Намайг Цэргийн чуулгын босгыг анх алхаж ороход Л.Цэрэнпил, Д.Тунгалаг, Н.Отгон, Ч.Туул, Ж.Цэрэнханд, Ж.Уртнасан гээд мундаг сайхан дуучид байлаа. Ихэнх нь Монгол Улсын гавьяат жүжигчид гэдгийг уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. “10 цагаан”-ы нэг болж, “10 цагаан”-аар овоглогдож явна гэдэг бахархал юм даа. Ер нь манай чуулгын босго “өндөр” шүү. Чадалтай, нэртэй дуучин байлаа ч гэсэн цаг барьдаггүй мөн дүрэм, журмаа дагахгүй бол нэмэргүй шүү дээ. Цэргийн чуулгынхан бусад уран бүтээлчдээс үүрэг хариуцлага, ур чадвар гээд олон зүйлээрээ эрс ялгардаг юм. Тийм ч байх ёстой.
-Гавьяат жүжигчин цол хүртсэн өдрийг эргээд дурсвал ...
-Их сонин, хөгтэй юм болсон. 2006 онд Хөх хотод эмчилгээ хийлгэж байсан юм. Цэргийн баяр дөхчихсөн байсан үе, эмчилгээгээ хийлгэчихээд байрлаж байсан айлдаа иртэл эхнэр нь “Та бушуухан хот руу ярь. Дүү чинь ярьсан, та баатар юм уу нэг том шагнал авсан гэнэ” гээд нүд нь бүлтийгээд сандарсан хүн байв. Тэгээд л Ч.Гансүх хурандаа руу ярьтал “Одоо бушуу ир. Маргааш цолыг чинь гардуулна гэж байна” гэдэг байгаа. Яаж амжих вэ дээ. Хоёр хоногийн дараа очиж байгаа юм чинь. Тэгээд л хоцорчихсон. Манайхан “Дахиад зарлиг уншиж байж өгдөг юм гэнэ лээ” гэцгээгээд л ... Ч.Гансүх дарга бүр санаа нь зовчихсон “Өгөх байх аа” гээд л ... За тэгж байтал наадам дөхлөө. Чуулга маань “Чингис хаан” рок дуурь тавих гээд бөөн бужигнаан. Миний даралт ихсээд наадмаас өмнө хэд хоног эмчилгээ хийлгэх гээд эмнэлэгт хэвтэв ээ. Гэтэл 7 дугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын ордноос яриад 8-ны өдөр бэлэн бай гэдэг юм байна. Цагаа ч тодорхой хэлсэнгүй. Би ч битүүхэндээ бэлдчихээд хүлээгээд л байв. Гэтэл 8-ны өдрийн үүрээр яриад 11 цагт бэлэн бай гэдэг юм байна. Сандраад үсчин хайгаад давхичихав аа. Тэгж мунгинаж байгаад бас хоцроод очсон. Надтай хамт гавьяат цол хүртсэн хоёр хүн хоцорсон. Тэгээд Алтан гадас одон авсан хүмүүсийн дараа бид гуравт цол олгосон. Гараад ирсэн чинь хамт олон маань ирчихсэн, “Санаж явах ижий”-г маань эгшиглүүлээд л угтаж авсан даа. Би ч асгаруулаад л, аав, ээж маань байсан бол гэж эрхгүй бодогддог юм байна лээ. Энэ сайхан хамт олны л буян даа.
-Таны багш Д.Баянмөнх гуайтай ярилцлага хийж байхад Офицеруудын ордон руу ирэх зам хамгийн сайхан, ордон маань яг л үлгэрийн ордон шиг санагддаг гэж хэлж байсан нь гэнэт санагдлаа. Таны хувьд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хачин сайхан. Нэг л тайван болчихдог юм. Ажил амжуулах гэж ирсэн хүн чинь бүр тухлаад энэ хэдтэйгээ бужигнаад л хамт ажлын цаг дуусгах тохиолдол олон. Заримдаа ч эднийхээ бэлтгэл сургуулилтыг хараад сэтгэл огшоод тайзан дээрээ гараад дуулмаар санагдана. Арга ч үгүй юм даа. Бүхий л амьдрал минь энэ ордон, энэ хамт олонтой салшгүй холбоотой болохоор ...
-“Санаж явах ижий” дуугүйгээр таныг төсөөлөхийн аргагүй ...
-Тэгэлгүй яах вэ. “Түмэн эх” чуулгад хөөмийлж, лимбэддэг М.Алтангэрэл гэж СУИС-ийн оюутан байсан юм. Тэр надад танд би гоё дуу хийж өгнө өө л гэдэг байв. Гэтэл нэг өдөр “Санаж явах ижий” дууг өгсөн. Удалгүй Монголын радиод дуугаа бичүүлсэн юм. Долоо хоногийн дотор “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн шилдэг дуу болж, нийтэд түгсэн дээ. Одоо 25 дахь жилдээ дуулж байна. Үзэгч, сонсогчдын дуртай, хайртай дуу нь хэвээрээ л байна. Нэг сонин зүйл ярихад миний дуунуудыг сонсох, тэр дундаа энэ дуунд дуртай сонсогч маань клип хийх санал гаргасан. Ээжийгээ энэ сайхан дуунд мөнхөлье гээд нэгэн сайхан ээж үр хүүхэдтэйгээ тоглосон клип бүтсэн. Одоо телевизүүдээр цацагдаж байгаа.
-Энэ дууг дуулагдах тоолонд бүх хүн ээжийгээ боддог нь дамжиггүй. Та ч бас ялгаагүй байх ...
-Ээж минь хэдийгээр сонсож амжаагүй ч дуулах бүрт минь тэнгэрийн орноос сонсож, баярлаж байгаа гэж боддог. Ер нь хүний амьдралын хамгийн жаргалтай үе мөч бол ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд нас. Түүнээс биш эд хөрөнгө, эрх мэдэлд аз жаргал оршдоггүй юм. Ээжийнхээ чанасан цайнд боорцог хөвүүлж идээд, гэрийн хаяагаар салхи зөөлөн үлээгээд л ... Хэд хоног зүсэрсэн борооны дараа тугал, хургаа хариулж ирчихээд үхрийн халуун баасанд хөлөө дүрэн дулаацах тэр ахуй, тэр нас л жаргал юм даа.
-“Санаж явах ижий” тоглолтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Санаж явах ижий” дууныхаа 25 жилийн ойн баярыг хийе гэж бодсон юм. Тоглолт маань 10 дугаар сарын 13-ны өдрийн 19.00 цагт “UB PALACE”-т болно. ЦДБЭЧ-ынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ, МУГЖ Л.Чаминчулуун, М.Бямбажав, Ж.Уранчимэг, Б.Батбаатар, МУСТА, дуучин Э.Чулуунчимэг, Х.Ган-Эрдэнэ, дуучин Б.Гүрбадам, Б.Анхтуяа, Д.Бердибек зэрэг уран бүтээлчид оролцоно. Зургаа дахь бие даасан тоглолтдоо ардын болон цэрэг, эх орны сэдэвт дуу, 60, 70-аад оны болоод сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээ толилуулахаар бэлдсэн. Тоглолт маань сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ дашрамд та бүхнийгээ бас урья.
-Ярилцлагынхаа төгсгөлд таны нэрийн тухай асуумаар санагдлаа ...
-Аав, ээжийн минь хайрласан нэр. Охиндоо сайн сайхны дээдийг хүсэж л өгсөн нь мэдээж. Амьд ахуйд нь нарийн ширийнийг нь асууж байсангүй. Миний үеийнхэн дотор ховор нэр байх шүү.
-Танд баярлалаа. Амжилт, эрүүл энхийг хүсье.
Аав, ээжийнхээ зөгнөж хайрласан нэр шигээ урлагийн тэнгэрт од болон гялалзаж яваа ийм нэгэн уран бүтээлчийн сэтгэлийн нэгээхэн хөг эгшгийг уншигч тантай хуваалцахад ийм буюу.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Хошууч Х.Ганзул
Ж.Одмаа: "10 цагаан"-аар овоглогдоно гэдэг яах аргагүй бахархал | ||
Үзсэн: 2799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.