Шууд Chart

Монгол наадгай: Шагай шүүрэх

2019-11-20 12:20:19

Шагай шүүрэх тоглоомоор олон хүн олон шагайгаар тоглох нь өрсөлдөөнтэй болгодог. Олон хүн талцаж тоглож болдог. Зузаан дэвжээ (олбог) засч тойрон суугаад шагайгаа дэвжээн дээрээ тарааж байрлуулна. 

Хэн эхэлж тоглохоо тогтоод нар зөв тойрон тоглодог. Тоглогч сумдаа багтах (хөө хуяг)- аа өөд нь шидээд тараасан шагайныхаа өөрийн урд байгаа зах хэсгээс атгандаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагайн дээрээ тогтоож авна. Шагай хамж атгахдаа бусад шагайнд хүрч, хөндөж болохгүй. Хэрэв ойр орчмын шагайнд гар хүрч хөдөлгөх, атгасан шагайнаасаа унагавал алдаа гэж үзээд хүчингүйд тооцож дараагийн хүн шүүрнэ.

Дээрх алдааг гаргалгүй авсан хүн шагайгаа өөрөө авна. Ингэж наадсаар дэвжээн дээрх шагай дуусахад хамгийн цөөхөн шагайтай хүний шагайны тоотой адил шагай нийлүүлэн дэвжээнд цацаж тараагаад түрүүчийн тоглолтын хамгийн сүүлчийн шагайг авсан хүн эхэлж шүүрнэ.

Шагай шүүрэхэд хамгийн сүүлд гар багтахуйц цөөн шагай үлдвэл түүнийг хажуугийн хүн алгандаа шигшин багцалж өгдөг. Энэ багцыг шүүрэхэд нэг шагай үлдэхийг зөвшөөрдөг бөгөөд үүнийг сүүл гэж нэрлэдэг. Хэрэв тоглогч ээлжиндээ энэ миний алганд багтахгүй гэж үзвэл багцаас ганц шагай аваад дараагийн хүн шүүрдэг.

Зарим тохиолдолд цөөхөн 2-5 хүртэл шагай үлдвэл түүнийг энд тэнд байрлуулж сум буцаж буух хооронд тоншиж (түүж) авдаг. Энэ нь маш хурдан шалмаг хөдөлгөөн, хурц хараа, баримжаа шаарддаг юм.

Ийнхүү наадаж тоглолтын явцад нийлэх шагайгүй болсон нь хасагдсаар, бүх шагайг өөртөө авч чадсан нь хождог. Шүүргийн шагайнд жижиг шагайнуудыг түүж тусад нь бэлтгэсэн байдаг.  


Монгол наадгай: Шагай шүүрэх  
Үзсэн: 11673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-30 11:30
Thank you very much
Зочин [127.0.0.xxx] 2023-11-21 21:34
дутуу санагдаж байна
Зочин [127.0.0.xxx] 2023-03-01 21:29
За
Зочин [127.0.0.xxx] 2019-11-20 18:40
ХУД -т ахмадуудын дунд шагай шүүрэх тэмцээн явуулсан их сонирхолтой юм байна лээ

Бидэнтэй нэгдээрэй