Шууд Chart

ЕБС, цэцэрлэгийн багш, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгав

2020-10-09 11:46:37

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд  хүүхдийн байгууллагын ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, чанарт урьдчилан сэргийлэх шалгалтыг улсын хэмжээнд 09.21-09.25-ны өдрүүдэд хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, дүнг нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар болон бусад эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ хичээлийн жилийг угтаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд нийслэлийн сургуулийн 10810, цэцэрлэгийн 12765, аймгуудад сургуулийн 13786, цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ. Хүүхдийн байгууллагын ажиллагсдын үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлэх, эмчилж эрүүлжүүлэх, эрүүл багш, ажилтныг сургалтын үйл ажиллагаанд оролцуулах ач холбогдолтой.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Дархан-Уул, Төв, Архангай, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас харьяа дэвсгэр нутгийн хүүхдийн байгууллагын захиргаатай 100 хувь гэрээ хийж, үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулжээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Хэнтий, Орхон, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүд үзлэг, шинжилгээгээр эерэг байдлуудыг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг сайн зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот:

Нийслэлийн Ерөнхий боловсролын 255 сургуулийн 114 (44%) нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт сургуулийн 214 (83%) сургуулийн 10810 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Нийслэлийн 561 цэцэрлэгийн 230 (41%) нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт цэцэрлэгийн 462 (83%) цэцэрлэгийн 12765 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Орон нутаг:

Орон нутагт 564 сургууль, 759 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдний 41 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулах асуудлаар гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орон нутгийн сургуулийн 92 хувь буюу 519 сургуулийн 13786 ажилтан, цэцэрлэгийн 86 хувь буюу 660 цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ.

Сургуулийн хамралт, хувиар, аймгууд

Цэцэрлэгийн хамралт, хувиар, аймгууд

Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал

  1. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТҮВШИНД:

Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах асуудлаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулаагүй, (Нийслэлийн Багахангай, Баянгол, Сүхбаатар дүүрэг, Увс, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ, Баян Өлгий, Булган, Өвөрхангай аймгийн сургууль, цэцэрлэг),

Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй, (Тухайлбал, Нийслэлийн БЗД-ийн сургууль 61 хувь, цэцэрлэг 72 хувь, БГД-ийн сургууль 75 хувь, цэцэрлэг 42 хувь, ЧД-т сургуулийн 75 хувь, Төв аймагт сургууль 29 хувь, цэцэрлэг 28 хувь, Сэлэнгэ аймагт сургууль 74 хувь, цэцэрлэг 79 хувь нь хамрагдсан),

Үзлэг, шинжилгээнд хамрагдах хугацааг буруу зохион байгуулсан, (Хичээлийн жил эхлэхээс 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой атал Дорноговь аймагт 07.20-ны өдрөөс, нийслэлийн ХУД, СБД,  Дархан-Уул, Ховд, Төв, Сэлэнгэ, Баян Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгуудад 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд  эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан),

Дархан-Уул, Архангай, Увс, Төв, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өвөрхангай аймаг, нийслэлийн НД, БЗД, БГД, ЧД-ийн хүүхдийн байгууллагын ажиллагсдын дунд нян тээгч 180, хамар залгиурын арчдаст өөрчлөлттэй 1000, арьсны халдвартай 353 тохиолдол бүртгэгдсэн,

Үзлэг, шинжилгээнд хамруулахдаа зохион байгуулалтгүй, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн, үзлэг, шинжилгээнд хэт хожуу хамрагдсантай холбоотойгоор шинжилгээний дүн “эерэг” гарсан тохиолдолд эмчлүүлэх хугацаа богино, (Шалгалтын явцад, хамар залгиурын арчдас өөрчлөлттэй гарч эмчилгээ дуусаагүй, давтан шинжилгээнд хамрагдаагүй мөртлөө ажлаа хийж байсан гурван тохиолдлыг илрүүлж, ажлаас нь чөлөөлүүлсэн)

 

2.ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД:

Баянхонгор аймагт тохиолдол ирүүлэх асуумжийн хуудсаар сэжигтэй гэж үзсэн тохиолдолд флюрографийн зураг авдаг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг баталгаажуулах эрхгүй  эмч гарын үсэг зурсан,

Завхан, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгүүд нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай үзлэг, шинжилгээний гэрээ хийсэн боловч үзлэг, шинжилгээний өдрийг нарийвчлан гаргаагүйгээс эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд ачаалал үүсгэсэн,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сургуулийн 1-5 дугаар ангийн багш нарыг тушаалд заагдаагүй шинжилгээнд (арьсны халдварт өвчин, нян тээгч илрүүлэх, цагаан хорхой илрүүлэх шинжилгээ) хамруулсан,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн байгууллагатай үзлэг, шинжилгээний зохион байгуулалтын талаар гэрээ байгуулсан хэдий ч рентген зураг авалтыг өдөрт 100 багш, ажилчдад хийхээр хуваарилснаас 08 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд хэт ачаалал үүсгэсэн,

Орхон аймгийн БОЭТ-ийн нян судлалын лабораторит эхний сорьцоор MRSA эерэг илэрсэн хэрнээ 3 хоногийн дараа давтан сорьц өгч MRSA сөрөг илэрсэн шинжилгээний хариу бүртгэгдсэн, чих хамар хоолойн эмчийн хяналт, эмчлэн эрүүлжүүлэлтийн байдлыг үнэлэхэд MRSA эерэг 32 тохиолдлоос 21-ийг хяналтандаа авч эмчилж байгаа, 11 тохиолдол  хяналтгүй байгаа,

Эмнэлгүүдэд нийтлэгээр хамар залгиурын өөрчлөлт, нян тээгч, арьсны халдварыг олноор илрүүлсэн боловч эмчлэн эрүүлжилтийн байдал хангалтгүй байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд цаг хугацаанд нь, бүрэн хамруулах байдал өмнөх жилээс ахисан хэдий ч сургууль, цэцэрлэгийн захиргаанаас эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийхгүй байх, хийсэн гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байх, зохион байгуулалтгүйгээр хамруулах зэрэг зөрчлүүд гарсаар байна.

Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн энэ үед хүүхдийн байгууллагад ажиллагсдын 17 хувь буюу улсын хэмжээнд 7200 орчим багш, ажилтан үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, эрүүл эсэх нь тодорхойгүйгээр сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа нь халдварт өвчин, хордлого, халдвар гарах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Урьдчилан сэргийлэх хяналтаар илэрсэн зөрчил, нөхцөл байдалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудад арга зүйн зөвлөгөө болон хугацаатай үүрэг өгчээ.


ЕБС, цэцэрлэгийн багш, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгав  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй