Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй.
Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна.
Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналтаа дутуу хийж, алдаа гаргасан. Тухайлбал, зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг хяналтын ажилтан зуух суурилуулах явцдаа анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж турших явцад буюу угсарчихаад эхний удаа асаахад бага хэмжээний гал гарсан ч зуухны хамгаалалтын системүүд ажиллаж гал тэр дороо унтарсан. Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Ямар нэг дэлбэрэлт гэх мэт зүйл болоогүй. Бид хийн зуух, баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны норм, дүрмийг маш сайн мөрдөж, баримталж ажиллаж байгаа бөгөөд иргэд хийн хэрэглээнд дадтал 7-10 хоног эргэх холбоотой ажиллаж байна" гэлээ.
Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:
- Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
- Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
- Яндан нь хоёр давхар хийцтэй.
- Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
- Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
- Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
- Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.
Харин хийн баллон нь:
- Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
- Аюулгүй хавхлагатай.
- Хамгаалах хавхлагатай.
- Хэт дүүргэлтийн хавхлагатай.
| А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай | ||
| Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.