Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сан Баянзүрх дүүргийн 48 өрх, хоёр гэр цэцэрлэгт халаалт, дулаалгын багц үнэ төлбөргүй өгнө

2020-10-26 16:23:14

НҮБ-ын Хүүхдийн сангийн Тогтвортой эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Э.Сүндэрээс тус сангийн “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлыг бууруулах нь” болон “Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар асууж тодрууллаа.

-Танай сангаас айл өрхүүдэд олгож буй монгол гэрийн халаалт, дулаалгын багцын талаар мэдээлэл өгөөч?

-НҮБ-ын Хүүхдийн сан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр өнгөрсөн онд “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлыг бууруулах нь” хөтөлбөрийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Тус аймгийн хүрээнд “Цэвэр агаар” дөрвөн жилийн хөтөлбөрийг боловсруулаад, тодорхой төсөв суулгуулж баталсан. Энэ нь тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан албан ёсны бичиг баримт болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Баянхонгор аймгийн төвд 9000 гаруй өрх байдгаас 6000 орчим нь монгол гэрт амьдардаг. Тиймээс эсгий гэрийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаанаар халаах төсөл санаачилсан. Уг төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн буюу CHIP гэдэг багц гарган авсан. Уг багцыг өнгөрсөн жил тус аймгийн 230 өрх хэрэглэсэн. Ингэхдээ санхүүжилтийн хэд хэдэн ялгаатай механизмыг ашигласан. Эмзэг, нэн ядуу өрхөд 100 хувь үнэ төлбөргүй өгсөн. Зарим айлд төлбөрийн 85, 70 хувийг хөнгөлсөн. Энэ жил 40 хувийг нь хөнгөлж байгаа. Бид CHIP багцаа БОАЖЯ-ны “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүний жагсаалтад багтаасан. Тиймээс үлдэгдэл 60 хувийн төлбөрөө БОАЖЯ-ны “Ногоон зээл”-д хамрагдан, төлөх боломжтой.

Үүнээс гадна Баянхонгор аймагт агаарын чанар хэмжих харуулын станц байгуулсан. Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ыг хэмжиж, ард иргэд энэ талын мэдээлэлтэй болсноор агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалдаг. Тиймээс Баянхонгор аймагт зургаан цэгт 24 цаг агаарын бохирдлыг хэмжиж байгаа. Мөн хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсөн бойжуулах, цэцэрлэгийн барилгын агааржуулалтыг сайжруулах зорилгоор туршилтын төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн тус аймагт эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор олон нийтэд чиглэсэн нэлээдгүй ажил хэрэгжүүлдэг. Тухайлбал, Скаутын байгууллагатай хамтран залуус руу чиглэсэн нөлөөллийн ажил хийж байна.

-Эдгээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ яагаад Баянхонгор аймгийг сонгосон бэ?

-НҮБ-ын Хүүхдийн сан Улс орны хөтөлбөрөө тав таван жилээр баталж, хаана төвлөрч ажиллах вэ гэдгээ тодорхойлдог. НҮБ-ын Хүүхдийн сангийн Улс орны хөтөлбөр 2021 оныг дуусталх хугацаанд хэрэгжих аймгийн нэг нь Баянхонгор. Мөн тус аймгийн төв агаарын бохирдлоороо Улаанбаатар хотын дараа ордог, хамгийн их агаарын бохирдолтой аймгийн төвөөр нэрлэгддэг. Үүнээс гадна тус аймгийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаач гэсэн хүсэлтээ манай санд албан ёсоор ирүүлсэн.

Тус аймгийн 230 өрх CHIP багц хэрэглээд ямар үр дүн гарав гэдэг дээр СИКА судалгааны байгууллагатай хамтраад 183 айлыг сонгон, нүүрсээр гэрээ халаадаг ижил тооны өрхтэй харьцуулж судалсан.  Хамгийн том үр дүн нь гэр доторх температур тогтмол болсноор өрхийн гишүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө гарсан. Нүүрсээр галладаг өрхийн температур орой галласны ард огцом халснаа өглөө сэрэхэд хүний амнаас уур гарах хэмжээний хүйтэн байдаг. Харин цахилгаан халаагуур автомат тохируулагчтай учир халуун, хүйтний температурыг жигд байлгадаг. Тиймээс айл өрхөд маш ая тухтай орчин үүссэн. Эдийн засгийн хувьд хүйтний улирал долоон сар үргэлжлэх хугацаанд цахилгаан халаагуур хэрэглэсэн айл нүүрс түлсэн айлтай харьцуулахад халаалтын зардлаасаа сард 10 мянга гаруй, хүйтний улирал үргэлжлэх хугацаанд нийт 77 мянган төгрөгийн хэмнэлт хийсэн.

Мөн гэр дотроо галлахгүй байгаа учир үнс, тортог гэх мэт галлагааны хог гарах нь багассан. Нэг айл гал түлэхдээ өдөрт тогтмол 41 минутыг зарцуулдаг. Судалгаанд оролцсон 183 өрхийн 80-аас дээш хувьд нь охид, эмэгтэйчүүд гал түлдэг юм байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн гал түлэхэд зарцуулдаг цагийг хэмнэж байгаа. Түүнчлэн гал түлж, үнс тортог цэвэрлэсэн хүн дараа нь гар, нүүрээ угаадаг. Харин цахилгаан халаагуур нэвтрүүлсэн өрхүүдийн усны хэрэглээ ч мөн багассан. Цаашлаад CHIP багцын халаагуурыг гэрийн голд байрлах шүүгээний гурван талд суурилуулж, дунд нь хоол хийдэг халуун тогоог хөдөлгөөнгүй бэхэлдэг. Үүний үр дүнд бага насны хүүхэд түлэгдэх эрсдэл буурсан.

Гэр дотор галлахад зуухны аманд ойртож, гал асааж буй хүн болон бага насны хүүхдүүд нүүрс, түлшнээс ялгардаг хамгийн хортой бодист өртдөг. Яагаад бага насны хүүхэд хорддог гэхээр хортой бодисууд ихэвчлэн бага насны хүүхдийн өндөртэй ойролцоо хэмжээнд тардаг.

-Баянхонгор аймгийн хэчнээн айлд энэ жил “CHIP” багц олгох вэ. Мөн уг сайн туршлагыг энэ оноос Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Баянхонгорт CHIP багц үргэлжлүүлэн олгоход нэг тулгарч буй асуудал нь эрчим хүч хангамжийн асуудал. Тус аймгийн эрчим хүчний хэрэглээ дээд хэмжээндээ тулчихсан учир аймгийн удирдлагууд хоёр багт дэд станцын өргөтгөл хийсэн. Тиймээс нэмж 400 өрх CHIP багц ашиглах боломжтой болсон. Гэтэл одоогийн байдлаар 20 гаруй өрх 40 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж, үлдсэн төлбөрөө “Ногоон” зээлээр төлж CHIP багц авсан байна.

Говь-Алтай аймгийг сонгосон шалтгаан нь тус аймгийн төвийн айл өрхийн ихэнх нь монгол гэрт амьдардаг. Тиймээс аймгийн төлөөлөл өнгөрсөн жил Баянхонгорт хэрэгжүүлсэн CHIP багцтай танилцаж, өөрийн аймагтаа нэвтрүүлэх хүсэлтээ албан ёсоор НҮБ-ын Хүүхдийн санд ирүүлсэн. Энэ хүрээнд 50 өрхөд CHIP багц үнэ төлбөргүй суурилуулна

Үүнээс гадна Хоёр гэр цэцэрлэг сонгон авсан нь уг цэцэрлэгээс сургуулийн өмнөх боловсрол авч буй хүүхдүүдийг агаарын бохирдлоос сэргийлнэ гэж харж байна.

Өмнөговь аймгийн төвийн хувьд нарийн тоост тоосонцрын агаарын бохирдол ихтэй. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр 10 айлд CHIP багц өгөх саналаа хэлсэн. Аймгийн удирдлага өөрийн хөрөнгөөр мөн 10 айлд CHIP багц олгохоор болсон.

-Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн сан Өмнөговь аймгийн 10 айлд олгох CHIP багц хүлээлгэж өгсөн. Үлдсэн 10 багцыг хэзээ олгох вэ?

-Үлдсэн 10 багцыг орон нутгийн үйлдвэрлэгч үйлдвэрлэж байгаа. Энэ долоо хоногт хүлээлгэж өгнө. Говь-Алтай аймагт мөн багцаа өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Ингэснээр CHIP багц төслийн хүрээнд “ногоон” ажлын байр бий болж байна. Тухайлбал, Өнгөрсөн жил Баянхонгор аймагт жижиг дунд таван үйлдвэрлэгч сургаад ажиллуулсан. Энэ жил шинээр 400 гаруй багц үйлдвэрлэж байгаа учир 20 гаруй ажлын байр бий болж байгаа.

Үйлдвэрлэлийн ажил дээр тухайн аймаг тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулдаг. Тендерийн бичиг баримтандаа CHIP багцыг үйлдвэрлэх чанар, стандартыг нарийн зааж өгдөг. Харин үйлдвэрлэгчийг мэргэжлийн талаас нь сургах асуудлыг ШУТИС хариуцан ажиллаж байна. Мөн аймгуудын Засаг даргын Тамгын газраас Чанарын хяналтын баг томилон үйлдвэрлэлд хяналт тавьж ажиллаж байгаа. Манай төсөл тухайн орон нутгийн үйлдвэрлэгчийг дэмжих бодлого барьдаг. Гэсэн хэдий ч тендерийн хууль тогтоомжийн дагуу нийслэлийн үйлдвэрлэгч орон нутгийн тендерт оролцох боломжтой.

Говь-Алтай аймагт дулаалгын багцын оёдлын үйлдвэрлэлийг орон нутгийн, халаагуур нийлүүлэх багцыг нийслэлийн аж ахуй нэгж үйлдвэрлэж байгаа. Харин Баянзүрх дүүргийн багцыг сонгон шалгаруулалтаар сонгогдсон нийслэлийн үйлдвэрлэгч дангаараа үйлдвэрлэж байна.

-Танай сангаас хөтөлбөр хэрэгжиж буй аймаг, дүүргийнхээ зорилтот бүлгийн өрхөд эсгий гэрийн халаалт, дулаалгын багцаа үнэ төлбөргүй, тодорхой хөнгөлөлттэй өгч байгаа. Тэгвэл өөр аймаг, дүүргийн монгол гэрт өвөлждөг айлууд энэ багцыг худалдан авах боломжтой юу. Худалдан авахад нь хөнгөлөлт үзүүлэх үү?

-БОАЖЯ ирэх арваннэгдүгээр сарын 30-ныг дуустал “Ногоон зээл” хэрэгжүүлнэ, цаашдаа сунгах эсэх нь тодорхойгүй байна. Энэ зээлд хамрагдаж монгол гэрийн халаалт, дулаалгын багцыг урьдчилгаа төлбөргүйгээр авах боломжтой.

-CHIP багцыг гаргаж авахдаа ШУТИС-иас гадна гадаадын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажилласан гэсэн. Гадаадын эрдэмтэн, судлаач нар ямар үүрэг оролцоотой ажилласан бэ?

-НҮБ-ын Хүүхдийн сан дотоодын нэг их сургууль буюу ШУТИС, АНУ-ын Пенсилвани болон Вашингтоны их сургууль гэсэн гадаадын хоёр их сургуультай хамтарч ажилладаг. Тодруулбал, Пенсилванийн их сургуулийн эрдэмтэд монгол гэрийн доторх дулаан алдагдал, температурыг цаг минут тутамд хэмжих судалгааг ШУТИС-тай хамтран хийж байгаа. Ингэснээр эсгий гэрийн халаалт дулаалгын CHIP багц үүргээ гүйцэтгэж байна уу, дулаан алдагдлыг бууруулж, гэр доторх агаарын бохирдол арилж байна уу гэдгийг хэмжиж байна. Өнгөрсөн жил Пенсилванийн их сургууль, ШУТИС-ийн эрдэмтэд Баянхонгор аймгийн есөн өрхөд туршилтын багажаа суурилуулж хэмжсэн. Харин Вашингтоны их сургуулийн эрдэмтэд гадаах агаарын чанарыг хэмжих суурин харуулын ажилд дээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн мэргэжилтнүүдийг сургах, гадаах агаарын PM2.5 тоосонцрыг хэмжих ажилд тусалж байгаа.

-Хүйтний улиралд халаалт, дулаалгын багц хэрэглэсэн өрхүүд дулааны улиралд багцаа хураах ёстой юу?

-Монгол гэрт амьдардаг айлууд жилд хоёр удаа гэрээ буулгаж дахин барьдаг. Хавар эсгий туургаа авдаг бол намар буцааж дулаалдаг. Үүнтэй адил хавар гэрээ буулгахдаа дулаалгын багцаа илжирч муудахааргүй газар хадгалаад хүйтний улирал эхлэхээр суурилуулна. Харин халаалтын багцаа гэртээ дулааны улиралд ч ашиглаж болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

НҮБ-ын Хүүхдийн сан Баянзүрх дүүргийн 48 өрх, хоёр гэр цэцэрлэгт халаалт, дулаалгын багц үнэ төлбөргүй өгнө  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй