Шууд Chart

“Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийн экспорт, импортын хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2020-10-26 16:29:47

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан 1540 дүгээр тогтоолоор цацраг болон цөмийн, химийн, биологийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, тээвэрлэх, шилжүүлэх, ашиглахыг оролдсон төрийн бус субъектуудэд аливаа хэлбэрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд улс орнууд үндэсний хэмжээнд хяналт тавихыг үүрэг болгосон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д айлчлах үеэрээ цөмийн материалын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор санамж бичиг байгуулж, төслийн хүрээнд 2008 оноос Монгол Улсын байнгын ажиллагаатай 15 боомтод 100 ширхэг  цацрагийн хяналтын төхөөрөмжийг суурилуулж, хяналтын шалгалтыг хэрэгжүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дээрхи тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Монгол улсын хилээр нэвтрэх цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг 15 хилийн боомтын улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран 2020 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтаар цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хяналт шалгалт хийхэд анхаарах асуудлуудын талаар мэдлэг мэдээллийг олгож, бодит байдал дээр хяналт шалгалт хийх дасгал ажлыг гүйцэтгэж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудалд 2019 онд суурилуулсан шинэ загварын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг танилцуулж, туршлага солилцов.

Тус чиглэлийн хяналт шалгалтаар хууль бусаар цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан. Эдгээрээс дурдвал  2017 онд Буянт-Ухаа боомтоор Вьетнам улсын иргэн тусгай зориулалтаар бэлтгэсэн цацрагийн үүсгүүрийн ангилалд хамаарах Иод-125 бүхий цацраг идэвхт изотопыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байхад нь тус боомтын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байв. Уг этгээдэд Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заасны дагуу хариуцлага хүлээлгэж байсан юм.


“Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийн экспорт, импортын хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй