Шууд Chart

Д.Баярсайхан: “Тамирчин цэрэг” гэж дуудуулан, гялалзаж явснаа хэзээ ч мартдаггүй

2021-02-13 17:00:17

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хаасан урлаг соёл, спортын алдартнуудын сэтгэгдлийг хуваалцсаар байна. Учир нь тэд ч гэсэн 100 жилийн түүхийн 1-3 жилийг хамтдаа бичилцсэн бэлтгэл үүрэгтнүүд билээ.

МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч, бэлтгэл түрүүч Дашхүүгийн Баярсайханыг урьж ярилцлаа. Тэр олон улсын спортын сэтгүүлчээс гадна Монгол Улсын хөл бөмбөгийн спортын хөгжилд оруулсан хувь нэмрээрээ хэдийн үнэлэгдсэн спортын мастер юм.

Таныг артиллерчин цэрэг байсан тухай сонссон. Эр цэрэг явсан тэр сайхан түүхээсээ хуваалцаач?

-Их сайхан сэдэв та хөндлөө. Цэрэг явсан талаараа ярих дуртай шүү, би. 1986-1989 онуудад “Хөдөлмөр” нийгэмлэгийн “Идэрчүүд”-ийн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчнаар хотын аваргаас эхлээд улсын аварга хүртэлх медалиудыг түүсэн сүрхий амьтан явлаа, би. Гаргасан амжилтандаа нэлээд ханаж, онгирох шинжтэй нэг нөхөр яваад л байлаа даа. Тэр үед хамгийн сайн хөл бөмбөгийн тамирчныг “Алдар” эсвэл “Хүч” спорт хороо авдаг байв. Би ч бас орчих санаатай, гэхдээ тэд намайг бас автлаа “тоогоогүй” л байлаа. Удалгүй цэргийн зарлан ч ирлээ. Тэр цаг үед эр хүн болж төрсөн л бол цэрэгт явдаг хатуу зарчимтай үе л дээ. “Алдар”-д орчих санаатай 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарлангаа барьж очиход “Ардын армийн 133 дугаар ангид хуваариллаа” гэж байна.

Тэнд зогсож байсан цэргийн нэг даргаас “133 дугаар анги нь “Алдар” мөн үү гэхэд “Мөн байх аа” л гэж байна. Тэр өдрөө биднийг дамжин дээр хонуулаад, маргааш нь вокзал дээр аваад ирдэг юм байна. Юун, Алдар. “Ах аа, Алдар руу яагаад явахгүй байгаа юм бэ” гэхэд “Та алдар түүхт Зүүнбаянгийн дивизэд очих гэж байж “Алдар” яриад байх юм” гээд нэлээд өндөр дуугаар загнаж билээ. Тэгж л би артиллерчин түрүүч болох шангаа татсан түүхтэй. Одоо ч тод санаж байна. Саяхан юм шиг л. Хуучин Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн 133 дугаар артеллерийн хорооны 1 дивизионы 1 дүгээр батарейний артиллерчин тагнуулчин байлаа. Тэр үед ангийн захирагчаар дэд хурандаа Л.Тогтох, штабын даргаар хошууч Ж.Ванчинсүрэн, улс төрийн орлогчоор ахмад Өсөхбаяр гээд мундаг офицерууд байлаа. Хожим цөмөөрөө цол ахиж, ихэнх нь тэтгэвэр чөлөөндөө суусан байна лээ. Офицер хүн ямар байх ёстойг би тэднээс л харж ойлгосон.

Цэрэгт очлоо. Сургалт бэлтгэлээр ёстой нэг нүдлээ дээ. Зүүнбаянгийн халууныг ч хэлэх үү, өмссөн дүрэмт хувцас маань цайрчихсан, царай гэж бор, шүд гэж цагаан амьтан болдог юм байгаа биз дээ. Нуулгүй хэлэхэд анхандаа ч очоод “Би хөл бөмбөг тоглодог, хотын аваргаас эхлээд улсын аварга болсон, спортын зэрэгтэй тамирчин шүү” гэсэн ааг, омогтой, түүнийгээ онгирч ярьдаг нөхөр байлаа. Тэгсэн “Цэргийн амьдралд ижил тэгш эрх, шударга зарчим үйлчилдэг учраас таны хэн байх нь хэнд огтоосоо хамаагүй” гээд тэр үеийн цэргийн дарга нар намайг “номхруулсан” гэхэд хилсдэхгүй. Гэхдээ мэдээж спортыг дэмжинэ, онгироо, овлигогүй занг тэвчихгүй. Цэргийн алба гэдэг үнэхээр л амьдралын сургууль юм байна гэдгийг тэнд л би ойлгосон.

Жагсаалын өмнө “Урай” хашгируулж явлаа гэсэн дурсамж тань байдаг. Энэ их сонирхолтой сонсогдож байна...

-Нэг өдөр жагсаалын талбайд эгнээд жагсчихсан зогсож байлаа. Жагсаалын эхлэл нь ч, төгсгөл нь ч харагддаггүй нүсэр том жагсаал байдаг ч байлаа. Ангийн захирагч, дэд хурандаа Л.Тогтох дарга жагсаалын урд гарснаа “Та бидний дунд хөл бөмбөгчин цэрэг байна. Танд хөл бөмбөгийн талбай байгуулах үүрэг өгч байна” гээд намайг дуудаж гаргаад, тэр олон хугацаат албаны дайчдаар “Урай” хашгируулж байсан нь үнэн үнэн. Үнэхээр их бахархмаар шүү дээ. Тэгээд яах вэ дээ, жагсаалын өмнө үүрэг авсан цэрэг би ажилдаа ч орлоо. Ангийн байрлалын ард талд хоёр далий хаалга байдаг байсан. Хуучны цэргүүд ч андахгүй байх аа. Тэр хоёр далий хаалгыг ухаж тэгшилж, өнгөлөн далдлалтын ногоон тор дээр нь бүтээгээд хоёр хаалгаа хийчихлээ. Хаалга бэлэн. Харин талбай тэр чигтээ элс. Хөл бөмбөгийн ногоон талбай гэж ярьдаг байсан бол тэнд бид “Элсэн талбай” гэж нэрлэж байлаа шүү дээ. Нэгэнт элс учир шохойгоор тэмдэг тавих утгагүй тул ангийн уурын зуухнаас 14 шуудай нүүрс үүрч авчраад тэмдэглэгээгээ хийж бэлэн болголоо. Ангийн удирдлагууд харчихаад “За, болж байна, хүүхдүүдээ, одоо бүгдээрээ хөл бөмбөгийн аваргуудаа тодруулъя” гэж байна. 133 дугаар хорооны дивизионуудын хугацаат албаны дайчид өрсөлдөнө гэсэн үг. Тэгэхэд ганцхан би хөл бөмбөг тоглодог сүрхий амьтан байсангүй. Бусад дивизионууд олон шилдэг тамирчид ч цугласан байсан л даа. Манай дивизионы захирагч “Бүгдээрээ хөл бөмбөгийн өмсгөлтэй оролцоно шүү” гээд бидний хэлж заншсанаар чаба цагаан буюу дотуур өмд, цамцаа тайрч, богино ханцуйтай цамц, шорт болголоо. Тэгээд болоогүй ээ, бас “Аддидас” гээд бичиглэл оёх жишээтэй. Рагчаасүрэн ахмад надад хуучин орос стандарт пүүз өгч, бусад маань бакалтайгаа тэгж л тоглосон доо. Бусад багууд цэргийн дүрэмт хувцастайгаа. Мэдээж манайх хожсон. Дараа нь Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн хэмжээнд явагдсан хөл бөмбөгийн аваргад ч өнөөх багаараа түрүүлсэн.Тэндээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь 205 дугаар ангийнхан. Учир нь авто чиргүүлийн анги болохоор голдуу Зүүнбаянгийн ардууд ажилладаг, хөл бөмбөгөөр сүрхий хичээллэдэг хүмүүс байсан. Одоо нэрлэвэл Хонх Эрдэнээ, Дээк, Мөнхөө, Жагаа гээд бий, бий.

Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний аваргад оролцсон байх аа?

-Тийм. 1990 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэл анх удаа гуравдугаар байрт шалгарсан. Хамгийн сонирхолтой нь, тэр амжилтаас үүдэн “Алдар”-ынхан намайг спорт хороондоо тоож авсан. Зуны гурван сардаа “Алдар”-т, бусад цагуудад ангидаа очдог байлаа шүү дээ.”Тамирчин цэрэг” гээд хүн бүр андахгүй. Тэр үед надтай хамт тоглож байсан, алба хамт хаасан хүмүүсийн олонх нь өнөөдөр хөл бөмбөгийн ахмадын багт тоглож байгаа. Нэрлэвэл их олон доо. Үүнийгээ би алдар түүхт Зүүнбаянд хөл бөмбөгийн спортыг тодорхой хэмжээгээр сурталчилсан гавьяатай гэж боддог юм. Миний мартдаггүй өөр нэг тэмцээн бий.

Тухайлбал?

-Их говийн гарнизионы “Марш тактик” гэж нүсэр том тэмцээн болдог байлаа. Өрсөлдөөн гэж аюултай. Яг л цэргийн хүний эзэмших ёстой чадваруудаар явагддаг учраас оролцогчийн тоо ч хязгааргүй олон байсан. Тэр тэмцээнд хорооныхоо тугийг хоёр жил алба хаахдаа барьж явснаа хэзээ ч би мартдаггүй. Нэг удаад нь түрүүлж, нэг удаад нь чамгүй амжилттай оролцсон юм даг. Уралдааны замд нь нэг нь бахардаад унахад нь өргөөд л гүйж явсан минь сайхан дурсамж юм даа. Бас тэр буудлага байна. Зүүнбаянг доргитол буудна шүү дээ. Хэлэхийн аргагүй сайхан үе.

Таныг монголчууд олимпын анхны аваргатай болоход цэнхэр дэлгэцээр баярлан уйлж байснаар нь бас анддаггүй ...

-Тийм ээ, тэр түүхэн үйл явдал байсан. Намайг эх орон, элгэн түмэн, бахархалт хүмүүсээр омогшихыг арми надад заасан. Өнөөдөр Зэвсэгт хүчин, хөл бөмбөг, үндэсний телевиз гурав миний өдий дайтай сайн сайхан явахын гол шалтгаан юм. Эх оронгүй эр цэрэг, эр цэрэггүй эх орон гэж үгүй гэдэг шиг нэгэн цагийн түрүүч миний бие Зэвсэгт хүчнээр дамжиж, ажил, амьдралаа тэгшитгэсэн онжавууд, офицер, ахлагч нартаа удахгүй болох түүхт 100 жилийн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсанд баярлалаа, эрхэм бэлтгэл түрүүч танд

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб


Д.Баярсайхан: “Тамирчин цэрэг” гэж дуудуулан, гялалзаж явснаа хэзээ ч мартдаггүй   
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй