Шууд Chart

1981 оны энэ өдөр төрсөн Гүррагчаа нэртэй 15 хүүхэд байдаг

2021-03-22 15:36:33

Өнөөдөр Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байна. Одоогоос 40 жилийн өмнө энэ түүхэн үйл явдалтай давхцан, Монгол Улсад 206 хүүхэд мэндэлжээ.

Монгол хүн сансарт ниссэн энэ өдөр мэндэлсэн 15 хүүхдэд аав, ээж нь Гүррагчаа гэж нэр хайрласан байна. Мөн энэ өдөр төрсөн 9 хүүхдийн нэрэнд Сансар гэж үг орохоос гадна Од, Гариг, Гүр Жанибеков, Сансархүү нэртэй олон хүүхдүүд мэндэлжээ. Өнөөдөр тэдний 40 насны төрсөн өдөр. Бүгд Монгол орныхоо өнцөг булан бүрт, өрх гэрээ төвхнүүлж, өөр өөрсдийн ажил төрлөө эрхлэн амьдарч байна. Тэдний төлөөлөл болох Н.Гүррагчаа, Г.Гүррагчаа нартай утсаар холбогдлоо.

Г.Гүррагчаа: Би Ж.Гүррагчаа баатрыг яг нисэхэд нь төрсөн

Би Сүхбаатар айгийн Баруун-Урт суманд 1981 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн. Монголын Радиогоор Монгол хүн сансарт нислээ гэж зарлах яг тэр үед нь би төрсөн гэдэг. Эмнэлгийн удирдлагаас Гүр Жанибеков гэж нэр өгсөн ч өвөө Монгол нэр өгнө гэж эсэргүүцээд Гүррагчаа болгосон гэнэ лээ. Би Гүррагчаа баатартай 20 настайдаа анх уулзсан. Монголын бахархалт хүнтэй уулзаж, бас өөртэйгөө ижилхэн нэртэй найзуудтайгаа уулзаж, танилцсандаа их баяртай явдаг.

Н.Гүррагчаа: Энэ нэрээ өргөж явахыг хичээдэг

Ээж долоо хоног өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод байхад нь радиогоор жирийн малчны хүү Монголд ниссэн тухай мэдээ гарсан гэдэг. Гүррагчаа баатрыг ниссэнээс хойш нэг минут ч болоогүй байхад нь би Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн. Маргааш өглөө нь Аймгийн намын хорооноос надад нэр өгнө гэж ирсэн ч нэгдсэн эмнэлгийн эмч Адъясүрэн гэж хүн надад Гүррагчаа гэж нэр өгчихсөн гээд буцаасан гэж ярьдаг. Оюутан байхдаа Гүррагчаа баатартай уулзаж байсан. Энэ хүний нэрийг өргөж явах гэж хичээдэг. Би таны нэрээр нэрлэгдсэн гэчихээд болохгүй, бүтэхгүй юм хийгээд явж болохгүй. Энэ бахархалт нэрийг тээж явах нь тодорхой хэмжээний үүрэг хариуцлага гэж боддог. Одоо эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумандаа амьдарч байна.

Нийтэлсэн: Д.Даваадулам

1981 оны энэ өдөр төрсөн Гүррагчаа нэртэй 15 хүүхэд байдаг  
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй