Шууд Chart

АНУ 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг болгох зорилт тавив

2021-04-22 12:26:45

АНУ 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүртэл бууруулах зорилт тавьж байна. Дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх тухай олон улсын цахим уулзалтын хүрээнд АНУ-ын Цаг уурын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри Вашингтоны энэхүү зорилтыг танилцуулжээ.

Дэлхийд хүлэмжийн хий ялгаруулалтаараа тэргүүлэгч орнуудын нэг АНУ тодорхой хугацаа зааж хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүртэл бууруулах амлалт авч байгаа нь дэлхийн дулаарлыг хязгаарлахын төлөөх олон улсын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам гэж хэвлэлд онцолж байна.

Энэ удаагийн цахим уулзалт олон улсын далайн тээвэрт оролцож байгаа ачаа тээврийн хөлөг онгоцноос ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах чиглэлд авах арга хэмжээг голлон хэлэлцсэн байна.

Одоогоор Олон улсын далай тэнгисийн байгууллага 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтыг 50 хувиар, 21-р зууны эцэс гэхэд тэг түвшинд хүртэл бууруулах стратеги баримталж байна. Энэ стратегийн талаарх байр сууриа АНУ энэхүү цахим уулзалтын үеэр илэрхийлсэнгүй.

Гэхдээ Жон Керри Олон улсын далай тэнгисийн байгууллагатай хамтран ажиллах АНУ-ын сонирхлыг илэрхийллээ. Олон улсын далай тэнгисийн байгууллагын Байгаль орчин хамгаалах хороог даргалж байгаа Японы тээврийн сайд далайн тээврийн хүлэмжийн хийг үлэмж хэмжээгээр бууруулах зорилт тавьж, үр дүнтэй дүрэм журам хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хүлэмжийн хийг бууруулахад технологийн хөгжлийг ашиглах болно гэж мэдэгджээ.

Энэ чиглэлд Япон улс далайн тээврийн хөлөг онгоцуудад шингэрүүлсэн байгалийн хий ашиглаж эхэлж байна. Японы далайн тээврийн компаниуд хүлэмжийн хий ялгаруулдаггүй нарны болон устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг хөлөг онгоц үйлдвэрлэж байна.

Энэхүү цахим уулзалт нь өнөөдөр гарагт АНУ-ын зохион байгуулах Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын дээд хэмжээний цахим уулзалтыг угтсан, бэлтгэл уулзалт юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг болгох зорилт тавив   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй