Шууд Chart

ДЭМБ: Коронавирусний мутациуд БНЭУ-д цар тахал давалгаалахад нөлөөлж байна

2021-05-07 10:50:00

ДЭМБ олон улсад тархсан олон төрлийн мутаци Энэтхэг улсад ковид 19 цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлэхэд гол нөлөө үзүүлж байна гэж үзжээ. Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусний мутацилагдсан хувилбарууд дэлхийн олон оронд тархаж байгаагаас Энэтхэгт халдварын тархалт эрс нэмэгдсэн гэж ДЭМБ-ын 7 хоногийн тайланд онцолсон байна.

Тус тайланд дурдсанаар Британид анх илэрсэн мутаци мягмар гарагийн байдлаар дэлхийн 142 улс орон газар нутагт илэрсэн нь өмнөх долоо хоногоос гурван орноор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Мөн Өмнөд Африкт анх бүртгэгдсэн мутаци 97 улс газар нутагт бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 10 улсаар, Бразилд анх илэрсэн хувилбар 5 улс газар нутагт илэрсэн нь өмнөхөөс гурван улсаар тус тус нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

ДЭМБ эдгээр гурван хувилбар маш хурдтай тархдаг, вирустэй тэмцэгч эсрэг биеийн үйлчлэлийг бууруулдаг учраас “санаа зовоосон мутаци” гэсэн ангилалд оруулж, маш нарийн хянаж байгаа юм байна. Мөн тус байгууллага Энэтхэгт бүртгэгдсэн хавсарсан мутацийг “маш сонирхолтой хувилбар” гэсэн ангилалд оруулжээ.

Энэтхэг хувилбар өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагийн байдлаар 17 улсад тархсаныг ДЭМБ-аас мэдээлж байсан. Энэтхэгт нэг долоо хоногт бүртгэгдсэн коронавирусний халдварт тохиолдлын тоо дэлхий даяар бүртгэгдсэн тохиолдлын 46 хувь, нас барсан тохиолдлын 25 орчим хувийг эзэлж байгааг мөн ДЭМБ-аас мэдээлсэн. Түүнчлэн тус байгууллагын тайлан мэдээгээр Азийн бүс нутагт цар тахлын улмаас нас баралт өмнөх долоо хоногоос 48 хувиар өсчээ. Энэ нь цар тахал Балба, Шри Ланкад хурдан тархаж байгаатай холбоотой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Коронавирусний мутациуд БНЭУ-д цар тахал давалгаалахад нөлөөлж байна   
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй