Шууд Chart

Т.Энхболд: Хамгийн анхны гоцлолоо Италийн Ромео, Жульеттагийн цайзад бүжиглэж байлаа

2022-05-13 10:27:23

Үндэсний Урлагийн Их Театрын туслах найруулагч, бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төмөрбаатарын Энхболдыг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж буйд баярлалаа. Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Танай гэр бүлд урлагийн хүмүүс бий юу?

-Би Сэлэнгэ аймгийн төвд буюу Сүхбаатар суманд өссөн. Айлын гурав дахь хүүхэд доороо нэг дүүтэй. Ах, эгч, дүү нараасаа би л урлагийн замд хөл тавьж, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан. Манай аав Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Шагдарын Төмөрбаатар Сэлэнгэ аймгийн ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүжигчнээр ажиллаж байгаад дараа нь бүжиг ангийн дарга, бүжгийн багш, чуулгын орлогч даргаар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Харин манай ээж “Сэлэнгийн долгио” чуулгад гоцлол бүжигчнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Морхооны Сэлэнгэ гэж хүн бий. Багаасаа л би аав, ээжийгээ дагаж ардынхаа өв соёлыг харж мэдэрч, биширч өссөн.

Би Сэлэнгэ аймгийн хоёрдугаар арван жилийг 1998 онд төгсөөд аймгийнхаа чуулгад нэг жил бүжигчнээр ажилласан. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуулийг театр, кино, телевизийн найруулагч мэргэжлээр сурч төгссөн. Тухайн үед Сүхээ багш /Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар/ таараад “Цаашдаа аавынхаа мэргэжлээр ажиллах сонирхол бий юу. Манай Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга /Одоогийн Үндэсний урлагийн их театр/-д бүжиглээд үзвэл яасан юм бэ” гэсэн санал тавьсан. Сүхээ багш аавыг Хөгжим, бүжгийн коллеж /Одоогийн Монгол Улсын консерватори/-д байх үеэс нь таньдаг юм билээ. Тэгж л би 2003 оноос хойш, дунд нь нэг жил эрүүл мэндийн асуудлаар болон англи хэл сурах зорилготой Энэтхэг улсад нэг жил хоёр сар байсныг эс тооцвол Үндэсний урлагийн их театртаа тасралтгүй ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт бүжигчний ангийн ганцхан хуваарь очсоныг авч чадаагүй ч мөрөөдлөө орхиогүй

-Хэдий найруулагчаар сурч байсан ч гэсэн оюутан байхдаа бүжиглэдэг байсан уу?

-Миний багийн мөрөөдөл бүжигчин болох одоо ажиллаж байгаа Үндэсний урлагийн их театр ажиллах байсан. Намайг арван жилээ төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд Сэлэнгэ аймагт бүжигчний ангийн ганцхан л хуваарь очсон юм. Тэр нь СУИС-ийн хуваарь байсан. Би тэр хуваарийг авахаар шалгалт өгсөн ч, өөр хүүхэд авсан. “Бүжиг бол мэргэжил эзэмшихээсээ гадна мэргэших ёстой урлаг. Байнга давтаж, туршлагажиж, бүжиглэхдээ хаана нь амьсгалаа авах, аль хэсэгт нь характераа гаргах, ямар үед нь жүжиглэх вэ гээд арга ухаан, дадлаа олох ёстой” гэж ээж, аав маань хэлдэг байсан. Тиймээс би СУИС-ийн бүжгийн ангийн хуваарийг авч чадаагүй ч бүжиглэхээ болиогүй.

-Бүжигчнээр ажиллаж эхэлснээсээ хойш ямар бүжгүүдэд гоцолж бүжиглэсэн бэ?

-2006 онд Сэвжидийн Сүхбаатар багшаар удирдуулсан “Монгол бүжгийн гайхамшиг” аялан тоглолт Италид тоглосон юм. Тэгэхэд би Италийн Ромео, Жульеттагийн цайз дотор Монгол Улсын Гавьяат жүжигчин, одоо Үндэсний урлагийн их театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Алтангэрэлийн Даваахүү багшийнхаа “Угсаатны цагаан шонхор” бүжигт гоцолсон нь, миний анхны гоцлол бүжиг.

Тэрнээс хойш гавьяат Одонтуяа эгчтэйгээ хамгийн анхны “Салхит шувуу”-г гоцолж байсан. Дараа нь Сүхээ багшийн “Цагаан шонхор” бүжигт гоцлол бүжигчнээр ажилласан гээд Төрийн болон хүндэтгэлийн тоглолтууд, Монгол туургатны бүжгийн том тоглолтууд, аялан тоглолтуудад гоцолсон.

-Хэзээнээс аавынхаа мэргэжлийг өвлөн бүжиг дэглээчээр ажиллаж эхлэв?

-2007 оны сүүлээс театрынхаа Бүжиг ангийн даргаар нэг жил ажилласан. Тухайн үед дахиад сурах ёстой юм байна гэж бодсон. Тэгээд 2010 онд Бүжиг дэглээч, бүжгийн багш мэргэжлээр СУИС-ийн бакалавр хамгаалсан. Тэр үеэс бүжиг дэглэх сонирхолтойгоо театрынхаа багш нартаа хэлж, дэглэж эхэлсэн. Аавдаа ч мөн хэлсэн. Аав “Бүжиг дэглэхэд асар их судалгаа, мэдрэмж хэрэгтэй. Бүжигчнээ хар, бүжгээ бүжигчиндээ зориулж дэглэ. Чи удаан темптэй хүнд хурдан темптэй бүжиг дэглэвэл бүжигчин чинь бүрэн дүүрэн бүжиглэж чадахгүй” гэж хэлсэн. Аавынхаа захиж хэлсний дагуу бүжигчдийг өдөр тутам их ажигладаг болсон. Цуг ажиллаж байгаа театрын бүжигчдээ ах дүү, найз нөхөд гэж харахаас илүү хэрвээ би энэ бүжигчинд бүжиг дэглэж өгөхөөр болвол яг ямар бүжиг дэглэвэл тохирох бол гэж ажиглаж, хардаг. Би бүжиг дэглэх ерөнхий арга ухааныг ааваасаа авсан ч нарийн зүйлсийг Сүхээ багшаасаа суралцдаг. Мөн өөрийн санал бодлоо багшдаа хэлдэг. Багш маань ч саналыг маань уриалгахан хүлээж авдагт баярладаг. Аав, ээж минь надад “Чаддаг хүнээс илүү сэтгэлтэй хүн юманд хүрдэг шүү” гэж хэлдэг байсан. Тиймээс би чадахгүй зүйл дээрээ ч өөрийгөө гололгүй сэтгэлээ дэвсдэг.

Дамнуургаар ус зөөдөг байсан үе бараг миний хүүхэд насаар дууссан байх

-Бүжиг дэглээч хүн хэрхэн ажилладаг вэ?

-Бүжиг дэглэнэ гэдэг зүгээр л элдэв хөдөлгөөнүүдийг эвлүүлэх бус асар их судалгааны үр дүнд бий болдог. Бүжгийн хөдөлгөөнүүд аж ахуйн судалгаанаас авахуулаад түүхтэй холбогддог учраас үндэсний түүх соёлоо заавал мэдэх, маш их зүйл унших, суралцах хэрэгтэй байдаг. Манай багш нар, аав уран бүтээлдээ ийм л шаардлага тавьдаг. Нэг бүжиг дэглэхэд асар их хугацаа зарцуулдаг. Маш нарийн судална, судалгаагаа бүжигчиндээ, бүжигчиддээ танилцуулна.

Тухайлбал, би 2019 онд Торой Бандийн сэдэвтэй бүтээлээрээ СУИС-д магистрын зэрэг хамгаалсан. “Торой Банди” Данзангийн Нанзад цахар хүн. Манжийн хаанд өргөл барьц болгож хүргэх малыг Дарьгангад цахруудаар маллуулж байж. Тэр малчдын дунд байсан малчин хүү хожмын шилийн сайн эр Торой Банди байсан юм билээ. Би магистрын ажлаа хийхийн тулд нэлээд том хэмжээний судалгаа хийсэн. Торой Бандийн хөшөөг хийсэн зураач, барималч Жамбалжамцын Дүүрэнтөгс урлаачтай урланд нь очиж уулзсан. Дараа нь Төв номын сан, МУИС-ийн номын сан, Сүхбаатар аймгийн номын сан болон Түвшинширээ сумын номын сангаас Торой Бандийн удам судар хаанаас гаралтай болон энэ хүнтэй холбогдолтой ном, баримт бичгүүдийг хайж уншиж, судалж, Төрийн шагналт Б.Мөнхболд, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ариунболд, Т.Сэр-Од гэсэн гурван хөгжмийн зохиолчийн хөгжмөн дээр бүжиг дэглэж магистрын зэргээ хамгаалсан.

Цахар, Урианхай, Дүрвэд, Баяд, Буриад гээд ястан бүр үүнээс буриад дотроо л гэхэд агийн, хамниган, сонгоол, барга гээд л явна, бүгд өөр өөрийн онцлогтой учир бүр нарийн судалж, онцлогийг нь гаргах хэрэгтэй. Миний дэглэсэн “Дамнуургат буриад” гэж бүжиг бий. Дамнуургаар ус зөөдөг байсан үе бараг миний хүүхэд насаар дууссан байх. Тэр үеэс хүүхдүүд тэргээр ус зөөдөг болсон. Намайг бага байхад өвөө, эмээ маань дамнуургаар ус зөөдөг байлаа. Би энэ хаанаас үүсэлтэй, ямар ястнууд анх дамнуургаар ус зөөдөг байсан талаар судалж, энэ ахуйг бүжгээр хадгалж үлдээвэл тохиромжтой юм байна гэж бодож бүжиг болгосон. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгууллагаараа ажиллах хугацаанд Ханбогдоос 35 км-ийн зайтай байдаг Буйлган шарын газар дээр нь очиж үзээд нутгийн иргэдээр домгийг нь яриулаад, энэ бүх судалгаагаа үндэслэн маш олон жил бодож явсан “Буйлган шарын явдал” бүжгээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжмөн дээр Өмнөговийн театрынханд дэглэж өгсөн. Мөн Хөвсгөлийн цаатнуудын тухай “Этэрчний баяр” гэж бүжиг дэглэж байлаа. 2017 онд “Найрамдал” ОУХТ-д зохион байгуулагдсан бүжгийн уралдаанд миний дэглэсэн “Цаатан” бүжгээр 61 дүгээр сургуулийн сурагчид Гран-при шагнал авч байсан.  2019 онд дэглэсэн “Дөрвөн уулсын сахиус” бүжгийг минь одоо Монголын хүүхдийн ордны бүжигчид бүжиглэдэг. “Буйлган шарын явдал”, “Цаатны баяр” зэрэг бүтээлийг бүжигчид одоо ч бүжиглэсээр байгаа. Сая манай театрын гоцлол бүжигчин М.Болорчимэг надад санал тавьсны дагуу буриад ястны язгуур хөдөлгөөн дээр тулгуурласан “Хатиръя” бүжиг дэглэснийг минь Догоо багш /Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор, нэрт бүжиг дэглээч, судлаач Гарамын Долгорсүрэн/-ийн нэрэмжит уралдааны тайзан дээр бүжиглэсэн.

Бүжгийн хөгжим зохиодог хөгжмийн зохиолч олон болоосой

-Та аль төрөл, урсгал жанрын бүжиг түлхүү дэглэх хүсэлтэй вэ?

-Бүжгийг ардын, сонгодог, спорт гэж ангилдаг. Ардын бүжиг дотроо этник, контемпрари гэх мэт урсгал, төрөл жанртай. Би бүжгийн бүх л урсгалыг сонирхож судалдаг ч гэлээ Сэвжид багш /Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид/, Сүхээ багш, Догоо багш зэрэг агуу хүмүүсийн бий биелгээг тайзны хэлбэрт оруулаад ард түмэнд хүргэж байгаа замналаар өөрийнхөө хэмжээнд үндэснийхээ хэв маяг, ардын язгуур урлагаа дараа үедээ, үзэгчиддээ хүргэхийг гол зорилгоо болгодог. Биднийг төрөө ч үгүй байх үед юм даа Игорь Моисеев /ОХУ-ын алдарт бүжигчин, бүжиг дэглээч/ агуу Ц.Сэвжид гуайн бүжгийн дэглэлтийг харчихаад Монголд ямар агуу хүмүүс байдаг юм бэ гэж уулга алдаж байсан гэдэг.

Миний хувьд Монгол үндэсний бүжиг бол сонгодог бүжиг. Ер нь л ардын бүжигчин бүр л адилхан бодолтой явдаг байх. Учир нь монгол үндэстний мэндлэх хүндлэх ёс, ахуйтайгаа харьцах соёл, хувцасны соёл гээд биет болон биет бус бүх л соёлын өв монгол үндэсний бүжигт байдаг. Сүхээ багш хэлдэг юм. “Хүн дугарахаасаа өмнө үйл хөдлөл хийдэг. Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээсээ авахуулаад хөдөлж эхэлдэг. Дараа нь орчны байгалийн дуу шуумыг сонсож, өөрөө дуу авиа гаргадаг”. Би Итали, Франц, Швейцар зэрэг орны тайзан дээр гарч байсан. Тэр бүх орны үзэгч, мэргэжилтнүүд монгол үндэсний бүжгийг гайхан биширдэг. Өдгөө Монголын уртын дуу Италийн дуурийн театрт эгшиглэж байна, “Хү” хамтлаг дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа. Тэр уртын дуучид, “Хү” хамтлаг гадаад хэлээр дуулаагүй монгол хэлээрээ дуулаад түүнийг нь дэлхий дахин шимтэн сонсож байна. Үүнтэй адил Үндэсний бүжгээ орчин цагийн урсгал чиглэлтэй уялдуулан дэлхий дахины үзэгчдэд хүргэхийг л хүсдэг.

Мөн сүүлийн үед залуу бүжиг дэглээчид гоцлол бүжиг түлхүү дэглэж байгаа. Харин үндэсний цөөхүүл бүжгийг орхигдуулаад байгаа санагдсан. Тиймээс цөөхүүл бүжиг дэглэх хүсэл сонирхол бий. Энэ дагуу хөгжмийн зохиолчидтой уулзаад явж байгаа. Мөн өөр нэг миний санаа зовдог зүйл Монголд бүжиг дэглээчид ар араасаа гарч ирч байна. Харин бүжгийн хөгжим зохиодог хөгжмийн зохиолч их цөөхөн байгаа. Хуучин цагт Э.Чойдог, Л.Мөрдорж зэрэг агуу хөгжмийн зохиолчид ганцаарчлан, хамтраад бүжгийн хөгжим бичдэг байсан. Хөгжмийн зохиолчид бүжгийн хөгжим рүү ороосой, ийм хөгжмийн зохиолч олон болоосой, олноороо гарч ирээсэй гэж хүлээдэг.

Насаараа ажилласан аав, ээж хоёрын минь аваагүй байгаа Төрийн одонг авахдаа эмээсэн

-Хэдий хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч гэлээ Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Төрд үнэсүүлсэн тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би 2013 онд соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард би бүжигчидтэйгээ бэлтгэл сургуулилтаа хийгээд биеэ халааж байсан чинь албаны дарга орж ирээд “Энхболдоо энд юу хийж байгаа юм бэ. Өдөр шагнал авах ёстой” гэж хэлсэн. Гэр лүүгээ хариад хувцсаа сольж ирээд би ямар шагнал авах юм гэсэн “Алтан гадас” одон гэхээр нь шоконд орчихсон. Аймгийнхаа чуулгад насаараа ажилласан аав, ээж хоёрын минь аль аль нь аваагүй болохоор эмээсэн ч шагнал авахаар болсон гэдгээ залгаж хэллээ. Ээж “Аргагүй дээ миний хүү чинь Үндэсний урлагийн их театрт удаан жил ажилласан юм чинь авах нь зөв” гээд баяр хүргэсэн. Харин аав утсаар ярих үед баяр хүргээгүй. Гэртээ ирэхээр чинь уулзъя гэж хэлсэн. Манай аав их хатуу хүн л дээ. Шагналаа авчихаад очиход л баяр хүргэсэн.

-Б.Баатар найруулагчийн “Тамгагүй төр” монгол драмыг үзсэн хүн бүр л магтаж байна. “Тамгагүй төр” жүжгийн энэ удаагийн найруулга Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, “Hero” энтэртайнмент хамтран үзэгчдэд хүргэж байгаа гэдгээрээ илүү даацтай, тэсрэлт хийсэн бүтээл болсон гэж харж байгаа.

-“Тамгагүй төр” монгол драм жүжигчдийн баг бүрэлдэхүүнээс гадна орлон тоглогчид, циркийн уран бүтээлчид, Үндэсний урлагийн их театрын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид гээд олон жанрын уран бүтээлчид нэгдсэнээрээ онцлог. Би “Тамгагүй төр” монгол драмд Арчуг хааны найман дагуулын нэг болж бүжиглэж байгаа. Манай театрын бүжигчид өмнө нь Ч.Найдандорж гуайн найруулсан “Тамгагүй төр” жүжгийн бөөгийн хэсэгт оролцож байсан. Ч.Найдандорж найруулагчийн “Тамгагүй төр”-д өөр үзэгдэлд гардаггүй. Харин энэ удаад хөшиг нээгдэхээс хаагдах хүртэлх хэсэгт гарч байна. “Тамгагүй төр” монгол драм цаг үеээ мэдэрсэн маш сайхан уран бүтээл болсон.

Гэрэл зургийн эх сурвалж: Tamgagui Tur фэйсбүүк хуудас

Гэрэл зургийн эх сурвалж: Tamgagui Tur фэйсбүүк хуудас

Гэрэл зургийн эх сурвалж: Tamgagui Tur фэйсбүүк хуудас

-Ярилцлагаа таны хоёр дахь гэр болсон Үндэсний урлагийн их театрын тухай хариултаар төгсгөе.

-Үндэсний урлагийн их театртаа ажилд орсноос хойш амьдралынхаа ихэнх цагийг театртаа өнгөрөөжээ. Гэр бүлтэйгээ хамт байхаас их хугацааг хамт олонтойгоо өнгөрөөсөн байна. Манай театр Монгол Улсын хамгийн том урлагийн заставтай байгууллага. Монгол Улсын алдар гавьяатай агуу бүжигчин, бүжгийн багш ахмадууд маань театртаа ажиллаж бидэнд багшилж байна. Энэ л агуу хүмүүсээсээ мэддэг чаддаг бүхнийг нь авч үлдэх ёстой гэж боддог. Тэр хүмүүсийн амнаас гарч буй үг бүр сургаал гэж хэлж болно. Зүгээр л яриаг нь сонсоход маш их зүйлийг ойлгуулж, бүжигчний, бүжиг дэглээчийн замналд минь замчилж өгдөг. Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй шиг ахмад үеийнхэн маань үгүй бол бид нар оршин тогтнохгүй. Бид нар үгүй бол дараагийн үе ч оршин тогтнохгүй. Урлагт би гэж байдаггүй дандаа л бид гэж байдаг. Урлагт ганцаараа явна гэж хэзээ ч байхгүй. Тэр жишгээр манай театрын тоглолтууд дуу, бүжиг, хөгжим гээд бүгд цогц явдаг. Мөн үндэсний ардын дуу, бүжиг, хөгжмийг техник технологийн аргаар ч юм уу орлуулах боломж байхгүй, манай театрын тоглолт бүр жинхэнэ амьд байдаг.

Харин миний ганц харамсдаг зүйл Монголдоо байгаа монголчууд ардынхаа урлагийг маш бага үздэг. Монголдоо нээх сонирхож үздэггүй хэрнээ гадаадын орон руу аялан тоглолтоор очихоор анх удаа үзэж, уйлж үндэснийхээ урлагийг гайхамшгийг хожуу мэдрэх тохиолдлыг олон удаа таарч байсан. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудал байдаг байх. Хүн гэр орны төсөв санхүүгийн асуудалдаа санаа зовохоо больчихвол мэдээж өөртөө, гэр бүлдээ үзвэр үйлчилгээ үзэх цаг зав гаргана шүү дээ. Гэхдээ л үзэгчдийг гадаадад үзээд гайхах бус Монголдоо “Нарны домог”, “Алтан ураг”, Агуу Сэвжидийн “Монгол бүжгийн гайхамшиг”-ийг үзээсэй, үндэснийхээ урлагийн гайхамшгийг мэдрээсэй гэж боддог.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Энхболд: Хамгийн анхны гоцлолоо Италийн Ромео, Жульеттагийн цайзад бүжиглэж байлаа  
Үзсэн: 2351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй