Шууд Chart

Монголчуудын уламжлалт хооллох ухаан

2023-02-24 09:03:04

Монголчууд хоол, ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.


Өвөл цагт

Улаан буюу махан, шар буюу тослог идээг ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан чанар, шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодод шимэгдэх зохицолдоог нь тохируулан хэрэглэсээр иржээ. Тухайлбал, үхрийн махны шим, илч тэжээл адил, хадгалахад чанар нь гүйцэд боловсордог учир хавар цагт, адууны мах чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний үед, хонины мах шим тэжээл, илч чанар жигд тул намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.


Хавар цагт

Эхэн, дунд cap болон зуны улиралд ямааны мах, шөлөөр өндөр настан бага балчир хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эх, архаг хууч өвчтэй хүмүүсийг сувилдаг. Учир нь ямаа хонин сүргийн түрүүнд явж, ногоо, цэцгийг сорчлон идэж, хад, асга, эрэг, ганга зэрэг саадыг бусад малаас хялбар туулж, бэлчээрийг маш сайн ашигладаг тул сүү, мах нь сувилал эмчилгээний шинж чанартай байдаг аж. Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гэж үздэг учир дулааны улиралд, эсвэл өвөл борцлон хатааж, хавар, зун зохистойгоор хэрэглэсээр иржээ.


Зун цагт

Энэ улиралд сүү, цагаан идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, айраг, аарц, ааруул, өрөм, зөөхий, хоормог, цийдмээр хооллож, ундаална. Гэхдээ арвай, буудай зэрэгтэй хослуулдаг. Цагаан идээний энэхүү дэглэм нь зуны улирлын турш үргэлжилнэ. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу махан, шар идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэн хооллох аваас бие махбодод энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж, ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог байна.


Намар цагт

Намаршиж, үрт болон үндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснүүд тухайлбал, гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, мөөг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч гүйцдэг. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд онцгой ач тустай.


Монголчуудын уламжлалт хооллох ухаан  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй