Шууд Chart

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна

2023-01-30 13:39:38

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилга хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Мөн манай газар Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэв.


Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй