Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гар утасны түүхэнд онцгой өдөрт тооцогддог.
Учир нь 1973 оны энэ өдөр анхны гар утасны дуудлага хийгдэж, хүн төрөлхтний харилцаа холбооны шинэ эрин эхэлсэн байдаг.
Ингэснээр бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас анхнаасаа хүмүүсийн харилцааг илүү чөлөөтэй болгох шаардлагаас үүссэн юм. Гар утас бий болохоос өмнө хүмүүс зөвхөн суурин утсаар ярьдаг байсан бөгөөд утас нь байранд, оффис эсвэл гэрт л холбогддог байв. Энэ нь хөдөлгөөн дунд харилцах боломжийг хязгаарлаж байжээ.
Гар утас хийх санаа хэрхэн төрсөн бэ
1960–1970-аад онд автомашинд суурилуулсан радио холбооны төхөөрөмжүүд ашиглагдаж эхэлсэн ч эдгээр нь:
- Маш том хэмжээтэй
- Машинд суурилуулдаг
- Хязгаарлагдмал хэрэглэгчтэй
байсан юм.
Энэ үед инженерүүд хүн хаана ч явж байсан холбоо барьж болох төхөөрөмж хийх санааг гаргаж эхэлжээ. Мартин Купер тухайн үед "Хүмүүс машиндаа биш, харин өөрсдөө зөөж авч явдаг холбооны төхөөрөмж хэрэгтэй" гэж үзсэн байдаг.
Тэр үед Motorola болон Bell Labs хоёр компанийн хооронд гар утас хөгжүүлэх өрсөлдөөн ид өрнөж байжээ. Bell Labs автомашинд суурилсан холбооны систем хөгжүүлж байсан бол Motorola гар утсыг хүн гартаа барьж ярих боломжтой болгохыг зорьсон байна.
Анхны гар утас бүтсэн нь
1973 оны дөрөвдүгээр сарын 3-нд Нью-Йорк хотод Мартин Купер анхны гар утсаар дуудлага хийжээ. Тэрээр өрсөлдөгч компанийн инженер рүү зориуд дуудлага хийж "Би гар утаснаас ярьж байна" гэж хэлсэн нь технологийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тэр үед хийсэн дуудлага нь ердөө хэдхэн секунд үргэлжилсэн ч дэлхийн технологийн түүхийг өөрчилсөн үйл явдал болсон юм.
Анхны гар утас нь өнөөдрийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад маш том, хүнд байжээ. Тухайлбал:
- Ойролцоогоор 1.1 кг жинтэй
- 25 см орчим урт
- 10 цаг цэнэглээд 30 минут ярих боломжтой
- 20–30 утасны дугаар хадгалах багтаамжтай
- Дэлгэцгүй, зөвхөн дуудлага хийх боломжтой
Энэхүү төхөөрөмжийг дараа нь Motorola DynaTAC 8000X нэртэйгээр 1983 онд худалдаанд гаргасан бөгөөд тухайн үед 3995 ам.долларын үнэтэй байсан нь өнөөгийн ханшаар 10 мянга гаруй ам.доллартай тэнцэх үнэтэй байжээ.
Гар утасны хөгжил үүнээс хойш маш хурдацтай өрнөсөн байна.
1980-аад он
- Зөвхөн ярих боломжтой гар утас
1992 он
- Инженер Нейл Папворт “Merry Christmas” гэсэн мессеж илгээсэн нь түүхэнд анхных болсон байна.
1994 он
- Анхны ухаалаг гар утас гарсанаар имэйл, тэмдэглэл бичих боломжтой болсон.
2000 он
- Камертай гар утас гарч эхэлжээ.
2007 он
- Apple компанийн анхны iPhone гарснаар ухаалаг гар утасны шинэ эрин эхэлсэн гэж үздэг.
Өнөөдөр гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл биш болж, олон үүргийг гүйцэтгэж байна. Үүнд:
- Интернэт ашиглах
- Зураг, видео авах
- Төлбөр хийх
- Байршил тогтоох
- Хиймэл оюун ухаан ашиглах
- Ажил, хичээл хийх
Дэлхийн хэмжээнд гар утасны хэрэглээ асар хурдацтай өссөн байна. Судалгаагаар:
- Дэлхий дээр 8 тэрбум гаруй гар утас ашиглагдаж байна,
- Хүн амын 67 хувь нь ухаалаг гар утас ашигладаг,
- Өдөрт дунджаар хүн бүр 3–4 цагийг гар утсандаа зарцуулдаг,
- Гар утсаар интернет хэрэглэгчдийн тоо нийт интернет хэрэглэгчдийн 90 орчим хувийг эзэлдэг.
Өнөөдөр гар утас нь зөвхөн технологи биш, хүний амьдралын салшгүй хэсэг болсон байна. 1973 онд 1 кг жинтэй гар утаснаас анхны дуудлага хийгдэж байсан бол өнөөдөр таны гар утас дэлхий ертөнцийг бүхэлд нь багтаасан хүчирхэг төхөөрөмж болж хөгжжээ.
| "Нэг дуудлагаас эхэлсэн технологийн хувьсгал" | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.