Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчны газар, Боловсролын газар, БНСУ-ын “One Happy” төрийн бус байгууллага, “Миг даатгал” болон Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сургуулийн экологийн клубүүд хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Хайрын төгөл” байгуулах “Модны доктор” төслийг эхлүүллээ.
“Модны доктор” төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд модыг зөвхөн тарьж орхих бус, суулгасан модныхоо ургалт, хөгжлийг тогтмол ажиглаж, тэмдэглэл хөтөлж, хамтдаа арчилж ургуулахад чиглэж буйгаараа онцлогтой.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, сурагч бүрийг модтой болгох, улмаар анги, сургуулиудыг ойн төгөлтэй болгох зорилготой юм.
БНСУ-ын “One Happy” ТББ-ын санхүүжилттэй хэрэгжиж буй уг төслийн хүрээнд энэ удаад 7 сургуулийн 250 сурагч 1000 мод тарилаа. Төсөл нь дунд ангийн сурагчдын дунд хэрэгжих бөгөөд хүүхдүүд өөрсдийн тарьсан модоо ургуулж, ажиглалт судалгаа хийж, үр дүнгээ танилцуулан “доктор” цолоо хамгаалах хэлбэрээр үргэлжлэх юм. Мөн орон нутагт анх удаа Өмнөговь аймагт хэрэгжиж байгаагаараа онцлогтой.
Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, төслийг санхүүжүүлэгч “One Happy Mongolia” ТББ-ын тэргүүн Бэ Ин Шиг, аймгийн Байгаль орчны газрын төлөөлөл болон төслийн багийнхан оролцож, сурагчидтай хамт мод тарьж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Хүүхэд багачуудад багаас нь экологийн боловсрол олгох, байгаль хамгаалах зөв дадал хэвшүүлэх, мод тарьж ургуулах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү төсөл бодит хувь нэмэр оруулна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| “Модны доктор” төсөл эхлүүллээ | ||
| Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.