Шууд Chart

Тогтвортой хөгжлийн зорилтуудын 50 хувь нь сул хэрэгжиж, 30 хувийнх нь хэрэгжилт царцжээ

2023-09-08 10:51:20

-Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган 2023 тойм-

НҮБ, ЭЗХЯ хамтран есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөө үндэсний чуулган нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-уудыг хэрэгжүүлэх үндэсний үүрэг амлалтаа шинэчилж буйтай холбогдуулан талуудтай санал солилцож, хөгжлийн хурдасгуураа тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгод чиглэв.

Дэлхий нийт ТХЗ-уудыг хэрэгжүүлэх амлалт аваад хэрэгжүүлэх хугацааныхаа яг талд нь орж байгаа энэ цаг үeд, мөн дөрвөн жилд нэг удаа тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг нэгтгэн хэлэлцдэг НҮБ-ын дээд хэмжээний чуулганы өмнө нь болж байгаагаараа тус чуулганы ач холбогдол, онцлог тодорхойлогдов.

Манай улс ч мөн адил ТХЗ-д 2015 онд нэгдэж, дэлхий нийтийн өмнө амлалт үүрэг авсан. Тиймээс ч НҮБ 2030 он гэхэд улс орнууд ТХЗ-ын хэрэгжилтэд эрс ахиц дэвшил гаргахын тулд нэн яаралтай арга хэмжээ авах, амлалтаа шинэчлэх шаардлагыг улс орнуудад тавьж, уриалаад байгаа юм.

НҮБ-ын энэ оны эхэнд хийсэн Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн үнэлгээгээр дэлхий дахинд ТХЗ-уудын 50 гаруй хувь нь хангалтгүй хэрэгжиж, 30 гаруй хувь нь зогсонги байдалд оржээ. Ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийн зорилгууд ухарсан байна. Гурван улс тутмын нэг нь өрийн дарамтыг давж чадахгүйд хүрч байгааг НҮБ тайландаа өгүүлэв.

Монгол Улсад ТХЗ-уудын 50 хувь нь сул хэрэгжиж, 30 хувийнх нь хэрэгжилт царцжээ. Ядуурлыг бууруулах зорилт өмнөхөөс ухарсныг ЭЗХЯ, НҮБ аль алиных нь илтгэлд гарав. Мөн тэгш бус байдал Монгол Улсад газар авсаар байгааг НҮБ анхаарууллаа.

Ухралтын шалтгаан нөхцөлийг дэлхий нийтээр үндсэн хэдэн асуудалтай холбож байна. 

А. Цар тахал, түүнээс үүдэлтэй хямрал. Тухайлбал, цар тахлаас үүдэн Хятад улс хилээ 2023 онд хүртэл хоёр жил хаасан нь Монгол Улсад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.
Б. Украины дайн буюу геополитикийн зөрчилдөөн. Монгол Улсад мөн хүчтэй нөлөөлсөн гэж буй.
В. Уур амьсгалын өөрчлөлт. Монгол Улсад үүн дээр орчны бохирдол орж байгааг НҮБ Үндэсний чуулган дээр тавьсан илтгэлдээ онцлов.

Чуулганаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Цаашид экспортыг нэмж хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулж, уул уурхайн тээврийн өсөлтийг дэмжсэнээр эдийн засаг өснө. Монгол Улс “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт, дунд хугацааны зорилтдоо ч ТХЗ-ыг бүрэн уялдуулсан тул цаашид хэрэгжих нь дамжиггүй” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ “Манай улс хөрөнгө оруулалт, эрх зүйн орчноо сайжруулж, хяналт, тайлагналт, санхүүжилтээ дээшлүүлэх, удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэж санууллаа.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улс бол хэтийн зорилгоо "Алсын Хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогоороо цогц тодорхойлсон цөөхөн улсын нэг билээ. Түүнд тодорхойлсон 9 тулгуур багана нь ТХЗ-уудтай төгс уялдсан хөгжлийн чиг баримжааг бататгасан байдаг. Монгол Улс 2030 он гэхэд ТХЗ-уудыг биелүүлснээр “Алсын хараа 2050” бодлогынхоо тэн хагасыг биелүүлэх юм.

Үүний тулд нэн тэргүүн эдийн засгаа нэн яаралтай төрөлжүүлэх, бодлогын нэгдмэл арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ТХЗ-уудын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин, хэрэгжүүлэх арга замаа үндэсний түвшинд тодорхойлох хэрэгтэй байна” гэж зөвлөлөө.

Тус чуулганд Тогтвортой хөгжлийн төлөө манлайлан ажиллаж байгаа үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гэж тодорхойлсон ХААН, Голомт банк, АПУ ХК зэрэг байгууллага оролцож, сайн туршлагаасаа хуваалцав. Мөн хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож саналаа илэрхийллээ.

Тэд бодлого уялдаатай, нэгдмэл байх, үр дүнг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, тогтвортой хөгжлийн төлөөх үйлдэл, алхмыг бодлогоор дэмжих, нэгдсэн үйл ажиллагаа, бодлогыг зангиддаг, байнгын ажиллагаатай бүтэцтэй байх, манлайллыг бий болгох, хувийн хэвшлийг шударгаар өрсөлдөх нөхцөлийг хангах зэрэг санал дэвшүүлэв. Хүлэмжийн хийг бууруулна гэчихээд нүүрс түлэхийг дэмжих, ажлын байрыг өсгөнө гэчихээд халамж хавтгайруулаад байж болохгүйг ч сануулав. Зээл, халамжийн бодлогоо нэн тэргүүн уялдуулахыг ч санууллаа.

Монгол Улсад ТХЗ-ыг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг ЭЗХЯ зангидаж байна. Тэдний олон талуудаас авсан саналаар Монгол Улсын ТХЗ-уудад хүрэх хурдасгуур, түлхүүрийг 12 үндсэн чиглэлээр тодорхойлжээ.
НҮБ дэлхий нийтэд Тогтвортой хөгжилд хамтаараа үйлдлээрээ нэгдэхийг уриалаад буй. Уриалгыг уухайлан дэмжиж үг ярианаас үйлдэл рүү шилжиж эрс ахиц, үр дүн гаргах үeдээ ирсэн болов уу монголчууд бид.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Тогтвортой хөгжлийн зорилтуудын 50 хувь нь сул хэрэгжиж, 30 хувийнх нь хэрэгжилт царцжээ  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-08 11:01
Hugjil humuuses

Бидэнтэй нэгдээрэй