Эртнээс л сахлыг жинхэнэ эр хүний чимэг, эрэгтэйлэг байдлын илэрхийлэл гэж үздэг байжээ. Зарим улс үндэстний хувьд сахал нь заавал байх ёстой зүйлсийн нэгд тооцогдох нь ч бий. Сахал нь өнөө цагт дээрх өгүүлсэн шалтгаанаас гадна чамирхал, тэр ч бүү хэл урлагийн бүтээл хэмээн үнэлэгдэх болсон нь нууц биш ээ.
Тэгвэл АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Доктор Даниэль Фрийман гэгч сахал тавих нь эрчүүдийн бие организм болоод эсрэг хүйстэн, цаашлаад нийгэмд ямар нөлөө үзүүлдэг тухай судалжээ. Тэрээр сургуулийнхаа оюутнуудын дунд эрчүүдийн сахлын тухай санал асуулга, ярилцлагын хэлбэр бүхий судалгааг явуулсан бөгөөд судалгааны дүнд эмэгтэйчүүдийн дийлэнх нь “сахал” тавьсан эрчүүд биеэ даасан, хүчирхэг, ухаалаг, жинхэнэ эр хүний шинжүүд бүрэлдсэн гэж үздэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тодруулбал, сахал нь эрчүүдийн хувьд эсрэг хүйстнээ өдөөх “сэрэл мэдрэхүйн соронзон” болохын зэрэгцээ нөмөр нөөлөгтэй жинхэнэ эр хүний намбыг мэдрүүлдэг бол эмэгтэйчүүдийн хувьд илүү эмэгтэйлэг гэдгээ мэдрэх охь нь болдог ажээ.
Тэрээр сахлын ашиг тусын талаар дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд,
- Арьсны эд, эсийг гэмтээх аюултай агаарт байдаг элдэв хортой химийн бодисоос хамгаалж, үрчлээтэхээс урьдчилан сэргийлдэг.
- Сахал нь арьсны тослогийн булчирхайг батга үүсгэдэг нянгаас хамгаалдаг бөгөөд нүхжилт, батга үүсгэхгүй байх гол үндэс болдог.
- Хүйтний улиралд нүүрийг дааруулахгүй, эрүүг элдэв аюулд өртөхөөс хамгаална.
- Хоолойн элдэв өвчин, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлнэ.
- Амьсгалын замаар халдварладаг өвчнүүдээс хамгаална.
- Эсрэг хүйстнээрээ хүндлүүлэх хүндлэлийг олох гол хүчин зүйл болно.
- Судалгаагаар урт, бавгар сахал нь тухайн эрийн ухаантайг илэрхийлэх хэмжүүр гэж үзжээ.
АНУ-ын Бостоны Их Сургуулийн багш, доктор Хэрберт Мессоны үзэж байгаагаар 15 - 55 нас хүртлээ сахлаа хусаж амьдарсан эрчүүд амьдралынхаа 3350 орчим цаг, 139 өдрийг зөвхөн сахлаа хусахад зарцуулдгийг тогтоожээ. Мөн сахал хусах хэрэгсэлд амьдралынхаа туршид мянга мянгаараа тоологдох өртгийг зарцуулдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Энэ мэт судалгааны ажлуудтай зэрэгцэн гоёмсог сахалтнуудын тэмцээн ч зохиогддог болсон аж. Жишээлэхэд л 2013 оны есдүгээр сард Шинэ Орлеанд болсон сахлын аварга шалгаруулах тэмцээнд өтгөн, сайхан арчилсан сахал бүхий 100 гаруй эр оролцож байжээ. Тэмцээнд оролцогчид ялахын тулд 3 чиглэлээр 18 шатлалтайгаар уралдсан байдаг.
Харин монголчуудын хувьд сахал тавих ёс жаяг өөр байсан гэдэг. Эр хүн аав, ээжийн мэнд ахуйд сахал тавьдаггүй ч хэрвээ аав нь зөвшөөрөх аваас сахал тавьж болдог байжээ. Гэвч энэ заншил орчин үед нэг их мөрдөгдөхгүй болсон байна.
Энэ удаад уншигч та бүхэнд сахал хэмээх "чамирхал"-ын гэрэл зургуудаас хүргэж байна.
Урт, бавгар сахал нь ухаантайг илэрхийлэх хэмжүүр... | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.