
Отгондэлгэрийг нөхөд нь Жоош буюу Жошива гэж дуудна. Италийн уран сайхны “Амьдрах сайхан” киноны гол дүрийн жаахан хүүтэй адилхан үсээ засуулснаас болоод Г.Агааноров л ийм нэр хайрласан хэрэг. Жоош нэрэндээ тэр өөрөө тун дуртай. 1998 онд Радио телевизийн дээд сургуулийн төгсгөсөн жаахан хүү “Гэрэлтэй цонх” студид туслах зураглаачаар ажилд орж, өдөр тутмын эфирийн ачааны хүндийг үүрэлцсэн олон залуусын нэг бол Отгоо. Орой болгоны “хоолойд тулсан” их ажлын ачааллыг даах, хурдан түргэн сэтгэх, шаламгай ажиллах зэрэг ажил амьдралын “сургууль”-ийг “Гэрэлтэй цонх” түүнд өгсөн.
Тэр унаган хотын хүүхэд. Хар нялхаасаа ээжээсээ хагацаж, зах зээлийн хатуу ширүүн он жилүүдэд “Хонхны дуу”-тай хамт өсөж, талхны урт дараалалд зогсож, ундаа бохь зарж олон өнчин хүүхдийн амьдрал дааж үлдсэн аавдаа нэмэр болж явсан гэдэг. Өвс ногоо хагдарч, үс гэзэг хүртэл бууралтдаг хойно хүний амьдрал бас телевизийн уран бүтээлчид ч үе үеэрээ усны урсгал мэт алслах. Залуус шинээр ирж л байх, хэдийдээ ч юм бэ “хуучин” л болсон байх.
Зураглаач М.Сэржмядаг, Д.Болорцэцэг, Ө.Пүрэвсүрэн “Өглөө”-ний Г.Гэрэл, Ч.Болормаа, Б.Одмаа, “Нийгэм”-ийн О.Эрдэнэчулуун, Б.Дарьсүрэн, “Залуучууд”-ын Б.Гантулга, “Өв уламжлал”-ын П.Ариунаа, “Спорт”-ын Т.Баттулга, “Соёл-Эрдэнэ” -ийн Г.Бямбажав гээд Отгоогийн үеийн миний зүс таних энэ л залуус “Телевиз” гэдэг энэ их айлын нойр хоолгүй, цаг завгүй зүтгэх энэ албанд сэтгэл шулуудсан улс. Мэдэхгүй чадахгүй байх, зөвдөж буруудах, шахаж шаардуулах, зэмлүүлж загнуулах гээд өдий олон зүйл байгаа л даа. Гэвч зорилготойд нь би баярладаг.
Отгондэлгэр өмнө нь “Гэрэлтэй цонх” студи, Залуучуудын редакцид ажиллахдаа ярилцлагын болон залууст зориулсан нэвтрүүлгүүд бэлтгэдэг байж. Хонь хурга, мал малчин, тариа будаа, тахиа гахай, мөнгө зоос болсон “Нийгэм”-ийн алба түүний сэтгэлд огт буусангүй. Ер нь тэр нэг хэсэгтээ л гэгэлзүүр байсан даа. Анхны нэвтрүүлэг нь шагхийсэн хөрөг “Нуур”-ын Дулмаа. Өвлийн эхэн сарын жавар тачигнасан үеэр, цасан манан дунд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Хар нуур”-ын мөсөн дунд зураг авлаа. Сануулсаар байтал найруулагч маань ботинк, нимгэн хүрэмтэй гарчихаж. Дулмаа гуайн ааш ч гэж ааш, хангай нутгийн нуурын жавар ч гэж жавар. “Нийслэл хүү” царайлсан Отгоо маань гүрийж байгаад тэр лут эрдэмтний том хөргийг даваад л гарсан.
Дараа нь тэр “Олимп”-ийн Магван, “Майдар”-ын Доржпагма, “Тонхил”-ын Шижээ гээд “Би Монгол хүн” цувралын нэр цуутнуудын томоохон хөрөг найрууллууд дээр ажилласан. Отгоогоос бүү хэл надаас хэдэн үеэр ах намтар түүхтэй, алдартай хүмүүсийн амьдрал, дотоод сэтгэлийн нууцыг үг дүрсний урлагаар зурна гэдэг тийм ч зөөлөн “ааруул” биш ээ. Эхлээд энэ урт /тайлбар/ текстийг тань юугаар дүрсжүүлэх юм бэ гэж байсан хүн чинь одоо харин надаас /тайлбар/ текст шаардах маягтай болж. Санаж байвал түүний “Гэрэлтэй цонх” студид ажилласан “ВМЗ түүх өгүүлнэ”, “Малын хөлийн тоос” “Галтай саран тамга” зэрэг бүтээлүүдээс нь авьяасын үнэр үнэртээд явчихсан. Бас авьяаслаг найруулагч Насанбатын Байгалиас тэр овоо юм сураад авсан. Анх “Төл таван эрдэнэ” цувралд явахад Отгоо маань хотны бууц үнэртэх дургүй, хонь хургалахыг харж чаддаггүй “Хүрээ залуу” байлаа. Одоо бол тэр машинд суунгуут л
...Таван бүлээн зүс
Таван уяхан эрдэнэ
Тэгш таван хүслийн
Амьд таван эрдэнэ...
гээд л дуулаад гарч өгнө шүү дээ. Отгоод маань хэлсэндээ хүрдэг, хийсэндээ эзэн болдог зөв мөр, зөөлөн зан чанар бий. Одоо тэр Хонгор нутгийн хонгор шаргал тоосон дунд буман ямааны баяр сурвалжилж яваа. “Хүрээ”-ний залуу “Хөдөө”-гийн найруулагч болсон түүх ийм буюу.
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
“Хөдөө”-гийн найруулагч Жоош | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.