Шууд Chart

Улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 51 мянган тонн ногоон тэжээл бэлджээ

2025-10-29 09:59:47

 

Улсын онцгой комиссын (УОК) хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уурын төлөв байдал, мал аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Монгол орны нийт нутгийн 46 хувь нь гантай болон гандуу, үлдсэн 54 хувь нь хэвийн зуншлагатай байлаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн боловсруулсан зудын эрсдэлийн зураглалаар 54 хувь бага, 21 хувь нь дунд, 25 хувь нь их эрсдэлтэй байх төлөвтэй байна. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд улсын хэмжээнд 1656 багийн 213.3 мянган малчин өрх нийт 65.7 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Үүнээс 17.5 мянган малчин өрхийн зургаан сая толгой мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгдэж байгааг онцоллоо. ХХААХҮЯ-ны харьяа аймаг дундын отрын бүс нутгуудад 2025-2026 онд 12 аймгийн 35 сумын 651.9 мянган хонин толгой мал өвөлжиж, хаваржихаар шийдвэрлэсэн гэв. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарсан байна.

Хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газрын ашиглалт 11 аймгийн 33 сумын хил орчмын газарт 427 малчин өрхийн 315.7 мянган мал өвөлжүүлж, хаваржуулах боломжтой гэж урьдчилсан тооцоолол гарчээ. Гэвч аймаг, сумдаас 2577 малчин өрхийн 1.1 сая толгой мал хилийн зурвас газарт өвөлжиж, хаваржих хүсэлт ирүүлсэн тул тус бүс нутгийн ашиглалтын хүрээг дахин тодотгож, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцлон тэмдэглэв.

2025 оны байдлаар улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 4.7 мянган тонн сүрэл, 51 мянган тонн ногоон тэжээл, 26 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 29.3 мянган тонн гар тэжээл, 3.4 мянган тонн дарш, 66.9 мянган тонн давс, хужир бэлтгэж байна.

Монгол Улс 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байгаагаас 59 аж ахуйн нэгж нийт 211.2 сая ам.долларын үнэ бүхий 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон талаар танилцууллаа.

Өнгөрөгч даваа гарагийн байдлаар улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил үндсэндээ дуусч, үтрэм дээрх ангилан ялгах, цэвэрлэх ажил үргэлжилж байгаа гэдгийг цохон тэмдэглэв. Нийт 220.6 мянган га талбайгаас 242.6 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс 210.5 мянган га-гаас 240.0 мянган тонн улаан буудай, 9.9 мянган га-гаас 101.5 мянган тонн төмс, 15.1 мянган га-гаас 196.6 мянган тонн хүнсний ногоо, 54.3 мянган га-гаас 86.9 мянган тонн малын тэжээл, 47.4 мянган га-гаас 22.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын эцсийн дүнг 11 дүгээр сарын 5-ны өдөр гарах талаар мэдээлэл өгөв.

 


Улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 51 мянган тонн ногоон тэжээл бэлджээ   
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй