
Үргэсэн сарлаг хамраа сарталзуулан, эргэж омоорох шиг сүгсэлзэн орж ирэх энэ эрхмийг би сэтгэл зүрхнийхээ гүнд ийм наднин нууцыг хадгалдаг хийгээд түүнийгээ гадагш үгээр илэрхийлэхдээ тийм торгон мэдрэмжтэй гэж бодооно үгүй явжээ. Хөндлөнгөөс харах юм бол инээж хөхөрсөн, хаагиж шуугисан хэр баргийн юманд эмзэглээд байдаггүй байрын хээгүй гэмээр эр. Харин түүний бичсэн “Элгэн садад” гэдэг номыг уншихаар хүний дотоод ертөнцийн гайхамшигт нууцлалыг тухайн хүний гадна төрөхөөр нь тайлж болохгүйн нууц баталгаа мэт бодогдох.
Жаргал зовлон ээлжлэн алаглах энэхэн буурал замиланд хүмүүн гэгч амьтан л ганц дурсан санах хийгээд дуртган өгүүлдэг өвөрмөц байдлаараа бусад амьтдаас ялгарах. Чухам иймийн учирт л бид эрхэм дотнын хүн, найз нөхөд гээд өргөн цар хүрээтэй амьжирлага дунд үй түмэн үйлийн сүлжээнд нөхцөлдөн насыг элээдэг гэлтэй.
Өнгөрсөн их хугацааны жаргал баяр, гуниг харууслын илдэнд нэвт сүлбүүлсэн зүрхээ лугшин цохилох хэмнэл бүхнээр нь мэдэрч, тэр мэдрэмжээс сэтгэлийнхээ алганд баригдсаныг нь аливхийн авч шалавхийн цааснаа буулгахыг л чухамдаа “дурсан санахын бичиг” гэдэг байнам. Тийм ээ би түүний дурсан санахын бичгийг уншиж сууна. Андын тангараг, найзын барилдлагаатай олон олон нөхдийнхөө тухай, тэднийхээ дотоод мөн чанараас гэрэлтдэг шид увдисын тухай бичжээ. Тэр зарим үед үзэг барьсан гар нь бодлоо гүйцэж чадахгүй байсан байхдаа гэж бодмоор урсам сайхан, гүн гүйлгэн бичсэн байх юм.
Юу эсийг үзсэн энэ хөрхгөр эрийг гэнэн хүүгийн шаавай магтаалаар гоодох гэсэнгүй. Зүгээр л надад тэгэж сайхан санагдсан учраас би дээрхи үгийг омойтон байж унагав. Тэрэнд одоо аль аль нь агаарт замхардаг магтаал зэм хоёр адил сонсогдох нь гарцаагүй гэхдээ бид аливаа хүний сэтгэлээ шингээж урласан бүтээлийн гайхам сайхны дэргэдүүр дэргүүлж өнгөрсөөр хэдий хугацааг үдэх вэ? Сайхныг сайхан, таарууг тааруу гэж хэлж байя.
Тэр, нэгэн цагт бие биеэ нөхцөлдүүлж, бие биенээ ирлэж, бие биенээрээ бардаж, алуучиг хорвоогийн цацаа цалгиад адарч нэг хамт, омогшиж нэг хамт нөхөрлөж явсан, одоо цагийн цээжнээс харах юм бол дуу дүрсний хураангуйг цогц үзүүлээд дуртмал тэнгэртээ мөнхөрсөн анд Ч.Мягмарсүрэн, П.Баярсайхан, Ц.Чимэддорж П.Бөхбат нарынхаа тухай болон өдгөө цагийн сайханд өвөөд эрэмбэлэгдэж, өнөд сэтгэлийг нь гийгүүлэгч, хааяа ганцаардахынх нь үед ар өвөрт бөртөлзөгч нөмөр нөөлөгт эрхэм журмын нөхөр Д.Шагдарсүрэн, Дан.Нямаа, М.Баттөмөр, Л.Мөнхтөр О.Сундуй нарын зэрэг олон хүний тухай дурсамж дуртгал бичсэнээ “Элгэн садад” хэмээн эмбэрийдэн нэрийдсэн ажгуу.
Ужгирч хуучирсан дурсамжийн нэлэмгэр цагаан мананг урамдаж хэрсэн марал буга эврээрээ сэжлэн тэнгэрээд нь огшоогоод улс амьтны өнөд жаргалангийн гэгээн бэлгэ болсон учралт улаан нарны энхэрхэн туяаг сэтгэлийн энгээр нэг гийгүүлэн гэрэлтүүлэх шиг тийм нэг сайхан дурсамжийг бас дуртгалыг бичсэн тэр нэгэн гүн хүндлэлт хүнийг Цэрэнжамцын Дашдамба гэдэг билээ.
Тийм ээ, өөрийн ямар байснаа, яаж явснаа, бас андынхаа ямар байсныг, ямар байгааг марталгүйгээр магад сэтгэлийнхээ гүнээс мандуулан гэрэлтүүлэгчийг л хүн гэдэг бус уу. Тийм ээ тэр бол жинхэнэ хүн ажгуу. Гараг эрхсийн хязгааргүй орон зайд бүлтэлзэн эргэх жижигхэн энэ бөмбөрцөг дээр л ганцхан хүн гэгч амьтан буй бөлгөө. Түүний мөн чанар тун тодорхой цаг ямагтад хүнээрээ л байх тухай. Хүн байхын тухай яах ёстой вэ гэвэл хүн чанартай л байх...
Ай даа, алагхан дэлхийн хүмүүн бүрт эл “ХҮН”-ий бичсэн хүний тухай номын хүрдэн тасралтгүйгээр эргэж “ХҮН ЧАНАР”-ын алтан илтэсийг хүн бүрийн зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болтугай л гэж Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва анд нь тодотгон бичсэн бол “Би бичихгүй, тэгээд хэн бичих юм” гээд номын зохиогч омогшин сэтгэлийнхээ гүндэх увидсыг учиглалаа.
Болжээ. Цаг нь тулж. Радиогийнхоо наян жилээр гул барьж, бас түүгээр ташуур хийж “анд”-уудынхаа хөргийг бүтээлээ. Монголын радио хэзээнээсээ номын саддын өргөө. Үе үеийн оюунтан, сэхээтнүүд шижир өргөөний зандан буулганд зүтгэж ирсэн. Тэдний хичээлээр л радио маань өнгөтэй зүстэй, өдий зэрэгтэй яваа. Радиогийн буянаар л тэд түмэн олондоо танигдаж хүндлэгдсэн улс. Монголын радиод нэг ирсэн байхад гарахын хүсэл унтардаг, миний. Эндэх юм бүхэн минийх. Өөрийнхөө юмыг би л бичихгүй бол тэгээд хэн бичих юм. Гэхдээ нэгэн цаг дор хүмүүний орчлонд ном бүтээхээр ирсэн андуудаа онцоллоо. Уул нь Пүрэвжавын Цагаан, Мятавын Цагаан, Базарын Цэдэндамба, Дашболхойн Дамбадаржаа, Дашийн Хасбазар, Дүрвээний Галсан, Гангийн Жанчив, Өндөөхүүгийн Мөнх, Мөнхийн Шийрэв, Товуучийн Бямбадорж, Бямбажавын Хүрэлбаатар... нөмөр нөөлөг,үлгэр болсон ах нар, Батсуурийн Нарантуяа, Жигжидийн Навч... хүний хайлан эгчүүдээ бичмээр л санагддаг. Гэтэл миний зүрх хүрдэггүй юм. Хүмүүний санаанд хүрэхгүй бол яанаа гэж халгаад... Харин бөхийн бөх зүрх гаргаж, бичгийн мэргэд андуудаа барлалаа. Тэгээд ч сэтгэлийн саддаа би бичихгүй бол хэн бичих юм гэж омогшин уралжээ. Хүний чанарыг сэтгэлээсээ хөвөрүүлж буулгасан “Элгэн садад” номыг та бүхэн л уншихгүй бол …
Д.Ичинхорлоо
Элгэн садад | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.