Шууд Chart

Хүн төрөлхтөн сарыг тойрон дахин нисэхэд бэлдэж байна

2026-03-31 10:22:27

АНУ-ын Сансар судлалын байгууллага НАСА хүн төрөлхтнийг сарыг тойрсон хүнтэй нислэгт дахин хүргэх түүхэн аяллыг ойрын хугацаанд хийхээр бэлтгэж байна.

Энэхүү нислэг нь 1972 оноос хойш буюу 50 гаруй жилийн дараа сар руу чиглэсэн нисэгч бүхий аялал болох юм. НАСА-гийн “Артемис-2” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисэгч сарыг тойрон нисэж, дэлхийд буцаж ирэхээр төлөвлөжээ.

“Артемис-2” нислэг нь саран дээр буухгүй ч сарыг тойрон нисэж, ирээдүйн буултын бэлтгэлийг хангах зорилготой. Энэ удаагийн нислэгээр гүн сансарт хүнтэй нислэг хийх технологи, холбоо, хамгаалалтын системийг бодитоор турших юм.

Нислэгийг шинэ үеийн “Орион” сансрын хөлгөөр хийх бөгөөд уг хөлөг гүн сансарт удаан хугацаанд ажиллах боломжтойгоор бүтээгдсэн байна. “Артемис” хөтөлбөрийн дараагийн шатанд хүн төрөлхтнийг дахин саран дээр буулгах, цаашлаад Ангараг гарагт хүн илгээх зорилго тавьж байгаа аж.

Сануулахад, хүн төрөлхтөн анх 1969 онд АНУ-ын “Аполлон-11” хөтөлбөрийн хүрээнд саран дээр бууж байв. Тухайн үед сансрын нисэгч Нейл Армстронг, Базз Олдрин нар саран дээр бууж, Майкл Коллинз сарны тойрогт нисэж байсан юм. Үүнээс хойш 1969-1972 оны хооронд нийт зургаан удаа хүн саран дээр бууж, 12 хүн сарны гадаргуу дээр алхжээ.

Сүүлчийн хүнтэй нислэг болох “Аполлон-17” 1972 онд хийгдсэнээс хойш хүн төрөлхтөн сарыг зорьсон хүнтэй нислэг хийхээ зогсоосон байна. Үүнээс хойш сар судлал ихэвчлэн автомат төхөөрөмжөөр хийгдэж, АНУ, Орос, Хятад, Энэтхэг зэрэг улс робот төхөөрөмжөөр сар судлах ажиллагааг үргэлжлүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд сар судлал дахин идэвхжиж, Хятад улс сарны алсын талд төхөөрөмж буулгасан бол Энэтхэг сарны өмнөд туйл орчимд судалгааны төхөөрөмж амжилттай хүргэсэн. Мөн хэд хэдэн улс сар судалгаанд хамтран оролцох сонирхлоо илэрхийлж байгаа нь сансрын шинэ өрсөлдөөн идэвхжиж байгааг харуулж байна.

Ийнхүү 50 гаруй жилийн дараа хүн төрөлхтөн сарыг тойрсон хүнтэй нислэгт дахин бэлтгэж байгаа нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинэ үе эхлэх дохио болж, дэлхийн анхаарлыг татсан үйл явдлын нэг болоод байна.


Хүн төрөлхтөн сарыг тойрон дахин нисэхэд бэлдэж байна   
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй