Шууд Chart

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-06-10 13:22:16

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн,  Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшшин нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж уг хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцлов.

2024 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төсвийн зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулдаг байсан зохицуулалтыг өөрчилснөөр уул уурхайн орлогын өсөлтийг тухайн жилийн зарлагад шууд тусгах боломж нэмэгдсэн. Үүний үр дүнд байгалийн баялгаас бий болсон түр зуурын өндөр орлогыг богино хугацаанд бүрэн зарцуулж, ирээдүй үеийн хүртэх өгөөжийг бууруулах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байгаа аж.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн энэхүү зохицуулалт нь олон улсын эдийн засгийн онолд "Dutch Disease" буюу байгалийн баялгийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн бүтэц алдагдах, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар сулрах, төсвийн хэт тэлэлт бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид шинээр санхүүгийн дарамт учруулахгүй. Харин төсвийн сахилга бат сайжирч, уул уурхайн орлогын үр өгөөжийг илүү оновчтой хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгаа бэхжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгалийн баялаг бол зөвхөн өнөөдрийн бус, ирээдүй үеийн өмч тул уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, тогтвортой хөгжлийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно гэж танилцуулгад дурдсан байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй