
Улиран одож буй 2014 он дэлхий нийтийн анхаарлыг татсан олон олон үйл явдлуудаар түүхийн хуудсыг баяжуулсан жил байлаа. Баяр баясгалантай, эмгэнэл харуусалтай үйл явдлуудын тэдгээр өрнөлүүдээс дэлхий нийтийг илүүтэйгээр донсолгосон хэмээн дараах арван үйл явдлыг бид онцлож байна.
Нэг: ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ
Өнгөрсөн оны сүүлчээс улбаатай Украинд болоод буй улс төрийн маргаантай асуудалд ОХУ-ыг буруутгасан АНУ болон түүний түншлэгч баруун Европын орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авч эхэлсэн. Мөн Украйны бүс нутагт Малайзийн агаарын тээврийн нисэх онгоц осолдсоноос үүдэн Оросын эсрэг авах хориг арга хэмжээ улам бүр хурцадсан билээ. Хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ыг “Их Наймын Уулзалт”-д оролцох эрхийг нь хасч, зарим улс орон бүр тус тусдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн нь өдгөө ч үргэлжилж байна.
Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөөд байгаа ОХУ ч хариу арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үүний илрэл болгон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай" тогтоолд гарын үсэг зурав. Тус тогтоолд, "Энэ тогтоол хүчин төгөлдөр болсон цагаас эхлэн нэг жилийн дотор ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээд, албан байгууллагын эсрэг эдийн засгийн хориг тавьсан улс орны, тус орнуудтай үзэл бодол нэгдсэн орнуудаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд материал, хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д импортлохыг хориглоно" гэж заажээ. Ийнхүү XX зууны эхээр дөнгөж намжаад байсан хүйтэн дайны нөхцөл байдал дахин бүрдлээ.
Хоёр: Эбола вируст халдвараар хамгийн олон хүн амь эрсдсэн жил
Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэгддэг цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчнөөр хамгийн олон хүн амь эрсдсэн жил байлаа. Тус өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий төв болон баруун Африкийн орнуудад голчлон бүртгэгдсэн. Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал, сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдээлж байгаа.
Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны арванхоёрдугаар сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637 (39%) хүн нас барсан байна. 2014 оны арванхоёрдугаар сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ. ДЭМБ нь уг халдварын нөхцөл байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал дэлхийн хэмжээнд үүссэнийг зарласан байна.
Гурав: Малайзийн иргэний агаарын тээврийн онгоцны хар дарсан зүүд мэт цуврал сүйрлүүд
Өнгөрч буй 2014 он Малайзийн иргэний агаарын тээврийн компаниудын хувьд хар дурсамжаар түүхэнд тэмдэглэгдэх жил болж байна. Куала Лампур хотоос Бээжин рүү нисэж явсан 239 зорчигчтой МH370 нислэгийн дугаартай Малайзийн иргэний агаарын тээврийн "Бойнг 777" нисэх онгоц энэ оны гуравдугаар сарын 8-нд сураггүй болсноос хойш өдгөө ч энэхүү онгоцны зорчигчдын хэрхэн амь эрсдсэн талаар ямар ч мэдээлэл олдоогүй байна. Дэлхийн 24 улс орны эрэн хайх, аврах баг бүтэн хоёр сарын турш ажилласан ч зорчигчдыг амь үрэгдсэн гэх таамгаас өөр юу ч олоогүй юм. Энэхүү сүр дуулиан намжаагүй байтал 2014 оны долоодугаар сарын 17-ны өдөр Амстердамаас Куала Лампур руу нислэг хийж асан MH0017 нислэгийн дугаартай 295 зорчигч бүхий Малайзийн "Бойнг 777" нисэх онгоц Украины ОХУ-тай хил залгаа газар нутагт осолдов.
Онгоцны ослын гол шалтгаан нь пуужингаар харвасан гэх боловч буруутан нь ОХУ уу, эсвэл Украины цэргийн эрх баригчид уу гэдэг нь мөн л тодорхойгүй байна. Малайзийн авиа компаниудын нэр холбогдсон гурав дахь осол нь 2014 оны арванхоёрдугаар сарын 28-ны өглөө Куала Лумпурт төвтэй Малайзийн “AirAsia” компанийн Сурабаяа-Сингапур чиглэлийн QZ8501 нислэгийн дугаартай “Airbus A320-200” нисэх онгоц удирдлагын төвөөс холбоо тасарч сураггүй болсон явдал юм. Одоогоор тус онгоцыг эрэн хайх ажил явагдаж байгаа ч дөнгөж саяхнаас “CCTV” болон зарим эх сурвалжууд уг онгоцыг Индонезийн Банка-Белитунг мужийн ойролцоо осолдсон байж болзошгүй гэсэн мэдээлийг цацаж эхлээд байгаа.
Дөрөв: Өмнөд Солонгосын "Sewol" хөлөг онгоцны сүйрэл
Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоц Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр осолдсон билээ. Хөлгөөр зорчиж явсан 179 зорчигчийг аварсан боловч хөлгийн орчмоос 154 хүний цогцос олдон, үлдсэн хүмүүсийг сураггүй болсонд тооцсон юм. Осолдогсдын олонх нь дунд сургуулийн сурагчид байв. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан БНСУ-ын Ерөнхий сайд Чон Хон Вон албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргав. Үүний дараа буюу 2014 оны долоодугаар сард "Севол" хөлөг онгоцны эзэн тэрбумтан Ю Бён Гёны цогцсыг Сөүл хотоос урагш 300 орчим км зайтай Сунчеон хотын ойролцоо чавганы тариалангийн талбайгаас олжээ. 73 настай тэрээр "Севол" усан онгоцны ослын дараа сураггүй болсон бөгөөд дээрх ослын хамгийн гол буруутан гэгдээд буй түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Харин ослын үеэр хөлгөө орхин аврагдсан онгоцны ахмад И Жун Сук болоод багийн бусад хүнд холбогдох хэргийг шүүж, ахмад И-д 36 жил хоригдох ял оноосон бол ахлах инженерт 30 жил, бусад 13 хүнд 20 хүртэлх жилийн ял оноосон байна. Шүүх хурлын өмнө олон нийтийн дунд хөлгийн ахмадад цаазын ял оногдуулахаар төлөвлөж байгаа хэмээн яригдаж байсан ч ийнхүү 36 жилээр хоригдох ялаар шийтгэгдсэн юм.
Тав: Германчууд дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах XX тэмцээн Бразилийн 12 хотын найман цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдав. Дэлхийн аваргын төлөөх тоглолтонд Германы шигшээ баг Аргентины шигшээ багийг 1:0 харьцаатайгаар хожин, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо. Үндсэн цагт гоол оруулаагүй байсан хоёр баг нэмэлт цагт ширүүн өрсөлдөж, улмаар Германы шигшээ багийн хөлбөмбөгч Марио Готзегийн оруулсан ганцхан гоол тус багийг ийнхүү дэлхийн аварга болгов.
Мөн тус ДАШТ-ий 100 дахь гоолыг Бразилийн шигшээ багийн тамирчин Неймар Камеруны багийн хаалганд орууллаа. Тэрээр Хорват, Камеруны шигшээ багтай тоглож байхдаа хүчтэй тоглогч гэдгээ харуулж чадсан юм.
Зургаа: АНУ-ын цагаачлалын тухай хууль
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хууль бусаар хил зөрчих явдалтай эрс тэмцэх, АНУ-д хууль бусаар оршин сууж буй гэр бүлийг бус харин гэмт хэрэгт холбогдолтой хууль бус цагаачдыг албадан гаргахтай холбоотой цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Тус арга хэмжээ хэрэгжсэнээр хууль бус цагаачид гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ нотлон, АНУ-д оршин суусан үеийн татварыг бүрэн нөхөн төлсөн байх шаардлагатай болж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан цагаачлалын шинэ хуульд дээр дурдсан арга хэмжээнээс гадна АНУ-ын цагаачлалын болон цагаачлалын бус визийн олголттой холбоотой үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлж улам боловсронгуй болгох, визийн мэдээллийг товч тодорхой болгох, шаардлагад нийцсэн мэргэшилтэй гадаадын иргэдэд олгох визийн тоог өсгөх замаар шинэ ажлын байр нэмэгдүүлэх, АНУ-ын эдийн засагт хувь нэмэр оруулах зэрэг заалт багтаж байна.
Улмаар АНУ-ын байнгын оршин суугчдад АНУ-ын түүх, соёлын боловсрол олгоход түлхүү анхаарч, иргэн болох төлөвлөгөөтэй байнгын оршин суугчдад олгох иргэний болон хэлний сургалтыг олшруулж, сайжруулах, иргэншил авах өргөдлийн хураамжийг онлайнаар төлөх боломжтой болгох зэрэг шинэчлэлүүд хийгдэхээр болсон явдал юм.
Долоо: Үхэл дагуулагч Исламийн бүлэглэл европчуудаар эгнээгээ өргөтгөв
Үймээн самууны хөлд талхлагдсан Сири болон Ирак дахь исламын босогчдын эгнээнд элссэн Европчуудын тоо гурван мянга давж өссөн гэх Европын Холбооны терроризмын асуудал хариуцсан зохицуулагч Гиллес де Керчовын мэдэгдэл шуугиан тарив.
АНУ тэргүүтэй холбоотон орнууд энэ оны наймдугаар сараас хойш Исламын Улс гэж өөрсдийгөө тунхагласан Ирак дахь суннитын зэвсэгт бүлэглэлийнхэнд агаараас 200 орчим удаа цохилт өгсөн бөгөөд Сири дэх тэдний байршлуудыг бөмбөгдөв. Тус бүлэглэл нь сүүлийн хэдэн сарын хугацаанд Сири, Иракийн газар нутгийн томоохон хэсгийг хяналтандаа аваад байгаа бөгөөд АНУ-ын Тагнуулын Төв Газрын тооцоолсноор Сири, Ирак дахь тэдгээр босогчдын эгнээнд нэгдсэн хүний тоо 31 мянгад хүрсэн байх магадлалтай юм.
Найм: Хятадын эрх баригчдад сануулга өгсөн шүхэртэй жагсаал
Энэ оны есдүгээр сарын сүүлчээр Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн удирдлагыг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьснаас үүдэн Хонгконгийн иргэд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн билээ. Хонгконгийн Засгийн газар болон ардчиллыг дэмжигчид тус жагсаалыг зогсоох албан ёсны яриа хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдээд байсан ч өдгөө хүртэл шийдвэрлэх тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Жагсаал өрнөснөөс хойших хугацаанд Хонгконгийн цагдаа болон жагсагчдын хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарч, нийт 200 гаруй хүн бэртэж, гэмтээд байгаа гэж холбогдох албаныхан мэдэгдээд байгаа.
Ес: "Yahoo" компанийг дарамтлаж байсан ноцтой баримт илчлэгдэв
2008 оноос АНУ-ын Засгийн газар “Yahoo” компанийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг өгөхийг шаардаж ихээхэн хэмжээний торгууль тавина хэмээн дарамталж байсан баримтыг өнгөрсөн есдүгээр сард Гадаадын тагнуулын ажиглалтын шүүх илчиллээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дээрх шаардлагад дургүй байсан интернэт компаниудыг хэрхэн дарамталж тохиролцсоныг илчлэх ноцтой баримт ийнхүү илчлэгдсэнээр дэлхий нийтээр дахин шуугиан тарилаа.
Иргэдийг тагнах энэ үйлдлийг эсэргүүцсэн "Yahoo" компани шүүхэд гомдол гаргаад давж заалдсан хэдий ч амжилтад хүрээгүй гэдгийг тус компанийн ерөнхий зөвлөх Рон Белл мэдэгдсэн. Тэрбээр хэрэглэгчдийнхээ хувийн нууц мэдээллийг хамгаалах нь хууль ёсны үйлдэл хэмээн үзэж Гадаадын тагнуулын ажиглалтын шүүхэд дахин гомдол гаргасан аж. “Yahoo” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах энэ тэмцлээ цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
Арав: Пакистаны Пешиварт болсон эмгэнэлт явдал
Арванхоёрдугаар сарын 16-ны өглөө Пакистаны Пешевар хотын нэгэн дунд сургууль руу автомат буу, гранат болон тэсрэх бөмбөг бэхэлсэн амиа хорлогчийн бүс зэргээр зэвсэглэсэн этгээдүүд халдан, бага насны хүүхэд голчлон 500 гаруй хүнийг барьцаалсан хэрэг гарав. Барьцаалагч этгээдүүд хэт даврагч "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэлийн гишүүд байжээ. Улмаар тус сургуульд гурван удаа хүчтэй дэлбэрэлт болж, сургууль тэр чигтээ нурснаас 140 гаруй хүн амиа алдаж, 245 гаруй хүн хүнд шархадсан. Амиа алдагсдын дотор 100 гаруй бага насны хүүхэд байв. Хууль сахиулагчдын зүгээс явуулсан барьцаалагсдыг устгах арга хэмжээний үеэр тус сургуульд халдсан зургаан этгээдийн нэг нь өөрөө өөрийгөө дэлбэлж, хоёр нь цагдаа, цэргийн хүчнийхний гарт амиа алдаж, гурав нь баригджээ.
2014 оны дэлхийг донсолгосон онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 4187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.