Шууд Chart

Төмөр замаа хэн нь барих вэ...

2015-02-05 16:41:16

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам барьж байж, энэ ордын нүүрсийг Хятадын төдийгүй, дэлхийн зах зээлд хямд өртгөөр хүргэх бололцоотой. Гэтэл манай улс санхүүжилтгүйн улмаас энэ төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулах шийдвэр хэдэнтээ гаргасан ч Үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж энэ тогтоолуудыг хэдэнтээ няцааж багагүй хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаа хэн барих нь тодорхойгүй явсаар долоон жилийн нүүр үзэж байна. Уг нь “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг дотоодын “Энержи ресурс” компанид 2008 онд олгож байсан юм. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү...

Гэвч Засгийн газар 2010 оны арваннэгдүгээр сарын гурванд 283-р тогтоол гаргаж, “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 киллометр төмөр замын суурь бүтцийг  барих тусгай зөвшөөрлийг  “Монголын төмөр зам”-д шилжүүлсэн байна. Энэ тогтоолд Тавантолгойн ордыг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдад төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх санал боловсруулах тухай ч давхар тусгаж өгсөн байгаа юм. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү... 

Өөрөөр хэлбэл, “Ухаанхудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид шилжүүлсэн ч Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодормогц тэдэнд холбогдох хуулийн дагуу шилжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм.  Гэвч Тавантолгойн Баруун цанхийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер удааширсан учраас Засгийн газар 2012 оны тавдугаар сарын 9-нд 161 тоот тогтоол гаргаж,  “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээг “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулах зөвшөөрөл олгожээ. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү...

Ингэж л “Энержи ресурс” компани 2008 онд эхэлсэн ажлаа дахин үргэлжлүүлэх боломжтой  болжээ. Гэвч Засгийн газар 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 тоот тогтоол гаргаж, “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулсан концессийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү...

Энэ даруй төслийн хөрөнгө оруулалтыг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж “Энержи ресурс” компани “Ухаанхудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замд 2008-2012 онд 93.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх дүгнэлт гаргажээ.  Гэхдээ үүнийг тус компанид буцааж өгөлгүйгээр концессын гэрээг цуцласан байгаа юм.  Шалтгаан нь уг компанийг шинэ төмөр зам төслийн 49 хувьд оруулах нөхцөл тавьсантай холбоотой гэнэ.  Тодруулбал, “Энержи ресурс”, “Энержи ресурс рейл” компаниудын төмөр замд оруулсан хөрөнгийг “Шинэ төмөр зам” тусгай зориулалтын компанид оруулж хувьцаа эзэмшүүлэх, эсвэл буцаан олгох нөхцөл тавьсан байна.

Улмаар 2013 оны хоёрдугаар сарын 28-нд “Шинэ төмөр зам” тусгай зориулалтын компани байгуулж, 49 хувийг нь эзэмших гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендер олон улсад нээлттэй зарлажээ.  Энэ тендерийн хураангуй жагсаалтад 10 компани тунаж үлдсэний нэг нь “Энержи ресурс” компани гэгдэж буй. Хэрэв тус компани шинэ төмөр замд хөрөнгө оруулна гэвэл хувьцаа эзэмшүүлнэ. Харин оруулахгүй гэвэл мөнгийг нь буцаан олгохоор төлөвлөсөн байсан гэсэн үг. Гэвч хэлэлцээр шийдэгдээгүй байгаа учраас тус компанийн төмөр замд оруулсан хөрөнгийг буцаан олголгүй явж иржээ.

Харин төмөр замын ажлыг Монголын төмөр зам компани цааш үргэлжлүүлсэн байгаа юм. Ингэхдээ “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын санхүүжилтэд өнгөрсөн хугацаанд Чингис бондоос 212 сая ам.доллар зарцуулсан байна. Үүгээр “Samsung C&T” компани барилгын ажлыг  үргэлжлүүлж, төмөр замын газар шорооны ажлыг 90 хувьд, нийт төслийг 50 хувьд хүргэсэн талаар  “Монголын төмөр зам” компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ манайд дараах мэдээллийг өгсөн юм. Ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу. 

Ийнхүү хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж эхэлсэн төмөр замыг төрийн өмчит компани үргэлжлүүлж байна. Гэтэл Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд “Тавантолгойн арга хэмжээний тухай” 268-р тогтоол гаргаж, Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, тэдний хөрөнгөөр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулахаар тогтсон. Энэ дагуу Тавантолгойн хөрөнгө оруулагчаар  “Энержи ресурс”, “Шэнхуа энержи”, “Сумитомо” компаниудыг сонгон шалгаруулж, тэдний хөрөнгөөр уг төмөр замыг бариулах хэлэлцээр явагдаж байгаа юм. Засгийн газрын өнгөрсөн оны 268-р тогтоол ёсоор тэд өөрсдийн хөрөнгөөр  “Тавантолгой – Гашуунсухайт” чиглэлийн 267 киллометр төмөр замыг барьж, 30 жилийн дараа  суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх ёстой. Эндээс тус тогтоолыг бүрэн эхээр нь үзнэ үү...

Харин үүнийг УИХ-ын дарга З.Энхболд шүүмжилж буй. Тэрбээр саяхан нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Суурь бүтцийн 51 хувь нь төрийн мэдэлд байна, бүх хүнд нээлттэй, нэг тарифаар үйлчилнэ гэсэн хуультай учраас Тавантолгойн төмөр замыг “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шэнхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй”  гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм. Түүний  ярилцлагыг  бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.     

Харин Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М. Энхсайхан “  “Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн 267 киллометр төмөр замыг барихад 1.2 орчим тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний 51 хувийг төр өмчилбөл, 600 орчим сая ам.доллар гаргах хэрэгтэй болох нь. Энэ мөнгийг гаргах бололцоо манай улсад байхгүй учраас хуулийн бусад заалтыг ашиглаж, төмөр замаа хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулж, тодорхой хугацааны дараа 51 хувийг нь төр авах нь оновчтой гэж мэдэгдэв.  Ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.

Ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай шийдвэрлэх хэлэлцээр хийж байхад төрийн түшээд төмөр замын асуудал дээрээ нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй дахиад л хоёр тал болчихлоо. Улстөрчид өнгөрсөн долоон жилийн хугацаанд энэ мэт нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүйн улмаас нэг тогтоолоос нөгөө тогтоолын хооронд төмөр зам удааширсан гашуун туршлага бидэнд бий. Тиймээс цаашид үүнийгээ нэг мөр болгохын тулд улстөрчид нэгдсэн ойлголцол хүрэхийн зэрэгцээ “Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн төмөр замд үйлчилж байгаа тогтоолуудаа цэгцлэх шаардлага байгаа юм.

Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 121-р тогтоол, 2014 онд 268-р тогтоол хоёулаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас "Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг хэн барихыг улам тодорхойгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, 121-р тогтоолд зааснаар Монголын төмөр зам компани, 268-р тогтоолд зааснаар хөрөнгө оруулагчид барих ёстой мэт хоёрдмол ойлголтыг бий болгоод байна. Тиймээс энэ хоёр тогтоолын аль нэгийг хүчингүй болгож, төмөр замаа хэн барихаа тодорхой болгож, энэ ажлыг урагшлуулж байж, Тавантолгойн нүүрсийг Хятадын төдийгүй, дэлхийн зах зээлд хямд өртгөөр хүргэх бололцоотой болно.

Нийтэлсэн: А.Энхтуул

Төмөр замаа хэн нь барих вэ...   
Үзсэн: 5418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-02-09 10:31
Sain ishlej tsugluulsan bna. Yu bolood bgaag ni oilgohod heregtei l niitlel bna uul ni
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-02-06 20:51
Tomor zamyg hen barih ni setguulch avligachidad hamaagui zuil. ta naryn medleg dutana.

Бидэнтэй нэгдээрэй