НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Чип төслийн хүрээнд нийслэлийн Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинд дулаалга хийгээд байна.
Тус айлуудыг ирэх 11 дүгээр сарын 15-наас төвийн хийн хангамжид холбох ажлыг төлөвлөсөн.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин өнөөдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн айл өрхийн сэтгэл ханамж болон хагас коксон түлшний хэрэглээ, зөв галлагааны байдалтай газар дээр нь танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар иргэд сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлш, угааж баяжуулсан мидлинг гэсэн гурван төрлийн түлш хэрэглэж байна. 12 дугаар сараас эхлэн хагас коксон түлшийг дангаар нь хэрэглэх бөгөөд энэ үеэс нийслэлийн агаарын бохирдлын судалгааг өнгөрсөн жилтэй харьцуулан гаргаж, олон нийтэд мэдээлнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол 5–10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Уг судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хийж байгаа. Мөн 122 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулж, нэмэлтээр 45 мянган мэдрэгчийг худалдан авах ажил үргэлжилж байна. Угаар илрэхэд мэдээлэл 3–5 секундийн дотор Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд очдог. Гэрээт ажилтнууд тухайн айл руу холбогдож мэдээлэл өгч байна. Хэрэв утсаа аваагүй тохиолдолд хамгийн ойр байгаа ажилтнууд 5–7 минутын дотор очиж тусламж үзүүлж байна. Иргэдийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, зөв галлагаа хийж, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэлээ.

Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Э.Батзолбоо “Манайх гэрээ байгуулан Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн. Энэхүү дулаалга нь цас, борооноос хамгаалсан синтепон, бэрзэнтин бүрээс бүхий бүтэн хучилттай. Өмнө нь гэрийн хаяагаа дулаалсан ч дулаан алддаг байсан бол энэ жил маш дулаахан байна. Цас орсон өдрүүдэд бүрээс ус, чийг нэвтрүүлээгүй. Цонхны агаар сэлгэлт хийж өгсөн нь угаартах эрсдэлээс сэргийлж байна. Манайх хагас коксон түлш түлж байгаа. Эхэндээ түлэх аргаа мэдэхгүй байсан ч модоо ахиухан хийснээр сайн асаж, утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалдаг. Хүйтэн өдөр хоёр хувин, дулаан өдөр нэг хувин түлш түлж байна. Нийслэлээс иргэдийнхээ төлөө утаа багатай түлш нэвтрүүлж, гэр, байшинг нь дулаалж байгаад талархаж байна. Иргэд бид өөрсдөө гэрийн дулаалга, битүүмжлэлийг сайн хийж, зөв галлагааны горимоор галаа түлж, агаар сэлгэлт хийх, угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгах хэрэгтэй юм байна” гэв.

П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хийн хангамжийн инженер П.Анхбаяр “Галлагаа хийхийн өмнө зуухаа сайтар цэвэрлэж, зөв галлагааны горимоор түлэх нь чухал. Төслийн зуух доош соролттой бүтэцтэй тул түлш хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна. Мөн зуухны арын салхивчийг нээлттэй байлгах хэрэгтэй. Түүнчлэн зарим айл угаар мэдрэгчээ унтраах, үүдэндээ гаргаж тавих тохиолдол гарч байна. Угаар мэдрэгчийн ажиллагаа өмнөх жилүүдээс сайжирсан тул дохиолол өгөхөд нь унтраалгүй, байнга асаалттай байлгаж, угаартах эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэлээ.



| А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна | ||
| Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.