Шууд Chart

Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

2025-11-04 11:11:54

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-д ажиллалаа. 

"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 115 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.

10 дугаар сард "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-д 22700 дуудлага иржээ.

Тус төвийнхөн угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг.

Үүнээс 1600 дуудлагад хяналтын ажилтан газар дээр нь очиж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Бид НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран харьцуулсан судалгаа хийж байгаа. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 3-4 хэм хүйтэн, хур тунадас 2-3 мм бага байна. Агаарын бохирдол өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-15 хувиар бага. Тэр дундаа тоос тоосонцор 10 хувиар бага байна. Хүхрийн хий болон угаарын хийн ялгаралт өнгөрсөн онтой харьцуулахад 20-25 хувиар бага байна. Цас ороод хүйтрээд эхлэхээр агаарын бохирдол ямар байхыг мөн бид судлаад мэдээлэх болно. 45 мянган ухаалаг мэдрэгчийг айлуудад суурилуулж нэгдсэн системд холбоно. Оноос өмнө 172 мянган айлаа холбоно” гэлээ.

"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-ийн дэлгэцийн оператор Э.Цогболд “11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 400 гаруй дуудлага ирсэн. Үүнээс засварын дуудлага 16 иржээ. Бид ханан пийшин, нам даралтын зуухыг хөөлөх үйлчилгээ үзүүлдэг. Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй. Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлдэг. Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөе. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол нь агаар сэлгэхийг зөвлөе” гэлээ.


Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй