Шууд Chart

Б.Галсансүхийг Меделлиний олон улсын яруу найргийн наадамд урьжээ

2015-03-27 11:37:07

Колумбын Меделлин хотноо болдог олон улсын яруу найргийн наадамд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч Б.Галсансүхийг урьжээ. Наадам ирэх долоодугаар сарын 11-18-нд болох аж. 

Энэ наадамд 2001 онд Чинагийн Галсан оролцож байсан юм. Дэлхийн яруу найргийн наадмууд дотор чансаа өндөртэй Меделлиний яруу найргийн наадмыг анх 1991 онд дэлхий нийтийг нөмрөн буй айдас, гэмт хэргийн эсрэг хүн төрөлхтний сэтгэлийн гэгээ болсон яруу найргийг түгээн сурталчлах зорилгоор санаачилснаас хойш 25 дахь жилдээ зохиож байгаа аж.

2006 онд Швейцарийн Засгийн газраас уг наадамд Нобельтой дүйцэх шагналыг хүртээсэн бол 2009 онд Колумбын Засгийн газраас Үндэсний соёлын өв хэмээн тунхагласан байна.

Уг наадам таван тивийн 150 гаруй орны 1200 яруу найрагчийг хамруулжээ. 2011 онд болсон наадмын үеэр Олон улсын яруу найргийн наадмын дэлхийн чуулга уулзалтыг зохион байгуулсан нь дэлхийн яруу найргийн хөдөлгөөн болон хүрээгээ тэлжээ.

Эдүгээ 104 олон улсын яруу найргийн наадам, 70 олон улсын яруу найргийн төсөл, 120 улс орны 630 яруу найрагч хамрагдаад байна. Меделлиний олон улсын яруу найргийн наадмын хүрээнд“Колумб дахь Энх тайвны төлөөх Дэлхийн яруу найргийн II чуулга уулзалт”, “Меделлиний олон улсын яруу найргийн 19 дүгээр сургалт”, “Яруу найргийн сургууль, сургалтын захирлуудын олон улсын уулзалт”, “Дэлхийн яруу найргийн хөдөлгөөний тив, улсууд дахь үндэсний зохицуулагчдын уулзалт”, “Дэлхийн залуу яруу найрагчдын хурал” болон“Олон улсын яруу найргийн орчуулагчдын уулзалт” зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж. Мөн наадмын хүрээнд утга зохиол, яруу найраг, урлаг, уран сайхны нийт 150 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Прометео” яруу найргийн сэтгүүлийн 102 дахь тусгай дугаарыг наадамд оролцогч 40 орны 100 гаруй найрагчдын бүтээлээр гаргах бөгөөд 25 жилийн ойг тохиолдуулан оролцсон 150 улс орны яруу найрагчдын бүтээлээр “Дэлхийн яруу найргийн эмхэтгэл” хэвлэн гаргах аж. ,

Меделлиний наадмыг зохион байгуулагчдын зүгээс зочин оролцогчдоо ивээн тэтгэгч олоход туслах зорилгоор замын зардлыг ивээн тэтгэсэн байгууллагын лого тэмдгийг уг наадмын үеэр тараах 300,000 хэвлэмэл материалд байршуулах, ивээн тэтгэхийг хүссэн албан бичиг уг наадмын нэрийн өмнөөс илгээх зэргээр тодорхой дэмжлэг үзүүлдэг байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Б.Галсансүхийг Меделлиний олон улсын яруу найргийн наадамд урьжээ  
Үзсэн: 1829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй