Шууд Chart

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллав

2015-03-31 09:40:30

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллалаа.

Булган, Үенч, Алтай сумдад шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон тул тэрбээр бусад бүх сумдад хүрч орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож, өнгөрсөн онуудад хийсэн ажлаа тайлагнан, байнгын хороогоор хэлэлцэгдэн УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудыг сурталчлан танилцуулж, цаашид аймаг орон нутгийн тулгамдсан ямар асуудалд анхааран ажиллах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.


Орон нутгийн оршин суугчид "Малын хулгай ихээхэн газар авлаа. Аймаг болон сумдын Засаг дарга нарыг ард иргэд нь өөрсдөө сонгож байя. Өндөр уулын бүсэд амьдардаг малчдаа дэмжээд мал төллөх үеэр сурагчдыг амраавал сайн байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тэтгэмжийг ялгавартай өгч байна. Тэтгэврийн зөрүүг арилгамаар байна гэсэн санал, хүсэлтийг нийтлэг тавьж, аймаг орон нутаг хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа"-гаа илэрхийлж байлаа.   
Д.Батцогт даргад хандаж Ховд аймгийн Зэрэг сумынхан малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлнэ үү, сургуулийн заал шаардлага хангахгүй байна зэрэг асуудлуудыг хэлсэн бол Дарви суманд ирвэс өсч айлын мал руу дайрч байна гэсэн гомдол хэлж байв. Байнгын хорооны дарга Д.Батцогт “Бид ирвэсийн тухайд маш нухацтай бодох, зөв хөдлөх ёстой.  Өссөн гээд устгаад байж болохгүй. Харин ирвэсээ аялал жуулчлалын чиглэлээр ашиглан бас нэгэн орлогын эх үүсвэр болгох шаардагатай” гэсэн юм.
Энэ үеэр Д.Батцогт гишүүн Хөшөөтийн үйлдвэртэй танилцаж, тус тосгоны иргэдтэй уулзсан. Иргэд “Бид нүүрсний уурхайн хажууд амьдарч байж нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр худалдан авч байна. Үйлдвэрийн тоосжилтоос шалтгаалан цэвэр агааргүй болж, малынхаа гэдэс дотрыг идэх аргагүй болсон. Цалин буухгүй удаж байна. Хятад дарга нартай нь ойлголцож чадахгүй байна” зэрэг санал, гомдол илэрхийлэв. Иргэдтэй уулзсаныхаа дараа гишүүн тус уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын удирдлагуудтай уулзаж, шаардлага тавьсан юм.
 
Цаашлаад Мөст сумын дэд бүтцийг сайжруулан, цаашдын хөгжилд анхааран ажиллахаар болж, иргэдийн санал бодлыг сонсож ярилцсан юм.  
Харин Эрдэнэбүрэн сумын тухайд Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах болсон нь Ховд аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих томоохон суурь тавигдаж байгаа ажээ.
Мөн тус аймгийн нь Баруун бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн эмч нар болон аймаг орон нутгийн мэргэжлийн эмч нарийн дунд "Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль"-ийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, мөн тус хорооны ахлах зөвлөл Л.Лхагвасүрэн, Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрүүл мэндийн ажилчид оролцон санал бодлоо солилцож, Эрүүл мэндийн салбарын хөгжилд томоохон түлхэц болохуйц санал шүүмжүүдийг авсан юм. “Хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдээ дэмжихгүй бол нийгмийн хангамж муутайгаас болоод нарийн мэргэжлийн эмч нар дутмаг болжээ. Эмчлэх эрхээ авахын тулд олон жил сурч цаашлаад арав ба түүнээс дээш жил ажиллаж байтал тэтгэвэртээ гарах нас нь болчихно”, “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд сувилагч нарийн чадварыг сайжруулах хэрэгтэй”, “Өрхийн эмнэлэгт стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүд дутмаг байна” гэсэн бөгөөд Ховд аймгийн эмнэлэг өндөр ачаалалтай ажиллаж байгааг ч энд дурдаж байлаа.
 
 
Байнгын хорооны дарга Д.Батцогт “Эрүүл мэндийн салбар нь бусад салбараа бодвол хоцронгуй яваа тул зах зээлтэй нь холбох асуудал их байна. Бид Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль өргөн барьж байгаа учир батлагдах юм бол манай улсын төрийн өмчийн засаглалын хууль тодорхой болох юм. Аль нам засаг барихаас шалтгаалж эмнэлгийн дарга нар шинээр томилогддог. Тэгэхээр нэг дарга удаан ажиллаж чадахгүй болдог. Энэ нь эрүүл мэндийн салбарын  хөгжлийг удаашруулдаг гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл бид засаглалын асуудлыг шийдэж нэг дарга нь тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн эмнэлгийн удирдлагуудад санхүүгийн эрх мэдэл, боловсролын эрх мэдлийг бүрэн өгөх юм. Улсын эмнэлэг нь хувийн эмнэлэг шиг өөрөө бие даан хөгжих давуу талтай. Бид энэхүү хуультай холбоотой хэлэлцүүлгийг анхан шатнаас нь эхлэн орон нутагт буюу сум, багийн эмч нарыг хамруулан зохион байгуулж байна. Цаашлаад энэ хэлэлцүүлэгт яригдсан саналуудыг бид хуулийн төсөлд суулгах тал дээр арга хэмжээ авч ажиллана” гэдгээ хэлсэн.
 
Тус аймгийн ихэнх сумдад тулгамдаад байгаа бас нэг асуудал нь “Хийд дуган”-д лам байхгүй учир орон нутагтаа лам залж ажиллуулах, нутгийн хүүхдүүдээс хийдэд шавилан суулгах ажлыг эрчимжүүлэн дэмжих тухай байв. Нутгийн иргэд мэргэжлийн залуу боловсон хүчин дутуу байгааг энд мөн онцлон сануулж байсан юм. Тойргийн гишүүнээ тойрогтоо тогтмол ажиллаж, ард түмнийхээ санал бодлыг сонсон эргэх холбоотой байгаад Ховд аймгийн иргэд баяртайгаар хүлээн авч байсан юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллав  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй