Шууд Chart

100 хувийн тэтгэлгээр Японд суралцагсад туршлагаа хуваалцав

2015-03-31 12:58:19

"Жайка"-гийн сургалт төгсөгчдийн Монголын холбоо бүх гишүүдийн хурлаа хийлээ. Тус холбоо "Жайка"-гийн шугамаар Японд төгссөн 780 гаруй гишүүддээ туршлагаа солилцон хамтран ажиллах, сурч мэдсэнээ бусдад түгээн үр дүнгээ хуваалцаж нөхөрлөх боломжийг олгон идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дэлхийн 25 оронд байх "Жайка"-гийн төгсөгчдийн холбоо 1000 гаруй төгсөгчдийг эгнээндээ нэгтгэдэг.

Эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, дэд бүтэц, хүнс, бизнес, ХАА, санхүүгийн салбараас японд суралцах боломыг "Жайка" олгодог юм байна. "Жайка"-гийн сургалт төгсөгчдийн Монголын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын хувьд 2008 онд "Жайка"-гийн шугамаар татварын хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалтанд хамрагдаж, 2000 онд байгуулагдсан монголын төгсөгчдийн холбооны гишүүн болсон гэнэ.
 
Сургалт төгсөгчдийн холбооны энэ удаагын бүх гишүүдийн хурлаар өнгөрсөн оны тайлан, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн японд суралцсан төгсөгчдийн шилдэг туршлагуудаас шалгаруулан урамшуулсан юм. Эрдэмтэн судлаачдын ажлыг шинэ шатанд гаргахад Японд суралцсан өдрүүд ихээхэн үр өгөөжөө өгснийг шилдэг суралцагсдын илтгэлээс харж болохоор байлаа. ШУТИС-ийн дэд профессор Ч.Цэнд-Аюушийн Уламжлалт цагаан идээнээс эерэг нөлөөтэй сүүн хүчлийн бактер илрүүлсэн тухай тайлан олны сонирхлыг татав. Японы сүүний үйлдвэрийн лабораторийг ашиглаж хийгдсэн туршилтаар хеликобактерийг дарангуйлах чадвартай сүүн хүчлийн бактер агуулсан исэг цагаан идээ нь химийн гаралтай дархлаа сайжруулах бэлдмэлээс хэд дахин илүү давуу чанартай болохыг илрүүлжээ.
 
Эрүүл мэндийн салбарт суралцагсдын шилдэг туршлагаар Улсын II төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Д.Нямсүрэнгийн илтгэлийг сонслоо. Японы эрүүл мэндийн системийн шинэ сувилагчийг сургах, чиг баримжаа олгох туршлагыг монголын эмнэлгүүдэд нэвтрүүлэх зорилгоор энэ чиглэлээр японд суралцсан төгсөгчид хамтран “Сувилахуйн удирдлага, манлайлал”сургалтыг зохион байгуулжээ. Эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчийг дотны хүн шигээ асардаг японы туршлагыг нэвтрүүлэх үүднээс шинэ сувилагчид зориулсан ном, гарын авлагыг олгодог япон аргыг 2010 онд төгсөж ирснээсээ хойш Д.Нямсүрэн эмнэлэг дээрээ хэрэгжүүлж байгаа гэлээ.
 
Боловсролын салбараас Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаярын туршлагыг онцолсон байлаа. Тэрээр 2008 онд цэцэрлэгийн багш байхдаа японд суралцаж ирснээсээ хойш японы цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглонгоо суралцах арга, эх орноороо бахархах үзлийг багаас нь төлөвшүүлэх гээд шилдэг туршлагыг монголдоо нэвтрүүлэхээр тасралтгүй ажилласаар, одоо бодлого боловсруулах түвшинд ажиллах болсон байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

100 хувийн тэтгэлгээр Японд суралцагсад туршлагаа хуваалцав   
Үзсэн: 2532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй