Шууд Chart

“Ариун хаврын тахилга” тун удахгүй

2015-04-10 15:17:28

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна.

Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм.

И.Ф.Стравинскийн Ариун хаврын тахилга балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ.

Уг балет “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар үхэх тавилан оноогдсон бүсгүйн “Агуу их-ариун бүжиг”-ээр төгсөнө.

Ариун хаврын тахилга балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжимшинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм.

Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулна.

"Ариун хаврын тахилга" этно балетын уран бүтээлчид:
Найруулагч - Олег Юмов /ОХ-ны Буриад улсын төрийн шагналт/
Уран сайхны удирдагч - Р.Мөнхсайхан /МУСТА/
Хөгжмийн найруулга- хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /МУСТА/
Бүжиг дэглээч - Д.Энхгэрэл /МУСТА/
Удирдаач - Н.Туулайхүү /МУУГЗ/
Туслах найруулагч - П.Урнаа /МУСТА/
Хувцас, дизайн – Б.Баярцэцэг
Дизайнер - А.Дөлгөөн
Тайзны зураач - Д.Одгэрэл
Менежер – Л.Одгэрэл, Х.Болорбат
“Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал
“Улаанбаатар” чуулгын бүжигчид
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ариун хаврын тахилга” тун удахгүй  
Үзсэн: 1987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй